Намрын огцом уналт улстөрчдийг даруулгатай байхыг сануулж байна
Дэлхийн хөрөнгийн захууд энэ сарын 22-ны өдөр буюу өнгөрөгч долоо хоногт 2011 оны намрын онц ноцтой хямралыг үзэж, Америк, Европ, Азийн биржүүдийн тэргүүлэх индексүүд бүгд унасан нь олон улсын шинжээчдийн амнаас гунигтай үгс унагахад хүргээд байгаатай зэрэгцэн зэс гэдэг улаан өнгөт металлын ханш уруудаад байна. 20 хүрэхгүй хоногийн өмнө буюу 7-ны өдөр 9070 ам.долларын ханштай байсан тонн зэс Лондоны бирж дээр 7790 ам.доллар болтлоо буурсан бол Блүүмберг бямба гарагт 7360 ам.доллар хэмээн дамжуулсан бол өнөөдөр 7334 ам.доллар гэж мэдээлж байна. Тэгэхээр зэсийн ханшийн уналт яахаараа таагүй мэдээ вэ гэдгийг тодорхой болгох үүднээс дурдах зүйл бий. Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас металл тэрдундаа зэсийн ханш унахад Монгол Улсын төсөв өндөр эрсдэлд орж болзошгүй гэдэг сэрэмжлүүлгийг энэ сарын 20-ны өдөр Олон Улсын Валютын Сангаас бидэнд өгсөн.
Учир нь Улсын төсөвт 90.0 орчим тэрбум төгрөгөөс доошгүй орлогыг төвлөрүүлэх үр ашигтай эрдэс баялгаар тодорсон хоёр ашигт малтмалын нэг нь зэс. Тэгэхээр зэсийн ханш ямар ч тохиолдолд бүү унаасай гэж залбирах нь зүйн хэрэг бөгөөд анхааруулга авсан 20-ны өдрийн Лондоны бирж дээрх 8415 ам.доллар гэсэн үнэлгээ мөнхийн биш гэдгийг өгүүлж байв. Өдгөө 8 мянган ам.доллараас уруудчихаад байгаа нь баталгаа юм. 2008 оны хямралын уршигаар зэсийн ханш мөлхөхөд улсын төсөвт том тоогоор тооцож оруулсан улстөрчдийн шийдвэр утгаа алдаж, хямралын өмнө сөхрөхгүйн тулд ОУВС зэргээс дэмлэг авч байв.
Харин одоо тийм нөхцөл байдал дахиад үүсэхгүй гэх баталгааг эдийн засагчид, шинжээчдийн судалгаа бидэнд өгч чадахгүй болчихоод байна. Америк, Европын эдийн засаг ази тивийн дэмээр үндсээрээ булгалагдахгүй оршин тогтноод байх мэт юм шиг ч, манай хоёр хөрш болоод Энэтхэг, Бразиль зэрэг улсууд нь дэлхийн эдийн засагт “амь тариа”-ны үүргийг хариуцлагатайгаар гүйцэтгэж чадах уу гэдэг асуулт зүй ёсоор гарч байгаа билээ.
Олонхи шинжээчид зах зээлд дүн шинжилгээ хийгээд таагүй үгс унагаж байхад, Америк, Европын нөхцөл байдал сайжраагүй ч, шинэ сөрөг мэдээлэл нэмж дуулдахгүй байгаа нь дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямрахгүйн нэг илэрхийлэл болов уу гэх зүйлийг ч ажиглагчид хэлж байлаа. Тэгвэл биржүүдийн энэ удаагийн уналт шинэ сөрөг мэдээ цөөнгүй дагууллаа.
Хэдийгээр өнөөдөр Америкийн биржийн Dow 0.35, S&P 500 0.61 Nasdaq 1.12 хувийн өсөлттэй, уналтын уршигаар таван хувийг алдаад байсан Европын индексүүд болох FTSE 100 0.50 хувь, DAХ 0.63 хувь, CAC 40 1.02 хувийн өсөлтүүдийг үзүүлээд байгаа ч Азийн биржийн индексүүд уналттай хэвээр байна. Гол нь энэ намрын огцом уналт эхлээд Азийн хөрөнгийн захуудыг нэрвэж улмаар Европыг тэгээд Америкийг дарангуйлж эхэлсэн билээ. Тэрчлэн өдгөө Америк, Европын захуудад нас богино байж мэдэх ч сэргэлт мэдрэгдээд байхад 9 хувийн уналтыг нуруун дээрээ үүрчихээд байгаа Азийн биржийн индексүүд хасах үзүүлэлттэй байна. Тухайлбал, Shanghai Composite 0.41 хувь, Nikkei 225 2.07 хувь, Hang Seng 1.36 хувь, Seoul Composite 5.73 хувиар гэхчлэн унасан үзүүлэлттэй байгаа юм.
Ерөөс дэлхий дахины эдийн засаг 2008 оны аравдугаар сараас бат ноттойгоор нэрвэгдэж асан санхүүгийн хямралтай дахин шинээр тулгарч болзошгүй бөгөөд тэр нь шинэ бэрхшээл байх нь гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдад хангалттай төрчихөөд байна. Америкийн Bank of America, Wells Fargo, Citigroup гэхчлэн томоохон банкуудын рейтингийг Moody”s 21-ний өдөр унагаасантай зэрэгцээд Хятадаас дэм хүсч буй Италийн Intesa Sanpaolo, Mediobanca зэрэг долоон банкны рейтингийг Standard & Poor”s унагасан нь Америк, Европын эдийн засгийн нөхцөл байдал таагүй байгааг илтгэнэ. АНУ-ын Холбооны нөөцийн сан эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ихээхэн хүндэрч гэрэл гэгээтэй зүйл бага байгааг албан ёсоор илэрхийлсэн нь дэлхийн зах зээл дээр алтны ханшийг унагасан нь анхаарал татсан асуудал байв. Зүй нь алт нь хеж буюу валютын ханшийн өөрчлөлтийг эрсдэлээс хамгаалах гол хэрэгсэл болдогийн хувьд ам.долларын гол валютуудтай харьцах ханш хаданд гарах тусам алтны ханшид асуудал гардаг. Гэтэл Америкийн нөхцөл байдал хүнд хэвээрээ үргэлжилж байгаа энэ үед Холбооны нөөцийн сангийн таагүй мэдэгдэл алтны ханшийг унагаж бямба гарагт унц алт 5.85 хувиар унасан үзүүлэлттэй байсан. Харин өнөөдөр унц алт 1,646.40 ам.доллар 0.54 хувийн өсөлтийг үзүүлжээ. Энэ нь эдийн засгийн нөхцөл амаргүй байгаа үед эерэг үзэгдэл бөгөөд зах зээлд оролцогчид болгоомжилсон хэвээр алтанд итгэл хүлээлгэж байгааг илтгэнэ.
Тэгэхээр дэлхийн эдийн засаг амар биш нөхцөл байдалд байгаа нь тодорхой байна. Шинэ долоо хоногт Азийн хөрөнгийн захууд сэргэх үү, аль эсвэл Америк, Европын биржүүд дэнжигнээд эхлэх үү гэдэг асуулт анхаарал татна. Хэрэв байдал хүнд хэвээрээ, бидний тухайд энгийнээр хэлэхэд зэсийн ханш унасаар байвал таагүй мэдээ хөврөх юм.
Манай улс энэ онд дэлхийн зах зээл дээр зэсийн үнийг 8425 ам.доллар байна гэсэн прогнозыг хийсэн бөгөөд 2011 оны Улсын төсөвтөө 5983.1 ам.доллар байхаар тооцож тусгасан юм. Энэ нь ОУВС-аас гаргасан 1998-2009 оны зэс, нүүрсний дундаж үнэ, “Bloomberg”-ээс мэдээлсэн зэс, нүүрсний үнийн 2010-2013 оны төсөөллийг дундажлан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан “төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох” тусгай шаардлагыг хангасан байхаар тооцож тусгасан үнэ. Дэлхийн зах зээл дээр 5983.1 ам.доллараас илүү үнээр борлогдоод байвал зөрүү нь Төсвийн Тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Тогтворжилтын санд төвлөрөх ёстой. Тэгж нөөцлөхөөр шийдвэрлэсэн юм. Гэтэл дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран эл металлын ханш ийн унаж байгаа нь илүү төсөвт тусгаснаас илүү гарсаныг нь хуримтлуулахаар зэхсэн бидэнд таагүй мэдээ. Тогтворжуулалтын санг дүүргэхээс гадна Улсын төсвийг дүүргэх үндсэн үүрэг нь алдагдах гээд байна. Ийм байхад улстөрчид төсөвтөө тодотгол хийж, урсгал зардал нэмэгдүүлнэ гэдэг тун эрсдэлтэй алхам болоод байгааг сануулахад илүүц болохгүй биз ээ.
Э.Болор
URL: