Цэц маргааныг эцэслэн шийдвэрлэнэ

Шүүх байгуулах тухай хуулиар, иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг тус тус байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон боловч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх; 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаас дүгнэсэн билээ.Мөн уг маргаантай агуулгын хувьд адил маргааныг хянаж эцэслэн шийдвэрлэсэн  Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02, 2015 оны  01 дүгээр тогтоол тус тус хүчин төгөлдөр байгаа болохыг мөн Үндсэн хуулийн цэц дүгнэж байв.

Дээрх  дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал  хэлэлцээд тогтоолоор хүлээн зөвшөөрөхөөр шийдвэрлэсэн боловч түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьжээ.Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд түүнийг хүлээн авч  холбогдох тогтоолоо Үндсэн хуулийн цэцэд ирүүлээд байна.Иймд Монгол Улсын Их Хурлаас баталсан Шүүх байгуулах тухай хуулийн  зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр болсон байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих