ДЭМБ: МОНГОЛЫН НИЙСЛЭЛ ХАМГИЙН БОХИР АГААРТАЙ ХОТУУДЫН НЭГ
Иран, Энэтхэг, Пакистан, Монголын хотуудын агаар хамгийн ихээр бохирдсон бол АНУ болон Канадын хотууд хамгийн цэвэр агаартайд тооцогдож байгааг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ явуулсан судалгааны дүн харуулж байна. Судалгаанд дэлхийн 91 орны 1 100 орчим хотыг хамруулсан бөгөөд ингэхдээ агаарт байдаг 10 микрометрээс бага хэмжээтэй тоосонцорын хэмжээ буюу PM10 гэдэг үзүүлэлтийг хот тус бүр дээр тодорхойлсон байна.
Тухайлбал, Ираны Авхаз гэдэг хотын агаарт 10 микрометрээс бага хэмжээтэй тоосонцор хамгийн их хэмжээгээр агуулагддаг буюу РМ10-ын жилийн дундаж үзүүлэлт нь нэг шоо метр талбайд 372 микрограмм /мкг/ байна. Харин Монголын нийслэл Улаанбаатар хотын хувьд дээрх үзүүлэлт 279 мкг, Ираны Санандаж хотод 254 мкг байгаа нь дэлхийн хамгийн бохир агаартай хотуудад тооцогдож байгаа юм. Түүнчлэн, Пакистаны Куэтта, Энэтхэгийн Канпур болон Ботсван улсын нийслэл Габороне хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолттой хотуудын тоонд оржээ. Агаарын бохирдолт нь асар хурдтай явагдаж буй үйлдвэржилтээс гадна тээврийн хэрэгсэл болон цахилгаан станцуудад чанар муутай түлш хэрэглэж байгаатай холбоотой гэж ДЭМБ үзэж байна.
РМ10-ийн хэмжээ 20 мкг-аас дээш гарсан тохиолдолд хүний амьсгалын замын эрхтний үйл ажиллагаанд ноцтойгоор нөлөөлдөг гэдгийг ДЭМБ анхааруулж байгаа юм. Бохирдолтын гол эх үүсвэр нь цахилгаан станц, автомашинаас ялгарч буй хүхрийн болон азотын давхар исэл ажээ.
Агаарын бохирдлын улмаас дэлхий даяар жилд 1 сая 340 мянган хүн нас барж байна. Харин Канад, АНУ-ын хотуудад хүн амын нягтшил бага, тааламжтай цаг агаартай, мөн агаарын бохирдлыг хянах хатуу чанд зохицуулалттай учраас агаар нь хамгийн цэвэр байдаг байна. Тухайлбал, Канадын Юкон мужийн нийслэл Уайтхорс хотод РМ10-ын жилийн дундаж үзүүлэлт нэг шоо метрт 3 микрограмм байгаа нь дэлхийн хамгийн цэвэр агаартай хот гэсэн үг юм. АНУ-ын Нью-Мехико муж улсын Санта-Фе хотын хувьд уг үзүүлэлт 6 мкг байна. Сонирхуулахад, Вашингтон хотод дээрх үзүүлэлт 18 мкг, Токиод 23 мкг, Парист 38 мкг байдаг ажээ.
Б.Адъяахүү
MONTSAME
URL: