Ч.Насантогтох багш сайн дураар ажлаа өглөө
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ч.Насантогтох багшийг дасгалжуулагчийн албанаас чөлөөлөх, эс чөлөөлөх асуудал сүүлийн үед албаны түвшинд яригдаж эхэлсэн. Дөнгөж саяхан БТСГ-т үүнтэй холбоотой хуралдах тов гарсан бөгөөд хурлын өмнөхөн Ч.Насантогтох дасгалжуулагч өөрийн хүсэлтээр шигшээ багийн дасгалжуулагчийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өргөдлөөр гаргасан байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох өчигдөр БТСГ болон Үндэсний шигшээ багийн удирдлагад гаргасан гэнэ. Олимпийн өмнөх жил шигшээ багийн дасгалжуулагчийг солих нь зөв үү буруу юу гэсэн асуулт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ихээр гарсан.
Үүний хариултыг БТСГ олон нийтэд мэдээлэхээс өмнө ийнхүү ардын багш, хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох ил болголоо.
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийг сүүлийн хэдэн жил удирдаж, олимп, дэлхийн аваргуудыг Монгол Улсад төрүүлж өгсөн Ч.Насантогтох багшид цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
URL: