Монголын мухар сүсгийн зах зээл

Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр “Чингисийн ач хүү” Арго, Давааням, агуу философич Бат-Отгон, супер нэгдэлчин Эрдэнэ, ШУА-ийн Чадраа, энд тэндхийн сүм хийдийн хамба лам пасторууд, ихийг мэдэгч бөө нар гээд л Монголын мухар сүсгийн зах зээлийн монополиудийн нэрс цуварна. Мэдлэггүй нийгэмд мухар сүсэг хүчээ авдгийн үлгэр Монголд биеллээ олж байх шиг. Хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй нэг л их том том ярьсан хүмүүс. Би ард түмний төлөө хэмээн ам уралдан ярьцгаана. Үнэндээ тэд хуурамч баг зүүсэн гэмт хэрэгтнүүд шүү дээ.

Мэдлэгийг нийгэмд дэлгэрүүлэх ёстой байгууллага нь Их дээд сургуулиуд мөн ШУА билээ. Харин Монголын их сургуулиуд болон ШУА хуучирсан тогтолцооноосоо салж чадахгүй байсаар өдийг хүрч байна. Дэлхий нийт өндөр технологи, сансар огторгуйн талаар ярьж байхад Монголын мэдлэгтнүүд цөмийн хаягдал ямар ч аюулгүй мэтээр ярьж ард түмнээ хуурсаар өдийг хүрлээ. Энэ хугацаанд Монголын ард түмэн мэдлэг боловсролоос хөндийрч мухар сүсгийг дагах боллоо.

Мухар сүсгийг тараагч гол газрууд нь Их сургууль, ШУА, энд тэндхийн шашны байгууллагууд. Тэд хаана ч хүчингүй зөвхөн Монголд л үйлчилдэг өөрсдийн гэсэн үнэнтэй. Тэдний үнэн гэж байгаа зүйлс ард түмний тархийг эргүүлж мэдлэг эзэмших бололцоог нь үгүй хийсээр л. Мэдлэг эзэмших хүсэл мөрөөдлөөр дүүрэн залуучууд, үр хүүхдээ боловсролтой мэдлэгтэй хүн болгох гэж байдгаа барах эцэг эхчүүд  боловсролын алдаатай тогтолцооны хохирогч болсоор байна. Жил бүр мянга мянган Монголын ирээдүй болсон залуучууд сурсан мэдлэггүй, олсон боловсролгүйгээр ажилгүйдлийн армийг нэмэгдүүлсээр. Лам бөө нарт итгэсэн иргэд хувь заяаныхаа боол нь болж амьдралаа дэмий л даатгана. Үнэндээ амьдралаа хэн нэгэнд даатгахаас өөр зүйлийг хийж чадахгүй болсон байна шүү дээ Монголын ард түмэн.

Мухар сүсгийн эсрэг хамгийн их тэмцэх ёстой байгууллагууд нь өөрсдөө мухар сүсгийг тарааж байгаа нь эмгэнэлтэй байна. Их дээд сургуулиуд, ШУА ард түмнийг соён гэгээрүүлэх ёстой болохоос биш тэдний оюуныг бантан болгож, хоосон номлол заадаг тараадаг газар биш гэдгээ анхаарах ёстой л юмсан. Шашны байгууллагууд ард түмэнд буяныг үйлдэх ёстой болохоос биш “супермаркет” шиг ажиллах ёсгүй л юмсан.

Монголд Буддын, Христийн, Исламын, бөөгийн мөн хэдэн арван учир нь олдохгүй шашны зах зээл бий болоод байна. Тэд шашны үнэт зүйлийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах болжээ.

Монголд үйл ажиллагаа явуулж буй сүм хийдүүд:

2010 оны эхэн үеийн байдлаар Монгол улс даяар 511 албан ёсны бүртгэлтэй сүм хийд байгаагаас 254 нь Буддын, 198 нь Христийн, 44 нь Исламын долоо нь бөө мөргөлийн, тав нь Бахайн болон гурав нь тодорхой ангилалд үл багтах сүм хийд ажээ. 2010 оны эхний хагас жилд Улсын бүртгэлийн ерөнхий газар Христийн 37, Исламын 20, бөө мөргөлийн гурван сүм хийдийг нэмж бүртгэжээ. Евангелийн урсгалын Христийн шашинтнууд улс даяар бүртгэлгүй 250  сүм хийд байгаа болохыг тооцоолсон байна.

Энэ бол зөвхөн ил тоо. Үүнээс гадна Монголын өрх бүрт л бараг нэг бөө бий гэж бодохоор Монголчууд бид Түвдүүдээс нэг их ялгаагүй болжээ. Ард түмний сайн сайхны төлөө гэвэл эдгээр сүм хийдүүдийг ад үзээд элдвээр хэлээд яахав. Харин тэд Монголын эрх ашгийн төлөө Монгол хүний төлөө биш байгаад л хамаг учир байгаа юм.

Архангай аймгийн нэг лам Хөвсгөл аймгийн найз ламаасаа тэр нутгийн хөрөнгөтэй хүмүүсийн талаар мэдээллийг авна. Тэгээд Хөвсгөлд очоод Архангайгаас “алдартай” зурхайч ирлээ хэмээн зарлуулаад нутгийн баячуудын талаар авсан мэдээлэлдээ тулгуурлан уг айлд очиж “танайд нэг хөөрөг байна, тэр хөөрөг танайд хүнддээд байна, би аргалъя” гэх зэргээр сүлжээний бизнесээ эрхэлнэ. Эсрэгээрээ Хөвсгөлийн лам Архангайд очиж бас л луйвраа үргэлжлүүлнэ. Лам нар сүлжээний бизнесийг хамгийн амжилттай эрхлэгчид хэдийнэ болжээ.

Хийдүүдэд ном уншуулахын тулд кассанд оочирлож мөнгөө тушаана. Харин мөнгөгүй хүнд бурхан шашин шүтэх эрх чөлөө байхгүй, боломж  ч үгүй. Бурхныг шүтэхийн тулд танд мөнгө хэрэгтэй. Хэдий чинээ их мөнгө ламд өгнө тэр хэмжээгээрээ бурхан таныг ивээнэ гэсэн логик Монголд үйлчилнэ. Лам нар үнэтэй машин унаж “брэнд”-ийн хувцасаар гангарна. Бөө ч ялгаагүй сүлжээний бизнесийг хөгжүүлэгчийн нэг.

Гудамжинд гуйлга гуйн зогсох хүүхдийн хажуугаар үнэтэй машинаа гайхуулах мэт давхих ламд бид очиж мөргөх ямар хэрэг байна Монголчууд аа. Ард түмэн зовж зүдэрч байхад хувийн жаргалаа хөөгч лам нарыг бид шүтээд яах вэ. Өдөр нь ламын дүрээр үдэш нь бирдийн дүрээр царайлагчдад бид итгэлээ өгөөд хэрэггүй л юмсан.

Сахил санваараа мартсан, сүсэг бишрэлээ уландаа гишгэсэн, ард түмнийг мэхлэгч лам нэр зүүсэн шар хувалзуудаар бид амьдралын замаа заалгаад л байх юм. Өөрөө өөртөө эзэн болж “тэнгэрлэг” хүн гэдгээ ухаараач дээ та.

Хаа байна вэ та нарын тэр сүсэг бишрэл, сахил санваар ард түмнийг залилахаа тэдний зовлонгоор жаргал хийхээ болиоч ээ.

Бөөгийн бизнес одоо үед хамгийн ашигтай гэсэн яриа амнаас ам дамжих болж. Нийгэмд үлгэр дууриал болох ёстой урлаг, спортын од нэртэй хүмүүс нь ч гэсэн хоолой нь сөөгөөд, амжилт нь буураад ашиг орлого нь багасаад ирэхээр бөө болох болжээ.  Энэ маягаараа Монголчууд бид хүн төрөлхтний амьд онигоо болох цаг ойртоод л байна шүү. Монголчуудаа бид залилан мэхлэгчдийн бизнесийн хэрэгсэл болсоор л байна шүү дээ.

Д.Санчир


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих