Далай лам: “Исламын улс”-тай хэлэлцээр хийх хэрэгтэй
Дээрхийн гэгээнтэн Далай лам Энэтхэгийн Бангалор хотноо Араб, Азийн орнуудын Худалдаа аж үйлдвэрийн танхимын уулзалтын үеэр энхтайвныг тогтоох саналаа дэвшүүлжээ.
Уулзалтын үеэр энх цагийн эдийн засаг, бизнес хоёр алан хядах ажиллагаатай зохицохгүй талаар ярилцаж, Далай лам хүн, хүрээлэн буй орчноо харгалзан үздэг өв тэгш хөгжил шашны суурь хэт даврах үзлээс сэргийлэх ерөндөг болохыг өгүүлсэн байна. Хурлын дундуур Испанийн “Стампа” сонинд Далай ламын өгсөн ярилцлагыг хүргэе.
-Та дайснаа найз нөхөр болгосон тохиолдолд ялдаг гэж хэлсэн?
-Үнэн.
-Та “Исламын улс” бүлэглэлийг хэрхэн найз нөхрөө болгох талаар тайлбарлаж өгөөч?
Яриа хэлэлцээр хийж. Та бүгд сайн сонсч, ойлгож, бусдыг хүндэтгэх хэрэгтэй. Өөр арга зам байхгүй. -“Исламын улс” бүлэглэл хүмүүсийн толгойг тасалдаг. Толгойгүй, чихгүй хүн сонсч чадахгүй? -Бид бүхнийг зүрх сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Энэрэнгүй байж, боловсрол олгох хэрэгтэй. Герман улс дүрвэгсдийг хүлээн авч, хооллож, хувцаслан өгөөмөр хандаж буй ч одоо тэдэнд боловсрол олгох хэрэгтэй.
-Тэднийг Европын соёл иргэншилд уусгах болохоор уу?
-Учир нь тэд орон гэртээ буцаж очих боломжтой. Тэд биш гэхэд үр хүүхэд нь очно. Эргэж очихдоо тэд дүрвэгч биш харин улс орноо өөрчлөх хэмжээний мэдлэг, чадвартай болсон байна. Энэ бол цорын ганц шийдэл.
-Дээрхийн гэгээнтэн, Европ тив энхийг эрхэмлэгч исламын шашнаас хүртэл эмээдэг. Амьдралын нь үнэт зүйлсийн цөм болсон эрх чөлөө, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхээ алдана гэхээс түгшиж байна. Ирээдүйд тэнд ардчилсан арга замаар шариатын хуулийг амьдралд хэрэглэж эхэлбэл дээрх зарчмуудыг хүлээн зөвшөөрөхгүй?
-Хүн бүр өөрийн гэсэн шашин шүтлэг, үнэнтэй байдаг. Гэвч нийгэмд хичнээн тооны шашин шүтнэ тэр хэмжээгээр үнэний тухай ойлголт нэмэгдэнэ. Ислам бол энхийн шашин боловч бусдын үзлийг тэвчдэггүй этгээдүүд шашин болон ахан дүүстээ хор хүргэж байна.
-Шашин энхтайвныг авчрах нь ховор. Харин ч дайн, үхэл хагацал, үгүйрэл дагуулах нь элбэг байдаг?
-Бурхан нэг л өдөр хүмүүсийн оюун санааны удирдагчидтай уулзаж, “Та нар яагаад тулалдав. Би та нараас үүнийг хүсээгүй” гэж асууна. -Та нэг л өдөр гэх юм. Гэтэл өнөөдөр яах вэ. Үүний тулд мөргөл үйлдэх нь хангалтгүй гэж та өмнө нь ярьсан. -Та бүхэн тэгэх хэрэггүй. Хорон муу үйлийг зогсоохын төлөөх мөргөлийн хариуг тань бурхан өгнө. Харин би энэ талаар үүрэг хүлээгээгүй. Та хорон муутай тэмцэхээр сэтгэл шулуудсан бол өөрийн гараар засалцах ёстой.
-Хинду шашинтнууд Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотоос хэдхэн км-ийн зайд исламын сүсэгтнийг хөргөгчиндөө үхрийн мах хадгалсан хэмээн хардаж, хөнөөсөн хэрэг гарсан?
-Хүний амь нас, ариун амьтны махнаас илүү үнэ цэнэтэй.
-Мьянмарт буддын шашинтнууд исламын шашинтуудыг хавчин дарангуйлдаг?
-Надад тэдэнтэй ямар нэг хэлхээ холбоо байхгүй. Гэхдээ хэн ч байсан бусдыгаа дарангуйлж болохгүй. Бид бүхэн ертөнцийн зохилдохуйн төлөө хариуцлага хүлээх ёстой.
-Гэвч реалполитик буюу бодит улс төр гэж байдаг. Ромын пап хүртэл Хятад дахь сүсэгтнүүдийнхээ төлөө санааа зовинож, таныг хүлээн авахаасаа татгалзсан?
-Энэ хамаагүй.
-Ватикан Хятадад ч гэсэн нэлээд үл хөдлөх хөрөнгөтэй?
-Тансаг амьдардаг хамба нарын тухай би мэдэхгүй.
-Италийн эрх баригчид ч гэсэн реалполитикийг эш үндэс болгож, хүндэтгэлээ далд байдлаар илэрхийлсэн. Та Италийн парламентын нийтийн танхимын дарга Бертиноттиг санаж байна уу?
-Санахгүй байна. Гэвч тэд өөрийн гэсэн шалтгаантай байсан гэж боддог. Би хэн нэгэнд түвэг болохыг хүсдэггүй.
-Та 2011 он хүртэл цөллөгөнд буй Түвдийн Засгийн газрын тэргүүнээр ажилласан. Тухайн үед та дэлхийн болон харьяат иргэдийнхээ хувь заяанд нөлөөлөх илүү боломжтой байв. Гэтэл яагаад албан тушаалаа орхисон бэ?
-Оюун санааны удирдагч хүн илүү эрх чөлөөтэй тул бусдынхаа оюунд анхааарах боломж ихтэй. Мөн намайг залгамжлах хүний төлөө үүнийг хийсэн.
-Тэр нь эмэгтэй хүн байна гэж та боддог уу?
-Тэд эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүү мэдрэг юм. Биологийн гарвалын хувьд ч гэсэн илүү нигүүлсэнгүй байх боломжтой гэдгийг эрдэмтэд өгүүлдэг.
-Залгамжлагч тань эмэгтэй хүн болбол царайлаг байх ёстой гэж өмнө нь ярьсан?
-Хөөх. Гайхамшигтай. Ирээдүйн Далай лам сэтгэл хөдөлгөм надаас өөр хүн байх ёстой бололтой.
-Та хошигнох дуртай бололтой. Баяр хүргэе.
-Энэ тийм хачирхалтай гэж үү?
-Херман Хесс цагтаа “Туйлын төгс ертөнцөд амьдрахыг хүсдэг ч тийм боломжгүй хүмүүст хошигнол нь бодит байдлаас түр ч гэсэн зугтах арга юм” гэсэн байдаг.
(Далай лам хариу хэлэлгүй инээжээ)
Д.Мөнхболд
URL: