УИХ тарах нөхцөл бүрдэв үү?
УИХ тарчихсан юм биш үү, цаана чинь. Байнгын хороо, чуулганы хуралдаан болохгүй. Гишүүд хаана яваа нь тодорхойгүй. Төрийн ордон эл хуль байх болоод удлаа. Сүүлийн үед байнга шахам ийм байх болов. Хар л даа, арай шударга, буйр суурьтайд тооцогддог Р.Амаржаргал гишүүн хуралд ирээгүй бусдынхаа кнопыг дарж суугааг. Их хурлын чуулган, байнгын хорооны хуралд 5-6 хүн суучихаад ийм л ажил хийдэг болж. Өчигдөр л гэхэд МАН-ынхан Төрийн ордноос нүүгээд явчихаа юу гэмээр байсан. Тэднээс болж Төсвийн байнгын хорооны ирц хүрэхгүй, Ч.Улаан гишүүн ууртай суусан. УИХ дахь намууд сонгуулийн хууль дээр талцаж, гудамжны жижгүүд нь “Биднийг оролцуулсангүй” хэмээн заамдалцаж байгаа гэнэ. Хэргийн учир, хэнгэргийн дохиур нь нөгөө л хар машинаар санал тоолно, тоолуулахгүйд оршиж буй. Ийм л дүр төрх улстөрд өрнөж байна. Түүний зэрэгцээ “Ингэж байхаар больчихъё. УИХ тараг, тэгээд хуучин хуулиараа сонгуульдана биз” гэх хүн ч мэр сэр байна.
Ер нь бол энэ УИХ анх бүрэлдсэн цагаасаа л хэн болохоо таниулсан. 76 эрхэм юу мэддэг, чаддагаа өнгөрсөн хугацаанд хангалттай харуулав. Хамгийн сайн хийж чаддаг ажил нь сайд огцруулах, томилох. Бүр Ерөнхий сайдаа огцруулж, хэсэгтээ л засаггүй задарч хүртэл суусан нөхөд шүү дээ. Сайд огцруулах, мөнгө төсөв ярих үед л бүрэн бүрэлдэхүүнээрээ цугладаг. Бас нэг юм нь уул уурхай, баялагтай холбоотой тогтоол, шийдвэр гаргахад гар өргөх, лобби хийхээр ирцгээдэг. Улс орных нь эдийн засаг элгээрээ хэвтчихсэн, иргэдийн амьдрал ч дагаад хямарчихсан. Ийм байтал иргэд, сонгогчдын төлөөлөл болж мандат өвөртөлсөн нөхөд нэг иймэрхүү. Телевизийн камер харахаараа баруун, солгойгүй “Ард түмэн” гэж цээжээ дэлдэх. 76 хүн өөрсдийнхөө төлөө УИХ-д суугаагүй гэдгээ жаахан ч гэсэн мэддэг бол, бас дээр нь үнэхээр эх оронч юм бол үүсээд буй нөхцөл байдал, Монгол Улсын цаг УИХ тарахыг зааж байна бус уу. Энэ тухай М.Батчимэг гишүүн нэг удаа “Хүнд үед заавал дөрвөн жилээ дуусгана, гишүүний эрх ямбаа эдэлнэ гэж олон түмнээ зовоох, улс орноо туйлдуулж, нийгмийг бухимдуулах шаардлага байхгүй.Нэг бүдэрвэл долоо бүдэрдэг гэдэгчлэн эхнээсээ бүдэрсээр ирсэн УИХ цаашид аль хэр их ажил бүтээх бол. Түүний оронд эртхэн тарсан нь дээр” хэмээн хэлсэн удаатай.
Өнөөдөр улстөрчдийн дунд 2016 оны сонгуулийг АСЕМ-ын өмнө, хойно явуулах тухай яриа ч бас өрнөж байгаа. Өмнө нь хийвэл ямар ач холбогдолтой, хойно нь хийвэл ямар хор уршигтай байх вэ. АСЕМ-ын өмнө гэдэг шийдлийн тухайд нөгөө олгой хагаравч, тогоон дотроо гэгчээр монголчууд дотооддоо асуудлаа ярих, шийдэх боломж юм уу даа. Нэр хугарахаар гэгчээр тэр нь ч дээр гэх нэгэн байна. Тэгвэл АСЕМ-ын дараа буюу ирэх есдүгээр сард гэдгийн ард юу нуугдаж байна вэ. АСЕМ-д дэлхийн том орнуудын Төрийн тэргүүнүүд ирнэ. Түүнийг дагаад улс төрийн нөлөөлөл орж ирэхийг үгүйсгэмгүй. Ялангуяа Монголын улс төрд тоглогчид олон янз болсон, гадны гар хөл, бие төлөөлөгч олширсон энэ нөхцөлд Монголын төрийг улам хэврэг болгох зүйл бий болвол яах вэ. Улстөрчдийн амнаас өнөөдөр Үндсэн хуульдаа Ерөнхий сайдад хязгааргүй эрх мэдэл өгье гэх санал нэг бус удаа гарсан. Ийм байр суурьт хатуу зогсч байгаа улс төрийн нам ч байгаа. АСЕМ, сонгууль, одоо ярьж буй хуулиудад ийм л гаргалгаа хийж болохоор ажээ. Тэгэхээр одоо тарсан нь дээр үү, дараа гэж хойш тавих уу.
Хэн юу хэлэв?
М.Батчимэг: УИХ ТАРЖ, СОНГУУЛИА ЭРТ ХИЙСЭН НЬ ДЭЭР
- Ирэх онд АСЕМ-ыг Улаанбаатарт зохион байгуулна. Дэлхийн 50 гаруй орны Төрийн тэргүүн ирэх том үйл явдал.Тиймээс бид АСЕМ-ыг тооцож эрт сонгуулиа хийх нь зөв. Дараа нь хойшлуулах саналыг зарим хүн хэлдэг.
Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг тооцож үзвэл энэ сайн хувилбар биш. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ондоо багтааж хийх нь чухал. Тэгж байж төрийн хямралыг эрт зогсооно.
/Хэвлэлд өгсөн ярилцлагаас нь/
О.Бум-Ялагч: ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИАР БУЛХАЙ, ЛУЙВРЫГ ЗОГСООНО
- Бид өнгөрсөн хавар Монгол Улс төлбөрийн чадваргүй боллоо, цалин тэтгэврээ тавьж чадахаа байлаа, тиймээс Стэндбай хөтөлбөрт хамрагдахаас аргагүй гэдэг асуудлыг тавьсан. Гэтэл Засгийн газар болно, бүтнэ гэсээр өнөөгийн хүндрэлд хүрсэн нь манай төр, засаг алсын хараа, шийдэлгүйг харуулж байна.
Манай нам Засгийн газар чадамжгүй учраас огцорч, дараагийнх нь гарч ирэг, боловсролтой хүмүүс гарч ирэхгүй бол “Сувгаа битгий солиорой” гэж яриад байдаг хүн гологдож байгааг хэлсэн. Улсаа өрөнд оруулж, гадаадын компанийн захирал Ж.Капла гэгчийг хэргээс нь чөлөөлсөн Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх үү гэдэг асуудлыг дэвшүүлсэн.
УИХ дээр эдийн засгийн, эрүүгийн өршөөлийн хуулиуд ярих үед хэчнээн ёс зүйгүй болох нь харагдсан учраас Их Хурлыг тарааж, ээлжит бус сонгууль зарлахыг уриалсан. Ингэвэл булхай луйврыг зогсоох алхам болно.
Д.Бямбасүрэн /Монгол Улсын Ерөнхий сайд асан/: УЛС ТӨРИЙН ТАВЦАНГААС БУУХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ
-Их хурал гэдэг маань юу билээ. Ташаа төсөөллөөр бол Ардчилсан нам, Ардын нам хоёрын гол өрсөлдөөний талбар биш шүү дээ. Одоо Монголын улс төрийн тавцан дээр олигархиуд гараад ирлээ.
Өмнө нь Монголын эдийн засаг, улстөрийн ашиг сонирхлыг зангидсан олигархи бүлэглэл гэж байгаагүй, шинэ үзэгдэл. Гадны аж ахуй нэгжүүдийн сонирхол ороод ирлээ. Магадгүй гадны том гүрнүүдийн улстөрийн сонирхол ч энэ дотор ороод ирсэн байхыг үгүйсгэхгүй.
Бид ийм байдал руу орж болохгүй. УИХ олон чухал хуулийн төслийг хэлэлцэх сонирхолгүй. Магадгүй хэлэлцэхгүйгээр дараагийн сонгуульд орж ч болзошгүй. Ийм байр суурь баримталж буй улс төрийн хүчнүүд өнөөдөр Монголын улс төрийн тавцангаас буух цаг нь болжээ.
Ц.Шинэбаяр /Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга/: ТЭДЭНД ЁС ЗҮЙ АЛГА
-Их хурлын гишүүд сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлжээ. Иргэд, сонгогчдод цаг тооны бичиг, хийсэн ажлын тайлангаа хэвлэмэл хэлбэрээр тарааж байна.
Өнөөгийн УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёсгүй. Ёс зүйгүй учраас хугацаанаасаа өмнө тарах ёстой.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: