Ж.Дамдинсүрэн: Нийтийн тээврийн салбараар бизнес хийдэг бүлэглэл бий болсон

Хувийн хэвшлийн олон компани нийтийн тээврийн үйлчилгээний салбарт ажиллаж байна. Нийтийн тээврийн салбарт үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлын талаар Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэнтэй ярилцлаа.

-Нийтийн тээврийн салбарын өнөөгийн байдал ямар байна вэ?

-Нийтийн тээврийн салба­рын түүхээс яриагаа эхэлье. Социа­лизмын үед санхүүжилтыг нь төр хариуцдаг байсан. 2012 оны сонгуулийн үр дүнд томилогдсон нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн салбарт эрс шинэчлэлийг хийж чадлаа. Тодруулбал, нийтийн тээврийн салбарыг нийгмийн захилгат үйлчилгээний хэлбэрт оруулсан.

Төрөөс санхүүжүүлэх шийдвэр гаргаж, тээврийн үйлчилгээний ухаалаг систем нэвтрүүлсэн. Нийтийн тээврийн салбарт хийсэн дээрх шинэчлэл бол нийтийн тээвэр цаашдаа хөгжих дэвжих, үйлчилгээ зорчигчдод хүрэх, соёлтой болохын эхлэл болсон. Үүнд, тээвэрчид, иргэд болон манай холбооны зүгээс талархаж байна. Нэг автобус өдөрт дунджаар 13 цаг нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг.

Нэг машин-цагийг 32900 төгрөгөөр тооцож  нийслэлээс санхүүжилт олгох юм. Санхүүжилтын дутуу хэсэг буюу 25.7 тэрбум төгрөгийг энэ онд өгнө гээд баталсан. Нийслэлийн 2016 оны төсөвт алдлагдлын зөрүү 43 тэрбум төгрөгийг нэмж баталлаа. Сан­хүү­гийн талаарх бүх шийдвэр гарсан. Харамсалтай нь, энэ оны долдугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл батал­сан санжүүжилтээ өгч чадаагүй.

Нэг ч төгрөг өгөөгүй. Өөрөөр хэлбэл, 130-140 хоногийн турш  нэг машин-цагийн санхүүжилт болох 32900 төгрөгийг өгөөгүй. Ингэснээр нийтийн тээврийн салбар зогсоход бэлэн байна.

-Өнгөрсөн долоо хоногт  оврын автобуснууд осол гаргаж, эрдэнэт хүний амь нас үрэгдлээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

компаниуд өвлийн бэлтгэлээ хангаагүйд гол учир байгаа байх гэж бодож байна. Тос, масло өвлийн тосоор солих, зуны дугуйг өвлийн дугуйгаар солих, сэлбэг хэрэгсэл  бэлтгэх гээд олон ажил хийгдээгүй. Наанадаж, ажилчдын цалинг бүрэн тавиагүй байгаа нь ажилчдыг бухимдалтай байлгах шалтгаануудыг нэг. Мөн татвар, нийгмийн даатгал, дулаан, цахилгаан зэрэг харилцдаг байгууллагуудтайгаа өрийн сүлжээнд орсон.

Эхнээсээ дансаа хаалгуулж байна.  Ийм л зовлонтой байдал нийтийн тээврийн салбарт нүүрлэсэн. Аравдугаар сарын нөхөн олговор 1.4 тэрбум,  өнгөрсөн сарын нөхөн олговор болох 2 тэрбум гаруй төгрөгийг өнгөрсөн долоо хоногийн нэг дэхь өдрөөс нийслэлийн зүгээс  санхүүжүүлэх гэсэн боловч мөнгө орж ирэхгүй байна. Сангийн яам нийслэлийн дансыг хааж, санхүүжилт хийхгүй байна гэж бодож байна. Техникийн болон ажиллах хүчний өвлийн бэлтгэл хангаагүй улмаас аваар, осол гарч эхэлж байна.

Сүүлийн үед хоёр ч хүний амь нас хохирсон осол гарлаа. Өвлийн бэлтгэл хангаагүй, мөлийсөн дугуйтай хөдөлгөөнд оролцсон нь  осол гарахад нөлөөлсөн байх гэсэн хувийн дүгнэлт байна. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээг хэвийн байдалд оруулахын тулд, санхүүжилтыг  бүрэн хийх хэрэгтэй. Үүний дараа чанартай үйлчилгээг оператор компаниудаас шаардахаас биш, огт мөнгөгүй компаниас үйлчилгээ шаардах нь утгагүй.

-Нийтийн тээврийн салбарт цахим систем нэвтэрснээр шинэ дэвшлийг авчирсан үйл явдал болсон. Гэвч цахим системийн үйл ажиллагаа зорчигчдын сэтгэлд хангалттай хүрэхгүй байх шиг. Та ямар бодолтой байна?

-Ухаалаг системийн үр дүн санасан хэмжээнд хүрэхгүй байна. Жишээлбэл, өнгөрсөн есдүгээр сард цахим картаар зорчигчид орлогын 50 хувийг бүрдүүлдэг байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар орлогын 37 хувийг бүрдүүлж байна. Үүнээс харахад, цахим картаар үйлчлүүлэгсдийн тоо цөөрч, бэлэн мөнгөөр зорчигчдын тоо 63 хувь болж өслөө. Уг нь,  цахимаар зорчигчдын тоо өсч 80-90 хувь болох ёстой байсан.

-Үүний шалтгааныг та юу гэж үзэж байна?

-Өөрийн бодлыг л хэлье. Үүнд 2-3 шалтгаан байж болно. Нэгдүгээрт, зорчигчдод цахим карт авах сэтгэгдлийг төрүүлж чадахгүй байна. Борлуулалт муу хийж байна. Нийт 600 мянган хүн цахим карт худалдаж авсан. Гэтэл 100 мянган хүн картаар үйлчлүүлж байна. Үлдсэн 500 мянган хүн яагаад картаар зорчихгүй байна вэ. Үүний 40 хувь нь картаар үнэгүй зорчдог оюутан, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд.

Цэнэглэх цэгийн хүрэлцээ муу байх шиг байна. Автобусны бүртгэл, мэдээллийг ухаалаг системийн хүрээнд чанарын өндөр түвшинд гаргах хэрэгтэй. Нийслэлийн Тээврийн газрын дүгнэлтээр бол, энэ шаардлагыг хангахгүй байна. Нийтийн тээврийн ухаалаг систем гэгчийн орлого төвлөрүүлэх болон мэдээллийн систем нь доголдолтой. Үүнээс үзэхэд, нийтийн тээврийн үйлчилгээг үнэхээр сайжруулах нь уу, эсвэл энэ салбараар бизнес хийж байна уу  гэдгийг бодох л асуудал.

Миний бодлоор бол, бизнесийн зорилго нь нэгдүгээрт байсан. Орлогын 10 хувийг авч бизнесийн зорилтоо хангасан. Ингэснээр, бусад үйлчилгээг ухаалаг болгохгүй байна гэсэн дүгнэлт гарч байна. Энэ бол миний хувийн дүгнэлт шүү. НИТХ-ын дарга Д.Баттулга ““Улаанбаатар смарт карт” компани карт цэнэглэсэн орлогоос 10 хувиа ав.

Тэгвэл, “Улаанбаатар смарт карт” компани картаа борлуулах талаар идэвхтэй ажиллах болно. Ингэхгүй шугамын орлогоос бэлэн мөнгөөр 10 хувиа авч, ажил хийхээ байлаа” гэж хуралдаан дээр хэлж байсан. Үүнийг маш зөв гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл энэ үүргийг биелүүлээгүй.

-Мөнгө хураагчид шинээр ямар ажил үүрэг гүйцэтгэх вэ. Эхнээсээ ажилдаа орсон уу?

-Нийт 1600 гаруй мөнгө хураагч байсан. Нэг автобусанд хоёроос доошгүй мөнгө хураагч ажилладаг байсан. Энэ оны долдугаар сарын 29-нөөс мөнгийг цахимаар хураадаг болсноор ажилгүй болсон. Нийслэлийн Тээврийн газрын сургалтад 800 мөнгө хураагч хамрагдаж хяналт шалгалтын ажилтан болоход бэлэн байгаа.

Санхүүжилт бүрэн хийгдээгүйн улмаас компаниуд хяналтын ажилтныг ажиллуулж чадахгүй байна. Өчигдөрийн мэдээллээр бол 200 хүн хөдөлмөрийн гэрээ байгуулж хяналт шалгалтын ажилтнаар ажиллаж байна. Эдгээр хүний ихэнх нь “Зорчигч тээврийн нэгтгэл”-д байгаа. “Зорчигч тээврийн нэгтгэл” бол төрийн өмчит том компани. Энэ компанид нийт шалгагч нарын 50 хувь нь ажиллах боломжтой.

Шалгагч нар ажилдаа орсноор шугамын орлого нэмэгдэх ёстой. Шугамын орлого өсөх байх гэж бодож байна. Миний тооцоолсноор, он дуусахаас өмнө нийтийн тээврийн салбарт 32.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэх ёстой. Энэ санхүүжилтийг хийснээр, тулгамдсан асуудлыг бүрэн шийднэ.

-Нийтийн тээврийн салбар хөгжихгүй байгаа шалтгаан нь юу гэж та бодож байна вэ?

-Зах зээлийн 25 жилд нийтийн тээврийн салбараар бизнес хийдэг бүлэглэл бий болсон. Энэ бүлэглэл салбарын хөгжилд үнэхээр их саад болж байна. Яаж бизнес хийдэг вэ гэвэл, нийтийн тээврийн салбарын үйл ажиллагааг албаар доголдуулна. Ингээд сайжруулах нэрээр гадаад, дотоодын төсөл хөтөлбөр, мөнгө оруулж ирдэг. Тэр мөнгийг угааж бизнес хийдэг юм.

Үүний нэг тод жишээ бол эко автобус юм.  2012 оны нийслэлийн төсөвт 20 тэрбум төгрөг батлуулсан байдаг. Монгол Улсад энэ автобусыг үйлдвэрлээгүй. Гадаадаас сэлбэг оруулж, угсарсан юм. Угсрах явцад хөндлөнгийн хяналт хийгээгүй. Мөн захиалагчийн хяналт ч байхгүй. Аюулгүй ажиллагааг нь ч шалгаагүй.

Ингээд л зорчигч тээвэрлэж байна. Сүхбаатар аймгаас хот руу ирж явсан автобус осолд орж 4-5 хөрвөөхөд зорчигчдын 15 хувийг бэртээсэн байдаг. Энэ бол үйлдвэрлэгдсэн автобус. Гэтэл угсарсан автобус хөрвөөх юм уу, мөргөлдсөн тохиолдолд ямар гэмтэл учрахыг шалгасан зүйл байхгүй. Гэтэл төсвийн мөнгөөр нийтийн тээврийн хэрэгцээнд угсарсан автобусыг нийлүүлж чадаж байгаа бүлэглэлийг л хэлж байна.

Үнэнийг хэлэхэд эко автобус бол монголд хэлхсэн төмөр юм. Үйлдвэрлэсэн, угсарсан биш. Энэ бүлэглэл бидний эсрэг холбоо байгуулах сурагтай байна. Холбооны нэрийн дор бизнес хийх гэж. Тусгай замын автобусны төсөл  байна. Улаанбаатар хотод тусгай зам тавьчихаад тусгай автобус явах уу, эсвэл автобус зорчих замаа тусгаарлах уу гэдэг нь ойлгомжгүй байна.

Миний бодлоор автобус зорчих замыг тусгаарлах ёстой. Энэ замаар автобус зорчиж байвал хэрэгтэй төсөл болно. Гэтэл бүлэглэлийн зүгээс тусгай зам тавьж, тусдаа өөр автобусыг төсвийн мөнгөөр гадаадаас худалдаж авах гэж байна. Дахиад нэг бизнес. Нийслэлийн удирдлагууд эр зориг гаргаж нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийсэн нь үнэн.

Энэ шинэчлэлээ бизнесийн бүлэглэлийн буруу сурталчилгаанд оролгүй  бодлогоо барьж яваасай гэж хүсэж байна. Нийтийн тээврийн салбарыг улс төр, бизнестэй холбож болохгүй. Хоолны мөнгөгүй байвал хоёр хоног тэснэ. Гэрэл, цахилгаангүй байвал хэд хоног ч тэсдэг юм байна.

Нийтийн тээвэргүй бол нэг хоног ч  ядарсан иргэдийн амьдрал тэсэхгүй. Ажил, сургуульдаа очиж чадахгүй. Эмнэлэгт үзүүлж чадахгүй. Бүх зүйл хаагдана. Нийтийн тээврийн салбар бол ялангуяа нийгмийн эмзэг хэсэгт нэн тэргүүнд шаардлагатай үйлчилгээ. Үүнийг нийслэлийн удирдлагууд ойлгож хөрөнгө мөнгийг бол хайрлахгүй төсөвлөсөн.

-Таны хэлж буй энэ бүлэглэл өөр ямар замаар төсвийн мөнгө “иддэг” вэ. Жишээгээр дурдвал?

-Автобусны паркууд хуучирсан байна. Парк шинэчилнэ гэж төсөвт мөнгө суулгуулдаг. Гадаадаас 20 автобус авах байсан мөнгөөр 15 автобус авчирч, таван автобусны мөнгийг нь дундаас нь идэх жишээтэй. Төсөвт мөнгө суулгаж болно. Төсвийн мөнгийг хувийн хэвшилд зээлээр өгвөл байгаа үнээр нь худалдаж авна. Дунд нь мөнгө төгрөг нэмж хасч чадахгүй.

Зээлүүлсэн мөнгөө буцааж төлүүлэх хэлбэрээр парк шинэчлэх арга бий. Тусгай замын автобусыг оруулж ирэхээр гадаадаар явж байгаа сураг дуулдана. Мөн угсраа автобус байна. Зардал нь асар өндөр. Өндөр үнээр худалдаж авсан. 170-180 хүний багтаамжтай гэж худлаа ярьдаг. Үнэндээ жирийн автобуснаас бага багтаамжтай. Суудлын голоор нэг, нэг хүн цуваад зогсдог. Өөр зай байхгүй.

-Осол гаргасан жолооч нарт ямар хариуцлага тооцдог вэ. Жолоочийн хариуцлагын даатгалтай болохоор хэнэггүй зан гаргаж байна уу?

-Жолоочийн хариуцлагын даатгал бол жолоочийн буруутай үйл ажиллагааг хариуцдаг. Жолоочийн зөв, эсрэг талын буруу байвал даатгал хариуцахгүй. Жолоочийн хариуцлагын даатгалыг албан журмын даатгал болгосон юм. Энэ хууль гарснаар жолоочийн хариуцлагын даатгал хийдэг даатгалын байгууллага олдохоо больсон.

Өмнө нь даатгалын компаниуд жолоочийн хариуцлагын даатгал хийх үү гээд явдаг байсан. Нийтийн тээврийн салбар эрсдэл их учраас даатгадаг компани байхгүй.

Санхүүгийн зохи­цуулах хорооноос даатгалын компа­ниудыг албан журмаар хуваарилдаг болсон юм. Учир нь, хариуцлагын даатгалаар мөнгө олдог компаниуд албан журмынх болгохоор бусад даатгалаас орлого олж, эрсдэлтэй салбар гээд даатгахаа больсон.

Л.Батбаатар

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих