Т.Лхагвасүмбэрэл агсны хэрэгт Ж.Отгонцэцэг прокурор хяналт тавьж байна

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич мэргэжилтэй Т.Лхагвасүмбэрэл гэгч залуу учир битүүлгээр амиа алдсан билээ. Талийгаачийг амиа хорлосон гэх дүгнэлтийг шүүх эмнэлэг болон цагдаагийн байгууллагаас гаргаж, олон нийтэд мэдээлсэн. Харин түүний ар гэрийнхэн болон хохирогчийн өмгөөлөгчид хариу дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, хэн нэгний захиалгаар амийг нь хөнөөлгөсөн хэмээн хардан, хэргийн үнэн зөвийг олж, хэргийг илрүүлж, цаад эзнийг нь олох ёстой хэмээн хуулийн байгууллагад хандсан байгаа.

Талийгаач залуу өмнө нь гурван удаа халдлагад өртсөн төдийгүй дарамт шахалтад байдаг байсан талаар ажлын хамт олон болон ар гэрийнхэн нь яриад байгаа юм. Тиймээс ямар нэгэн шалтгаан байгаад амийг нь хохироосон байж магадгүй хэмээн үзэж байгаа юм.

Харин энэ хэргийг УМБГ-т шалгаж байгаа бөгөөд хэрэгт Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Ж.Отгонцэцэг хяналт тавьж байна. Тэрбээр хавтаст хэргийн шалгалтын явц хэрхэн явагдаж байгаа талаар цагаан сарын өмнө Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд танилцуулжээ.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих