Хамгийн олон хоч зүүсэн Төрийн түшээ
Миний мэдэхийн хэвлэлээр нэлээд олон хоч зүүсэн гишүүн бол Г.Баярсайхан. Хамгийн гол нь ард олноосоо хоч нэр зүүхийн хэрээр тэр дээшээ дэвшиж байгаагаас харвал түүнд ард түмний өгсөн нэр хоч ээлээ өгч байгаа бололтой. Монголчууд бид угаас шооч түмэн хойно доо. Түүнээс биш тэр нэг их дээшээ яваад байх буурь суурьтай хүн биш. Бидний хувьд Г.Баярсайхан гишүүний олон нэр хочны тухайд багахан хэмжээний эрдэм шинжилгээний ажил болгох санаатай материал цуглуулж байна. Үүнийгээ уншигч олонтой хуваалцах эрх нь надад нээлттэй байгаа л даа.
“Сэрэлт” киноны оточ маарамба
Түүнийг анх улстөрд хөл тавьж байхад ийм мэдээлэл тэнүүчилж байв. Анагаахын сургууль төгссөн магистр цолтой Их эмч хэмээсэн нь худлаа аж. Тэр сургуулиа төгсч чадаагүй хуурамч дипломтой учраас “Сэрэлт” киноны “Маарамба” гэсэн хоч хайрлаад нэг хэсэг шуугив. Миний хувьд түүнтэй Анагаахын сургуульд хамт суралцаагүй. Нөгөө талаар мэргэжлийн зэрэг олгох шалгалтын комисст байгаагүй, байх ч үгүй учраас хуурамч эсэхийг сайн мэдэхгүй. Одоо тэр нэг хавтасны хуурамч эсэх хэнд ямар хамаатай юм. Г.Баярсайханыг гайтуулах гавьяатуулахаа өнгөрсөн зүйл бол тэр хавтас. Тэгээд ч тэр нэг хувийн эмнэлэг байгуулж, бизнес хийхээсээ өнгөрсөн. Яагаад гэхээр өнөөдөртөө түүнд ийн зовох шаардлага алга, нэгэнтээ бялуу хүртээд сурчихаа байлгүй. Тэгэхээр тэр муу диплом бол ёстой хог. Гэхдээ л тэр муу хуурамч гэх диплом эзэндээ “Сэрэлт” киноны оточ маарамба гэх гоё нэр хайрласан. “Сэрэлт”-ийн оточийн дүр бол Орос эмчээс болоод мухар сүсэгт автсан үйлчлүүлэгчдээ алдаж, ерөнхийдөө дампуурч байгаа ламын дүрийг амилуулсан. Ард түмэн гэгч байнга давхар санаа агуулсан нэр хоч өгдөг ч байж болох юм. Өнөөдөр сонгогс олон Г.Баярсайханы гоё сайхан үгэнд хууртаж байхыг үгүйсгэхгүй. Алсдаа буюу айсуй 2016 онд нэр дэвшүүлбэл, чингэлтэйчүүд мухар сүсэг гэмээр итгэмтгий зангаа орхихыг ч сануулан шоглож уу гэмээр далд утга харагдана.
“Гүзээнд наалдсан дэлүү”
Харин парламентад орж ирээд учраа сайн олоогүй цагт нь түүнд “Гүзээнд наалдсан дэлүү” хэмээх нэр хайрласан. Их сонирхолтой нэр учраас тал талын л мэдээлэл цуглуулж, хүн амьтантай уулзав. “Явсан хүн яс зууна” гэгчээр чамгүй л зүйл олж сонслоо. Ямартай ч бид аливаа зүйлд зууралдаад салахгүй байгаа бодь юмсыг л “Гүзээнд наалдсан дэлүү” гэдэг аж. Хонь гаргахад гүзээнээс нь хуулж аваад нохойд өгчихдөг зүйл гэж малын эмч нар хэлэв. Маханд дуртай ч монголчууд бид дэлүү идэх гэж улайрдаггүй аж. Түүнчлэн өндөр хэргэм цолтой, хөрөнгөлөг нөхдийн ар өвөрт наалдаж, тал засч явдаг. Тэдний өмнөөс үг хэлж, гар хөл нь болж явдаг хүнийг “Гүзээнд наалдсан дэлүү” хэмээн нэрлэдэг байна. Тийм ч таатай бус зүйрлэл гэдгийг анзаарч байгаа биз дээ. Чухам яагаад эрхэм гишүүнийг ийн нэрлэх болов гэхээр бас л их зүйл дурдах болно. Г.Баярсайхан үймээн дэгддэг 2008 оны сонгуулиар анх удаа парламентад хөл тавьсан. Ёстой л цагийн байдал ороо бусгаа энэ үед тэрээр буруутан болчих гээд байсан АН-ын өмнөөс цор цор гэж суудаг болов. Болж өгвөл намынхаа ихэс дээдсийн өмнөөс дуугарчих гээд нэг хэсэг явсан юм билээ. Тэр тусмаа тухайн үед олонхийн суудалд жаалж байсан МАН-ын өөдөөс хатуухан үг шидчих гээд даанч хэт жижигдээд байсан нь ийм нэр зүүж үлдсэн бололтой. Тухайн үед Төрийн эрхэнд байсан МАН-ын хувьд бол Г.Баярсайхан бол ёстой л манцуйтай жаал орилж байгаа мэт харагддаг байсан нь дамжиггүй. АН-ын хувьд өөрийнхөө нэр дээрээс сонгуульд босгосон учраас аргагүй утсан хүүхэлдэйн дүрд тоглуулчихаад өмнөөс нь ичиж суудаг байсан болов уу. Яахав ээ, ингэлээ гээд түүний улстөрийн замналд муугаар нөлөөлсөнгүй.
“Ерөнхийлөгчийн тамхины хавтага”
Үймээн дэгдсэн 2008 оноос хойш он цаг улирч, Г.Баярсайханы хувьд ч асман цэргийн зиндаанд хүрлээ. Юутай ч тэр парламентад байх намын бүлгийн гишүүдээ хооронд нь салгаж ялгаж ойлгохтойгоо болсон хэрэг. Танихгүй гэсэндээ биш л дээ, тэдний нам бүлэглэл хамаагүй хэтэвч, эрх ашгийн төлөө нөхөрлөдгийг ялгаж салгаад эхлэхгүй юу. Энэ үеэс түүнд ард олон “Ерөнхийлөгчийн тамхины хавтага” гэсэн нэрийг хайрлажээ. Тийм сайхан сонсогдохгүй ч тамхины хавтагыг хэн эдэлж хэрэглэхээс ихээхэн шалтгаална. Ерөнхийлөгч хэрэглэж байгаа болохоор их л чамин хийцтэй. Ганган хээнцэрээс гадна урласан эд нь алт эрдэнэс байх талтай. Ямар мань мэт эдэлж хэрэглэж байгаа биш болж байна,аа. Харин чамин ганган хавтага дотор ямар гээчийн тамхи байгааг хэн ч эс анзаарна. Гэхдээ чухам ямар учраас ийн нэр хайрлав гэдэг нь бас л сонирхолтой. Улстөрд түүнийг Ц.Элбэгдоржийн фракцийн хүн хэмээдэг. Яах аргагүй “Шонхор” фракц буюу УИХ-ын болон АН-ын дарга З.Энхболдын данстай гэх. Энэ бүгдээс харвал тэр АН-ын хоёр томын нөлөөнд байдаг гэж харагдана. Өнгөрөгч хэдэн жилийн хугацаанд үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч маань хэчнээн ч хуулийн төсөл санаачлав. Хэчнээн санал бодол дэвшүүлэв. Биелэсэн зүйл үгүйн зэрэгцээ батлагдсан хууль бараг үгүй. Энэ бүгдэд Г.Баярсайхан Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байна. Түүний зөв гээд дайраад байсан нь өдгөө хэвлэлийн архивт олноор байгаа учраас энд дэлгээд яахав. Цагийн гарз. Ямартай ч хамгийн ойлгомжтой асуудлын тухайд тэр “Долдугаар сарын 1″- нд Ц.Элбэгдорж байгаагүй байсан бол бүр ч олон байшин шатаж, олон хүний амь эрсдэх байсан” гэж хүртэл тал засч байхав дээ. Бараг л эсрэг зүйл юм. Тиймдээ ч өнгөрөгч 2012 оны сонгуулиар ялалт байгуулсан нь ч Ц.Элбэгдоржийн нөлөөлөл, өнөөх автомат машины тохируулгаар гарч ирсэн. Түүнээс биш Г.Баярсайханыг ард түмэн сонгоогүй гэх хардалга ч нийгэмд тэнүүчилж байдаг нь санаандгүй хэрэг огт биш. Энэ мэтээр М.Батчимэг, Ц.Оюунгэрэл нарын хамт л Ерөнхийлөгчийн өмнөөс дуугарч харагддаг гишүүдийн нэг учраас түүнийг ийн “Ерөнхийлөгчийн тамхины хавтага” гэж нэрлэсэн бололтой. Гэхдээ “Тамхины хавтага”-ыг хаа ч хаяж гээж, бас сольж болно. Ерөөсөө л бүсэнд зүүж явдаг байнгын хөдөлгөөнтэй, үүргээр багахан зүйлийг хэлж байгаа хэрэг.
“Салаавч” Г.Баярсайхан
Энэ бол түмний нүдэн дээр болсон асуудал. Г.Баярсайхан нэгэнтээ УИХ-ын чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийн өөдөөс хэдэрлэж, У.Хүрэлсүхийг хүрээд очиход өөдөөс нь салаавч гаргаж томров. Гудамжинд бол цаадхи офицер нь арван Г.Баярсайханыг цохиод унагачих байх л даа. Төрийн ордонд болохоор цохих илэхийн дунд л юм болоод өнгөрсөн. Энэ бол түүний түмний нүдэнд мундаг болох гэж харагдсан үйлдэл гэдэг нь харагдана. Өнөөх л нам нам гэж далдагнадгийг та бүхэн сайн мэднэ. Түүнээс биш У.Хүрэлсүхийн нарсанд нааран дээр хэвтэх, наранд парламентад суух хоёр Г.Баярсайханд падгүй. Яагаад гэхээр намынх нь акулууд энэ тухайд ганхийгээгүй байхад тэр түргэдэж, ах нартаа таалагдаж, сонгогч олонд мундаг болох л гэсэн хэрэг. Энэ нь ёстой л “бага нь уйлж их нь ичих”-ийн үлгэр болсон. Тухайн үед АН-ын гишүүд энэ тухайд тодруулга өгөхөөс зайлсхийхдээ хөх инээдийн гал сүүмэлзүүлэх болсон. Арга ч үгүй биз. У.Хүрэлсүх нь зангаргийн хувьд бол түүнтэй яаж ч бодоод дүйхгүй. Эр цэргийн амьдрал дундаас боссон залуухан офицер улстөрийн ууган хүчний дэргэдэх залуучуудын байгууллагыг тэргүүлж, бүр МАН-ын гал тогоог барьж, Засгийн газарт дөрвөнтөө багтаж, УИХ-д хоёр удаа сууж, гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж гээд зангаргийн хувьд бол овойж харагдана. Ядахад л Н.Энхбаярт намынх нь бүү хэл бусад намынхан бөхөлзөж явах цагт нь У.Хүрэлсүх өөдөөс нь шөрвөлздөг байсан гэдэг. Аль ч утгаараа тэр түүнээс илүүрхэж харагдана. Өнөөдөр Г.Баярсайханыг З.Энхболдод үг хэл гэвэл сүүлээ хавчаад зугтаах байлгүй. Ийм л хоёр бодь гал цэцэрлэгийн хоёр банди шиг Төрийн ордонд багахан үймээн дэгдээгээд авсан. Харин тархин дотор байгаа цэнэгийг нь хэмжээд үзвэл чухам хэн жин дарахыг үнэндээ мэдэх юм алга. Эндээс үүдэж түүнд ард олон “салаавч” гэх нэр хайрласан.
“Байгальд ээлтэй гишүүн”
Бас нэг шинэ нэр бий. Энэ бол саяхны болж өрнөсөн зүйл. “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагаас УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Одонтуяа нарт энэ парламентын “Байгальд хамгийн ээлтэй гишүүн”-ээр тодорсныг батламжилсан “Ногоон од” дурсгалын цом гардуулсан. Үүнээс үүдэн түүнд “Байгаль” Баярсайхан гэж хоч хайрлаад авч. Ерөнхийдөө УИХ-д байгаль орчны чиглэлээр хоёр ч удаа байнгын хороо удирдсан учраас энэ цомыг гардсан бололтой юм. Түүнээс биш байгальд тийм ч ойр гишүүн биш гэдгийг ойр орчмынхон хэлж буй. Тиймээс л ёгтлох маягаар “Байгаль” гэсэн хоё хайрласан хэрэг. Яахав, Урт нэртэй хуулийг санаачилагчдын багт ажилласан. Чингэлтэй дүүргээс сонгогдсон болохоор байнга л Чингэлтэй хайрхан хэмээн ярих болсон нь түүнд ийм алдар хайрласан байх. Түүнээс бус байгальд ээлээ өгсөн бодит ажил хийчихсэн нь юу л бол. Лав Урт нэртэй хууль нь өнөөдөр монголчуудад гай тарьсан. Гаднын хөрөнгө оруулалтыг 60 гаруй хувиар буурч, улмаар хямрал нүүрлэхэд нөлөөлсөн гишүүн бол Г.Баярсайхан.
“Тусгааргүй Монголын тулхгүй Түшээ”
Энэ хочийг саяхан тэр өөрийнхөө өнөөх л “Тамхин хавтага”, “Гүзээнд наалдсан дэлүү” нэрээрээ олоод авчихсан хэрэг. Үүнийг би хэлээгүй өөрөө хэлсэн гэдгийг эхэлж дурдах нь зүйн хэрэг байх. Г.Баярсайхан өнгөрөгч сарын сүүлээр нэгэн телевизийн ярилцлагад УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Тэрбишдагва, Ч.Хүрэлбаатар нарын хамт оролцов. Ийнхүү тэд богино цагт ихийг ярихыг хичээсэн нь чухам юу яриад байгааг ойлгох юмгүй болгов. Тэр тусмаа Г.Баярсайхан, Д.Ганбат нар бол чухам юу хэлэх гээд байгаагаа ч мэдэж байгаа юм алга. Ерөөсөө л манай нам бол ингэсэн, танайх бол ийм гээд л талцах гэж цаад хоёрыгоо сандаргав. Цаадуул нь хэдийгээр нам дамжсан өнөөх л олигархи бүлэглэлийн этгээдүүд хэдий ч тэр хоёроосоо бараг ичсэн байх. Яриа Ю.Цэдэнбалын ойг тэмдэглэх эсэх тухай маргаанаар эхэлсэн. Ийнхүү үүгээр дамжаад тусгаар тогтнолын сэдэв рүү орчихлоо. Үнэндээ Д.Ганбат нар жижигдэж байна,аа. Гэтэл Г.Баярсайхан гишүүн маань Эгийн голын усан цахилгаан станцийг барихаар бид жинхэнэ тусгаар улс болно гэв. Цаадуул нь усан цахилгаан станц барих гэж байгаа нь зөв. Гэхдээ таван жилийн дараа өгөөжөө өгөх зүйлд 800 сая ам.доллар зарж болохгүй. Эдийн засаг хүнд байна гэвэл Г.Баярсайхан зөрж эхлэв. Зөрөхдөө өнөөдөр бид тусгаар улс биш шахам зүйл ярив. Бид ОХУ-аас цахилгаан авч байна, шатахуун түлшээ авч байна. Ингэхээр ерөөсөө тусгаар улс биш гэнэ. Өнөөх өвгөдийн амиараа дэнчин тавьж, цусаараа бичсэн тусгаар тотнолын халуун түүхийг шууд уландаа гишгилээ. Экспортын бүтээгдэхүүнгүй бид нар өөр яах билээ. Хэрэглээнийхээ дийлэнх хувийг гаднаас импортоор авдаг бидний хувьд зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээ л экспортолдог гэдгийг эрхэм түшээ мэддэг байлгүй гэж найдая. Яахав, Г.Баярсайханы санаа бол зөв. ОХУ-аас цахилгаанаа, шатахуунаа авдаг учраас тэдний хараат байна. Энэ бүгдээс салах хэрэгтэй л гэсэн үг. Гэхдээ үүнийг хэлэхийн тулд тусгаар тогтноод олон арваны нүүр үзэж байгаа улс орноо тусгаар улс биш шахуу зүйл яриад сууж болохгүй л дээ. Ерөөсөө Төрийн түшээ хүн тухайн улстөр гэхээсээ илүү гадаад харилцааны өндөр мэдрэмжээр энэ мэт зүйлээ дүгнэж баймаар. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлмөөр зүйл олон ярина билээ. Хамт орж байгаа Д.Ганбат нь ч гэж нэг тэрэгний дугуйнууд. Өнөөдөртөө бид ОХУ-аас шатахуун авахгүй гээд бид яахав дээ. Скандивийн орнуудаас ав гээд хойд ах нар цоргоо хаачихвал бид яах вэ. Скандивийн орнуудаас шатахуун авбал бид нэг литр шатахууныг бараг 10 мянган төгрөгөөр хэрэглэх байлгүй. Нефть нэрэх үйлдвэртэй болчихоод, хөрсөн дороо байгаа нефтиэ өөрсдөө бүрэн гаргаад баяжуулчихдаг болсон хойноо ийн дуугарах нь зөв. Эрдэмтдийн тооцоолсноор манай нефтийн нөөц өөрсдийнхөө хэрэгцээг хангах хэмжээнд байгаа эсэх нь ч эргэлзээ төрүүлсээр байгаа. Нөгөө талаар манай шатахуун түлшний жилийн хэрэглээ нэг сая гаруйхан тонн шүү дээ. Асар том “Роснефть”-д бол манай хэрэглээ бол юу ч биш. Элдэв зүйлийг бодлогогүй чалчиж байж хойноо мэдэлтэй цорго хаалгачихвал мянган Г.Баярсайхан байгаад ч хэрэггүй. Энэ мэт бодлогогүй яриа нь түүнийг юу ч мэддэггүй тэнэг харагдуулахаас гадна янз бүрийн хоч зүүлгэхэд хүргэдэг юм.
“Салаавч” үзүүлээд өөдөлдөггүй юм уу даа
Үүнээс улбаалаад нэгэн зүйлийг сануулахад салаавч үзүүлэх нь улстөрд шинэ зүйл биш л дээ. Харин салаавч үзүүлсэн улстөрчид, улстөр санаархагчид ерөөсөө дээшээ ахидаггүй юм билээ. Анхлан “Наран туул”-аар овоглож, улстөрд орж ирсэн УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу дархан аварга Б.Бат-Эрдэнэд салаавч үзүүлж арай л дархан мэхэнд нь орчихоогүй мэнд үлдсэн. Харин салаавч үзүүлсэн Ш.Сайхансамбуу улс төрөөс зайлсан. Нарантуулд нь түймэр гарахаас эхлээд бизнесд нь ч саад урчирч байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр цагдаа хүчнийнхэнд салаавч үзүүлснээр эрүү үүсч, улмаар шийтгүүлсэн. Ц.Шинэбаярын хувьд ч 2012 оны сонгуульд амжилт үзүүлж чадаагүй. Өмөөрсөн Н.Энхбаяр нь ч хорих ялаар шийтгүүлж, улмаар эрүүл мэндийнх нь байдал туйлын муудсан. Түүнчлэн улстөрд хорхойсох болсон дуучин С.Жавхлан үндэсний бөхөөр бүсгүйчүүд барилдах гэж байгааг сонсоод салаавч гарган бухимдлаа илэрхийлсэн. Удаа дараа л сонгуульд өвдөг шороодсон. “Хас”-ын гэх Ч.Ганхуяг Засгийн газрын ордон руу салаавч үзүүлсэн. Өдгөө МАН дотор нэр нүүр унаж, бизнес нь ч таагүй тухай мэдээлэл бий.
С.Ууганбаяр
URL: