Гүлдийгсэд

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнх нь унаган фракцийг удирдах болсон “амин” найз Х.Баттулгыг ХХАА-н сайд байхад “Гүлдийчихээд ажлаа хийхгүй яасан их жиргэдэг юм” гэж загнаснаас улбаалан “гүлдийчихээд” гэх үг моодонд орсон билээ.

Гэтэл өнөөх нь үнэхээр нэг “гүлдийчихээд” буцаад эргэн харж чадахааргүй нэгэн байсан нь өнөө нэгэнт тодорхой боллоо. Дээхнэ үед баруун Монгол бөх буюу бух ноолдоонд эхээс төрөхдөө л жинхэнээсээ гүлдийж төрсөн нөхдүүд мэр сэр байсан гэдэг. Тэдний хүзүү нуруу үегүй туушдаа учир эргэж харахын тулд бүтэн биеэрээ эргэдэг байсан гэдэг. Энэ утгаар аваад үзэхээр баруун нутгийнхан дунд “гүлдийх” бол эртний хэллэг.

Сүүл рүүгээ энэ үг нь хэнэггүй нөхдүүдийг нэрлэх нэршил болон тогтож эхэлсэн гэлцэх. Энэ утгаар л Ц.Элбэгдорж найзыгаа “гүлдгэр” гэж олны өмнө загнасан байх. Харин “гүлдийсэн юмнууд” гэж олныг хамруулсан хэллэгийнх нь цаана АН-ын анд нөхөд нь бүгд байж ч мэдэх юм. Учир нь тэр үед С.Баярцогтын Швейцарийн банкин дахь сая ам.доллар бүхий данс илэрчихээд мань эр жинхэнэ гүлдийж явсан цаг билээ.

Өнөөдөр “Женко” Х.Баттулгыг дагаад дэргэдэх нөхөд нь бараг бүгд л гүлдийжээ.

Гүлдийх ашигтайг түрүүлж ойлгосон Ш.Түвдэндорж

Ерөнхийлөгч найздаа “гүлдийчихээд” хэмээн дуудуулсан Х.Баттулга тэр чигээрээ гүлдийсээр ХХАА-н сайдын суудлаа өгч, улмаар өөрийн багтаж байсан Засгийн газрынхаа эсрэг нэвтрүүлэг бэлдэн цацаж, дахиад л Элбэгдоржийн бүр өрөөнд орж загнуулсан. Гэтэл Х.Баттулгыг АН-ын унаган фракц буюу ардчиллын үнэт зүйлс нь гэгддэг МоАХ-н тэргүүн болохоосоо эхлээд хажуудаа авч явсан итгэлт Түвдэндорж нь өөрт нь болон фракцдаа жинхэнэ гүлдгэр хандах нь тэр.

Тэр гүлдийсээр өөрийн багтаж байсан МоАХ –оос урваж, “нөхдөө” нулимж орхиод Н.Алтанхуягийн Засгийн газарт ХХАА-н сайд болсон билээ. Тэрхүү гүлдгэрийг гүлдийж байгаад сайд болсноос ердөө зургаан сарын дараа хуучин нөхөд нь Засгийн газрыг нь унагасан. Тухайн үед намынхаа Засгийн газрыг унагавал намаас хөөнө гээд байхад л гүлдийгээд дайраад байсан нь жилийн өмнөх л явдал.

Ингэж АН болон тус намаас УИХ-д сонгогдсон нэгэн фракцийг “Гүлдийгч” гэдэг фракц болгон хувиргасан билээ.

“Жамух” уул нь “гүлдийдэггүй” л юмсан…

Хэн нь хэнийгээ намнах вэ гэсэн бүлэглэлүүд төр, засгийн толгойд гарсан сүүлийн 10-аад жилээс АН эрх барьсан энэ дөрвөн жил шиг гүлдгэрүүд хэт олноор төрсөн нь бас үгүй. Одоогийн АН-ын дарга болсон нэгэн гүлдгэр “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газрынхаа “гүлдгэрүүд”-ийн эсрэг өөрийн “гарын доорх” гүлдгэрүүдийг зогсоохын зэрэгцээ өөр бусад гүлдгэрүүдийг ч нэгтгэж чадсанаар унагаж авсан юм.

Тэрүүхэн үедээ АН-даа хамгийн эрүүл дуу хоолойг гаргаж байсан, одоо ч гаргасаар байгаа Р.Амаржаргалыг дараагийн Ерөнхий сайд болгоно хэмээн “хошгируулцгаав”. Энэхүү “хошгируулах” гэдэг үгийг мөн л Ц.Элбэгдорж гаргаж байсныг санаж буй биз ээ. Гэвч гүлдийгсэд нэг нөхрөө АН-ын дарга болгож авмагцаа Р.Амаржаргалыг хошгируулсанаа харуулсан билээ.

АН-ын даргын албыг хаших болсон З.Энхболд, Б.Баабарын өгсөн “Жамух” нэрээ “гүлдгэр” нэрээр сольж, жинхэнээсээ гүлдийж, фракцийн нөхөд нь ч гүлдгэрүүдийн эгнээнд орцгоосон. Уг нь түүхэнд Тэмүжинг Чингис болтол нь хурцалсан Жамух хэзээ ч гүлдийж яваагүй. Тэгвэл энэ цагийн Жамух гүлдийх бүрд Засгийн газрын ажил зогсонги болж явахаа байдаг нь гачлантай.

“Давхар дээл”-ээ тайл гээд байсан эмэгтэй шууд “гүлдийв”

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллахыг хориглох тухай хууль оруулж ирэхэд ноён “гүлдгэр”-ийнхэн хамгийн их дэмжиж байлаа.

Тэр дундаа өмнө нь “Гадсаа” дагавал төөрөхгүй гэж явсаар нэлээд төөрчихөөд “гүлдээк”-ийг дагаад УИХ-д орж ирсэн нэгэн эмэгтэй онцгой үүрэгтэйгээр “давхар даал”-ээ тайлахыг шаардаж байлаа.

Гэвч тэр эмэгтэй шинээр байгуулагдсан “Шийдлийн” хэмээх Засгийн газарт ахлагчийнхаа эзэгнэж байсан ХХАА-н сайдын суудалд ичиж улайх нь битгий хэл нүд нь жаахан бөлцийчихөөд л суучихсан гэх яриа бий. Ийнхүү “Гүлдийх” улам л моодонд оров оо, хөөрхий.

Төр засаг бүхэлдээ гүлдийлээ

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж, С.Баярцогт найзыгаа дэргэдээ авч их л олоныг хийнэ гэж амалж байлаа. Тэр өөрийн Засгийн газар болон Монгол улсын өмнө тулгарсан асуудлыг “Эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг” гэж томьёолоод энэ асуудлыг л шийднэ гэв. Гэвч гүлдгэрүүд түүнд саад болсон.

Учир нь гүлдгэрүүдэд Тавантолгойд хийх гэрээ таалагдсангүй аж. Тэгээд Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан УИХ-ын ажлын хэсэг байгуулсан. УИХ-аар асуудал нь орж ирж хэлэлцэх эсэх нь шийдэгдээгүй байхад ийм ажлын хэсгийг угтан байгуулж асуудлыг орж ирээгүй байхад нь унагахаа илэрхийлсэн.

Тэр ч ёсоор болж, улсын баярын өмнөхөн Тавантолгойд хийх гэсэн энэ гэрээ бол Монгол улсад хохиролтой юм байна гэсэн дүгнэлт гаргасан. Ингэж Ч.Сайханбилэг сайхан худал амладаг, амласнаа биелүүлж чаддаггүй нэгэн болов. Тиймээс Ч.Сайханбилэг өөрөө ч, Засгийн газар нь ч гүлдийхгүй л бол тэсч үлдэхгүйгээ ойлгосон. Тэр цагаас Монгол улсын төр засаг бүхэлдээ “гүлдийлээ”.

Г.Самбаа

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих