Б.Урангоо: Уйл даа, уйл…, алагхан нүдэн минь

Уйлаад л буцах юм даа, алагхан нүдэн минь
Уйлаад л буцахын тоолонд
Урагдчихдаг юм, энэ хүрэнхэн зүрх минь
Уруухан эргээд алхахад
Урсчих юм даа, энэ гэгээнхэн сэтгэл минь
Уйлаад л тайвшрах юм бол
Уйл даа, уйл…, алагхан нүдэн минь
Удахгүй эзэндээ очих тэвэрт минь
Уужиртлаа жаахан уйлаадах даа

Хүрч чадахгүйн тавилан байдаг л юм шүү, алдрай минь
Хүнийх байлаа ч бидэн хоёр учирлаа шүү дээ, амраг минь
Хожуухан ч гэсэн орчлон уулзууллаа шүү, хонгорхон минь
Хорвоо иймдээ ч өөрөө утгатай байдаг бизээ, хайр минь ээ

Ядам хуруунд чинь сүйн бөгж зүүчихээд
Янаглал амсах эрхгүйг тавилан өөрөө мэднэ ээ
Нүгэлт хайрын өмнө хэн хэн нь буруутай ч
Нүцгэн дурлалын амтыг зоргоороо хүртэж болохгүй ээ
Зөрөг замын эхэнд охидын минь ээж хүлээхэд л
Зөвхөн сэтгэлийнхээ гүнд нууцхан хадгалж л чадна
Зөв л гэж хорвоо дуугарч ч зүрхлэхгүй тавиланд
Зүүдэндээ л харин бардамхан уулзъя даа, алагхан нүдэн минь

Үнсүүлчихээд л буцах юм даа, алагхан нүдэн минь
Үнсүүлээд л буцах тоолонд
Өрөвдөх л юм даа, аймхайхан хонгороо
Энгэрт минь эргээд хоргодоход
Эмтрэх л юм даа, адтайхан амраг минь
Тэврүүлээд л болчихдог юм бол
Тэвэрье, нэг сайхан тэвэрье…, наалинхай минь
Сул асгарсан гэзэгний чинь үзүүрт би жаахан уяагдъя
Сур ханасан цээжинд минь чи жаахан уйлаад л тайтгарчих аа

Үнсүүлээд л болчихдог л юм бол
Үнсье, мэлмэн нүд, ялдамхан уруулыг чинь үнсье
Минийхээ тэвэрт эрхэл, тэгээд жаахан тунирхаад
Мэлмэртлээ уйлаад буц даа, алдрайхан минь
Бүсгүй бүхэн уйлахдаа өөр өөр өнгөтэй ч
Нулимс л зохимоор хөөрхөн нүдэн минь
Бүсгүй бүхний инээд өөр өөр аялгуутай ч
Сүүдэр ч сүлэгдмээр алагхан нүдэн минь

Санавал ч санаарай, яадаг юм бэ
Санахын тоолонд дэлхийг сэмэртэл санаа алдаад шаналах л байх
Саваагүйтэж нэг уумаар байвал уу, яадаг юм бэ
Сайхан амрагийн дуу аялаад саранг эмзэглэтэл гуних л байх
Асгартал уйлаад л ав даа, алагхан нүдэн минь
Аргадахын учиргүй ааштайхан хонгор минь
Ангир нуурандаа амар л суудаг гэдэг дээ
Айлын гэргий сэтгэлийн жолоотой байдаг юм шүү
Алагхан нүдэн минь ээ

Үнсэх ч эрхгүй уруулыг
Үгүйсгэж би чадахгүй ээ
Амь шигээ хайртай шүү
Аминаасаа ч илүү хайртай шүү, алаг нүдэн минь

2011. 03. 18.
Улаанбаатар хот


URL:

Сэтгэгдэл бичих