Тэнгэр шиг найрагчийн яруу тунгалаг үдэш

Намар холдох тусам хүйтний эрч чангарч уулын цас гэрэлтэн гялбалзаад өглөө, оройдоо өвлийн амьсгалаар орчин ахуйг ноёлоно. Гэгэлзэн тунгалагших хүмүүний сэтгэл ч өөрийн эрхгүй хүйтэн агаар лугаа замхран алга болох мэт болмуй. Ийм л нэгэн үдэш Улаанбаатарын гудамжаар тэнүүчлэн байхуй дор “Тусгаар тогтнолын ордон”-ы үүдээр шүлэг яруу найрагт хайртай, сонирхон дурлагчид болон, зохиолчид их л сэтгэл нь догдлож, баярлаж хөөрсөн шинжтэй орж ирцгээх аж.

Энэ л үдэш Ард түмний хайрт хүү, Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит “Эх орон – Оюун санаа – Яруу найраг” наадам тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй юм. Амьдарч байгаа нийгмийнхээ сайн сайхны төлөө тэмцэнэ, ард түмнийхээ нэгэн эд эс болж төрснийх тэр үндэстний эрх ашгийг хамгаална, түмэн олны төлөө төрийн өөдөөс дуугарна, бас тэдний хүсэн хүлээсэн төр улсыг байгуулахын төлөө зүтгэнэ гэдэг бол тэнгийн ачаа даах, тэгнэсэн ачаагаа тэнцүүг нь олоод тэгшилчих хараатай чадалтай хавтай эрсийн хийдэг ажил юм. О.Дашбалбар бол энэ утгаараа ХХ зууны монгол төрийн түүхэнд, тэр дундаа ардчилсан нийгмийн эрх зүйт төрийн тогтолцоог байгуулах, улс төрийн түүхэн дэх, нийгмийг бүхэлд нь хамарсан их хувьсал өөрчлөлтүүдийг туулсан түүхийн ээдрээтэй цаг үеийн төрийн жинг тэгшлэлцэж явсан монголын түүхэнд цөөхөн төрөх сод билэгт хөвгүүдийн нэг юм. О.Дашбалбарын хэлж ярьж байсан олон зүйл өдгөө биеллээ олж байгааг бид бэлээхэн харж, тэр бүрий түүний ямар алсын хараатай улстөрч байсан нь олон зүйлээр нотлогдож байна. Шударга үнэний төлөө тэмцэлд тэр хэнээс ч айж байгаагүй. Чухам улаан нүүрэн дээр нь хэлж байж санаа нь амардаг байсан нь түүний үнэнч, шудрага зангийн илрэл болно. Ийнхүү түүний нэрэмжит наадмыг тав дахь жилдээ О.Дашбалбар агсны охин Д.Индра дахин зохион байгууллаа. Энэ жилийн наадмын хамгийн гол нь онцлог нь шилдгийн шилдэг нэг яруу найрагчийг тодруулах байсан билээ. Шилдгийн шилдэг нэг яруу найрагч маань таван сая төгрөгийн эзэн болох бөгөөд О.Дашбалбар агсны хөргийг хоймортоо залах юм.

 

Тус наадамд 90 гаруй найрагчид бүтээлээ ирүүлснээс хоёрын даваанд гучин яруу найрагчид тунан үлдэж, “Тусгаар тогтнолын ордон”-ы долоон давхрын өргөн том тайзан дээр тэмцээний шалгаруулалт явагдлаа. Их найрагчийн “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” номыг санагдуулам цэнхэр өнгийн хуулгаар тайзны арыг нэлд нь хулджээ. Үүний дээр О.Дашбалбар найрагчийн хөргийг залж, доор нь “Эх орон, оюун санаа, яруу найраг” яруу найргийн үдэш хэмээн бичсэн байна. Яруу найрагч, соён гэгээрүүлэгч О.Дашбалбар агсны уран бүтээлийг өнөө үеийн залууст танин мэдүүлэх, түүний уран бүтээл, намтар судлалыг хөгжүүлэх, түүх соёл, уламжлалаараа бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхэд оршино.

Наадам О.Дашбалбар найрагчийн “Болор цомд” шүлгээ уншиж байсан бичлэгийг үзэгчдэд сонирхуулснаар эхэлсэн бөгөөд хоёрын даваанд тэнцсэн гучин яруу найрагчийн нэрсийг зарлаж, тус бүрчлэн танилцуулав. Яруу найргийн гэгээн тунгалаг үдшийг нэгэн дор цогцлоон бүтээж, тэнгэр шиг сэтгэлээр бие биенээ хайрлаж явахыг ард түмэндээ сургамжлан захисан энэ хүмүүний нэрэмжит шүлгийн наадам олон сайхан хүмүүс зочлон иржээ. Найрагчдыг танилцуулсны дараа “Камертон” хамтлаг ая дууны цэнхэр хадаг өргөж, МУГЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар О.Дашбалбарын “Залуус дүү нартаа хүргэх шүлэг”-ийг үзэгчдэд уран яруу уншиж сонирхууллаа.

Уг шүлгийг сонсож суухад “Хэрвээ хүнд мөн чанар гэж буй аваас, тэр нь Эх орон буюу. Гэрийнхээ тооноор тэнгэрийг нь эхэлж харсан, гэгээн тунгалаг Монголдоо би ирсэн. Монголдоо шингэнэ. Монгол хүн хэзээ ч хувийн өмчтөн байгаагүй. Яагаад гэвэл бүх дэлхий түүний өмч байсан. Хөх тэнгэр ч түүний хөрөнгө юм. Уулс, толгод, гол ус, өвс ногоо, ая дуу, гэрэл гэгээ, чулууд, одод цөм түүний өмч!…Өмнөдийнхөн гэр дэх хогшлоо өмч хөрөнгө гэж байсан бол монгол хүн гадаах малаа өмч гэж байсан ч, хэрэг дээрээ мал нь түүний байгальтай харьцах харьцаа, хөдөлмөр, амьд ертөнцийг дээдлэх хайр, байгаль дэлхийгээ бишрэх үзэл юм”  хэмээн 1991 онд найрагч маань бичсэн нь санаанд өөрийн эрхгүй бууна. Ингээд наадмын салхийг хагалж залуу яруу найрагч А.Цогтбат шүлгээ дуудсан юм.

Шилдэг гучин яруу найрагчаас гурван даваанд 15 шүлэгчид шалгарч, дөрвын даваа буюу эцсийн шалгаруулалтад МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зураач М.Амархүү, Л.Ганзул, Б.Баттулга, яруу найрагч О.Элбэгтөгс, Т.Дарханхөвсгөл нар шалгарсан юм. Эцсийн шатанд тунан үлдсэн эдгээр найрагчид өөр өөрсдийн хамгийн шилдэг гэсэн шүлгүүдийгуншсан нь тодорхой. Үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, хамгийн гэгээн тунгалаг шүлэг дуудсан О.Элбэгтөгс, Б.Баттулга нар  ширүүхэн өрсөлдөгч нар байсан юм. Ингээд сүүлийн мөчид шүүгчид шийдвэрээ гаргалаа. Ерөнхий шүүгч, яруу найрагч, зохиолч, шүүмжлэгч П.Батхуяг сэдвийн хүрээнд ойр байсан, уянгын сайхан шүлгүүд уншсан Базарсадын Баттулга “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадмын тэргүүн байрыг эзэлжээ гэх мөчид дэмжиж байсан үзэгчдийнх нь алга ташилт, уухайн дуугаар танхим дүүрч билээ.  Түрүүлсэн найрагч тэргүүн шагналын таван сая төгрөгийнхөө нэг сая төгрөгийг гадагшаа эмчилгээнд явах гэж байгаа хүүхдийн эмчилгээнд хандивласан нь олон түмнийг уяраасан билээ. Яруу найрагчийн сэтгэл гэдэг ийм л байдаг аж хэмээн олон хүн хоорондоо ярилцаж байв. Овойж оцойтлоо хуримтлал хураагаагүй гэдгийг нь манай бичгийн хүрээнийхэн цөм мэднэ. Гэхдээ шагналаасаа нэг сая төгрөгийг нь шууд өгчих тийм л ухаан, яруу найрагчаас л гардаг юм. Ер нь бол санхүүгийн асуудлаа шийдсэн олон хүмүүс байдаг хэдий ч яг ингээд гараа сунгаж чаддаг хүн нь хэд байдаг билээ.

Олон хүний бие сэтгэлийн шүлэг найргийн уран шадаар дулаацуулж, эх орон, бие биенээ хайрлах нь эрхэм зүйл юм гэдгийг ухааруулж өгсөн нэгэн үдэш гэрэл гэгээтэй бүхнээр дүүрэн өнгөрлөө.

“Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа  төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү” хэмээх буддын сургааль шиг мөрүүд хүн бүхний цээжинд үүрд мөнх дуудагдаж явах биз ээ. Бурхны хутаг орших болтугай.

Б.Алтанхуяг


URL:

Сэтгэгдэл бичих