Эрхэсийн хувьцаа

Таван хэмжээст ертөнц

/ хошин зөгнөлт өгүүллэг/

“Энэ сонгуульд ялчихвал их хуралд гурав “улирсан” гишүүн болох нь ээ. Ёстой юу байдгаа өгөөд, саналыг ч харин муусайн юмнуудыг ангайтал нь худалдаж авах юм шүү. Юу нэртэй наймын найман жил их хурлын гишүүн явлаа. Санал таалахтайгаа байна аа, зүгээр.” Энэ өглөөг Төрөө иймэрхүү хорхойссон бодлоороо эхлүүлж, азтай амны хишигтэйгээ бодохоос хөх инээд нь хүрнэ. Эрдэм номд гавиагүй ч хоншоор нь байвал ч төр барих, төрөл арилжих хоёр ч амархан хог шив дээ. Түүний таатай бодлыг нь утас дуугарч таслав.

“Төрөө, чи цонхоороо хар даа. Бас зурагтаа асаа даа”

Цонхоор ч нэг их сүйдтэй юм харагдсангүй. Баахан багширсан хүн, түгжирсэн машин тэрэг. Зурагтаар харин: “Үзэгч та бүхэндээ шуурхай мэдээ хүргэж байна. Яг одоо та бидний өмнө зүүд мэт сонин цаг ирчихээд байна. Ямартай ч дэлхийн хүн төрөлхтөн энэ өдрөөс хойш бүх юмсыг үнэгүйгээр хэрэглэх болж байгаа юм байна. Та хүссэн хороололдоо хүссэн байр руугаа хүссэн үедээ нүүгээд орчиход л болно. Бас хүссэн машинаа зүгээр л очоод авах нь. Юм бүхэн үнэгүй болох ийм азтай эринд амьдрах азтай үзэгчиддээ баяр хүргэе. Бас нэвтрүүлэгч миний бие сүүлийн удаа үзэгч та бүхэнтэйгээ уулзаж байна. Учир нь би энэ ажлыг дуртайдаа биш, үнэтэй нийгэмд амьдарч явахдаа цалин гэдэг үнийн төлөө ажиллаж байсан билээ. Одоо юм бүхэн үнэгүй байхад мэдээ уншаад суух зав хаанаас байх билээ. Хүмүүний хэрэглэдэг юм бүхэн үнэгүй болсон дэлхий гарагт одоо л нэг амар тайван ноёлох нь ээ. Мөнгө гэж эрээн цаас үгүй болж, эдийн засаг гэх шинжлэх ухаан оргүй арчигдан, шунал атаархал гэж огт байхгүй, тайван амьдрах цагийг бид эзэгнэх хувьтай байжээ.” гэсэн мэдээ гарч байлаа

“Юу болоод байна аа? Мөнгө байхгүй болж, юм бүхэн үнэгүй болчихоод байхад би гэж тэнэг нөхөр сонгууль бодчихсон сууж байдаг. Ёстой утгагүй юм. Тэгэхээр байз гүрэн алгасаж хадгалсан хэдэн тэрбумаа яах болж байна аа. Тэрний төлөө юу эсийг хийж, юу эсийг аллаа даа? За юу ч гэсэн гаръя байз.” Төрөө ингэж бодоод гарч гарын дор унадаг 570-аа асааж хөдлөхөд гудамжинд хүмүүс ёстой хөл толгойгүй болсон байв. Нурмайсан доожоогүй гарууд 570 унаж, дэлгүүр зах, банк гээд аль л мөнгөтэй хүний хөлхдөг байсан газрын үүд хаалгууд бүгд нээлттэй. Хаанаа хурааж байсан юм гэмээр их доллар, төгрөг хаа сайгүй нурж унана, салхинд хийснэ.

Бэлэн мөнгөний АТМ машинуудын хажууд хүүхдүүд мөнгө гаргаж тоглоно. Тэдэнд их зугаатай байгаа бололтой. Хаа сайгүй нүүдэл суудал. Зарим байрнуудын үүдэнд “би эхэлж ирсэн чи эхэлж ирсэн” гээд бөөн хэрүүл. Тэгээд сүүлдээ хөлийн хурдаар уралдан өрсөж, гарын бяраар тэмцэлдэж эхлэв. Төд удалгүй тэмцэлдэхээ ч болив. Залхуу нь хүрсэн хүмүүс өөр дуртай барилга руугаа нүүж орно. Машин тэрэг сайн жолооддог нэгэн нь авто захаас хэд дахин тойрч олон машин авах аж. Хүнсний дэлгүүрт ч гэсэн бяртай том биетэй нь л их хоол хүнс авч байв.

Төрөө гэнэт сэхээ оров. “Банк ингэж балгас болж, цаасан дэвсгэрт ингэж хог болчихоод байхад би бас юу гэж зүгээр зогсох уу. Ёстой хурдхан хөдөлж хэд хэдэн байр цоожлоод авдаг хэрэг ээ. Аан тийм бас хэдэн машин нэмж авъя. Тэртэй тэргүй үнэгүй юм чинь. Мөнгө хэрэггүй боллоо гээд Төрөө ингэж гансрахгүй шүү. Машин олон авна гэдэг чинь шатахуун их хэрэг болно. Шатахуунаа нөөцлөх хэрэгтэй. Хөөх хурдлахгүй бол болохгүй нь хэдэн шатахуун түгээгүүрийн газар цоожлоод авъя.” Мангар мангар том биетэй залуучууд шатахууны газрыг хэдийн эзлээд авчихаж. “Пүү новш гэж. Биеийн тамиртай хэзээнээсээ муу байсан над шиг “гоожны гол” шатахуун эзэлнэ гэж худлаа юм байна. За байж ойртоод очвол таних нь уу үгүй юу. Машинаа тулгаад очтол нөгөө аймаар биетнүүд чинь “хэний газар дээр дураараа машинаа тавиад байна” гэх нь тэр.

Бүтэхгүй нь ээ. За байз ордон ороод үздэг хэрэг ээ. Өнөөдөр даваа гараг. Эхнээсээ ирж байгаа биз. Манай хэд яаж хурааж хумхиж байна тэдний жишгийг харъя даа. Ганцаараа ч амжихгүй нь бололтой. Нөгөө их харуул хамгаалалт нэг нь ч алга. Халтайсан халтайсан гарууд ордноор нэг дүүрч. Үгүй мөн ингэж хөглөхийг яаж мэдэх вэ. Мөнгө төгрөгөөр л захирч, захирагдана гэж тооцоолж байснаас ингэж хүч бяраар нам тавиулна гэж бодсонгүй. Манай сайд, гишүүдээс нэг нь ч үзэгдсэнгүй. Тэд нар ч бас над шиг л боож үхэх гэж байгаа байх аа. Банкаар мөнгөөр шийддэг юмгүй болчихоор чинь нээрээ одоо яах болж байна аа.

Эхнэрийгээ л дагуулахаас. Хүний хань байна даа. Ийм юман дээр хамжаа болохгүй гээд яахав. Залгалаа. Зам бөглөрөөд байна гэнэ. Хүн бүр машин унаад, шатахуун олдохгүй. Нэг шатахуун авах санаатай зогсож байсан нь хэдэн биерхүү авгай нар ирээд хөөгөөд гаргачихсан гэнэ. Мэдээж тэгнэ шүү дээ. Жин хасаж байгаа гээд л, янз бүрийн өвс идэж ус уусан хүнийг дийлэх юухан байхав дээ. Ёстой нэг баларсан юм аа. Унтаад сэрэх хооронд юм ингэж өөрчлөгдөх гэж. За эхнэрийг хүлээгээд ч нэмэргүй болох нь. Ер нь хаашдаа хүн болгон унаж байхад түгжрэн түгжрэн энэ муу хогийг унаж яадаг юм. Төрөө машинаа зам дээр хаячихаад явган явлаа. Бодож байгаа ганц юм нь гэртээ хурдан очиж хэдэн алтан гулдмайгаа шатахуун болгох. “Петровис”-ын булиа залуус руу хэдэн гулдмайгаа барьж очоод шатахуун авах гэтэл:

-          Наад хогоор чинь яах юм.

-          Юу ярина вэ. Энэ чинь шижир алт шүү дээ гэлээ.

-          Тэгээд наадхаар чинь машин явахгүй шүү дээ. Хаяач.

Ээ чааваас гэж үнэгүйн зовлон ирэх нь энэ байжээ. Ёох өглөөнөөс хойш хэдэн байр цоожлох гэж бүр ам цангачихлаа. Ус уух минь. Ус олддоггүй ээ. Ус тасарчихсан гээд, бас ажиллаж байгаа ресторан ч гэж алга, дэлгүүрийн бараа хүнс ус, хүчтэй нь үүрч гараад бүр илүү хүчтэй нь хүнсний дэлгүүрүүдийг цоожлоод авч. Өнгөрчээ. Төрөө гэртээ орж баллонтой цэвэр уснаасаа хэсэг уулаа.

“Аан тийм алтны уурхайгаа нэг гэр хорооллын худгаар сольчихъё байз. Өө новш гэж зам дээр машинаа хаячихлуу. Приусээрээ явахаас. Одоо юунаасаа ичих вэ, бензин ч бага идэх юм.  Худагтай л болъё та минь. Энэ чинь хатаж үхэлтэй нь биш. Төрөө муу хар приусээ унаад гэр хороолол руу жийж өглөө. “Ёо энэ ядуус нээрээ мөн арчаагүй улс шүү. Бүх юм үнэгүй болгочихоод байхад л энэ хавьдаа уригнаад сууж байх юм. Гээд яах вэ бас. Халтар халтар гарууд бас машин уначихаж энэ тэр. Зарим айлын хашаанд дүүрэн түлш. Заримд нь дүүрэн гурил будаа. Зарим нь дүүрэн машин. Зайлуул гэж. Юм үнэгүй болохоор бас хашаагаа дүүргэхтэйгээ болж дээ.” Төрөө ийн бодож явсаар арай гэж нэг худаг олж харав. Очлоо пиг хүн. Ус нь дуусч байна гэнэ. Хоёр дахь худаг бас л эзэнтэй болчихож. “За гүний худаг олдохоосоо ч өнгөрлөө. Гар аргаар ухсан гэр хорооллын хашааны худаг олж аваад алтныхаа уурхайг өгчихье байз.” Тэрээр хайж, хайж нэг муу навсархай хашааны завсраар хүн худагнаас ус татаж байхыг харлаа. Ашгүй аврал минь гэж. Хаалгыг нь тогшлоо.  “Ороо ор. Түгжээгүй байгаа.” “За энэ хүнийг л гэнэдүүлж байгаад худгийг нь худалдаж авъя байз.” Төрөө худаг руу дөхөөд очтол багынх нь найз. Их хуралд орсныг нь дуулаад тусламжийн гэр гуйхаар зорьж ирэхэд нь ордон руу оруулаагүй буцаасан найз нь байлаа. Төрөө ч зорьсон хэргээ хэлж, алтны уурхайгаа ав гэлээ. Уурхайн баталгаа болгож, хэдэн гулдмай алтаа ч өвөр дээр нь тавив. Нэг байраа ч дээр нь нэмж өгье” гэлээ. Тэр дуугарсангүй. Худгийг нь л авч байвал ч энийг царайчлах ч дүүрчээ. Ингээд л ядуус арчаагүй гэдгээ баталдаг юм шүү. Бүх юм үнэгүй болчихоод байхад өглөө эртхэн гараад ганц нэг байр, ганц хоёр машин олоод авахаа ч мэдэхгүй. Навсайсан гэрт сууж л байдаг” гэхээс Төрөөгийн дургүй нь хүрсээр байлаа.  Худгийн эзэн ганц үг дуугарсангүй, алтан гулдмайнуудыг нь ч авсангүй. Төрөө түүнийг сахьсаар хэд хонов. Гэнэт далдаас: “Энэ дэлхийн юунд ч шунаагүй, бүхий л даруу хүмүүс ээ. Та нар яллаа. Та нарыг шалгаж, дэлхийн бүх юмсыг хүртэл үнэгүй болгосон. Тэгсэн ч та нар шунасангүй. Одоо шинэ тэнгэр, шинэ газар руугаа явцгаая. Та нарын хувьцаа тэнгэрт бий. Маргад эрдэнэ, бадмаараг, анар, усан биндэръяа, оюу, ягаан болор, номин, хаш, сувд, мана, хас, саран чулуу, алмазан гаригийг та нар мөнхөд эзэмшиж, одноос одны хооронд дүүлэн ниснэ ээ.” гэх хүнгэнэсэн дуу гарлаа.

Худгаа сахиж суусан багынх нь найз жигүүр урган нисэхүйд, газрын юмсыг л хайрласан шуналдаа  гэмшье гээд ч Төрөө дэндүү оройтсон байлаа. Газар доргин хөдөлж эхлэв.

Ч.Өлзийням


URL:

Нэр: Зочин Огноо: 30 October 2015

нээрэээ юм үнэгүй бол ийм юм болох байхаа. Үнэгүйдэнэ гэдэг төгсгөл ирж байгаа гэсэн үг

Сэтгэгдэл бичих