АНУ “Дэлхийн цагдаа” юу

АНУ-тай холбоотой таагүй мэдээллүүд шил шилээ даран гарч ирсээр байна. Тэдний гаргаж буй үйлдлүүдэд дэлхий нийтийн таагүй хандлагатай нүүр тулахад хүргэв. АНУ-ын Үндэсний аюулгүй байдын албны ажилтан Эдуард Сноуден анхлан АНУ бусад орнуудын нууц материалыг цуглуулж, утас чагнадаг гэсэн мэдээлэл түгснээс хойш даруй хагас жил орчим хугацаа өнгөрчээ. Энэ хооронд АНУ-тай холбоотой тагнуулдсан гэх мэдээллүүд ундарсаар байв.

Дэлхий нийтийн жишиг улс хэмээж байсан Америк юу болов гэлтэй л удаа дараалан балагт унаж байгаа нь тоогүй. Тэднийг холбоотон улсуудаа чагнаж, тагнаж нууцаар мэдээлэл цуглуулж байсан нь удаа дараа нотлогдсон. Хамгийн сүүлийн баримт гэвэл Германы канцлер Ангела Меркелийн утсыг чагнасан явдал нь томоохон шуугиан тариад байгаа. Энэ явлаас болж Барак Обама болон Цагаан ордныхон чадлынхаа хэрээр тайлбар тавьж, мэдээллүүдийг эсэргүүцэв. Гэсэн ч тагнуулсандаа гомдолтой байгаа улсууд хэвллээр тэдний бүдүүлэг авирын тухай бичсээр байна.

Европын холбоотон улсууд АНУ-аас тайлбар хийхийг, уучлал гуйхыг, цуглуулсан мэдээллээ дэлгэхийг шаардаж байгаа. Эх сурвалжид тэмдэглэснээр АНУ нийт 35 орны төрийн тэргүүн, дээд албан тушаалтнуудын утсыг чагнаж байсан гэх. Нэг орноос л гэхэд 60-80 сая утасны яриаг чагнасан тухай хэвллүүдэд нийтэлжээ. Энэ мэдээлэл олон нийтэд цацагдсаны дараа европын иргэд “Америк хүчирхэг том гүрэн улс, гэхдээ ийм увайгүй байдал гаргаж байгаа нь таалагдахгүй байна” гэж ярьцгааж байна. Америкчууд зөвхөн улс төрийн хүрээнийхэн бус томоохон бизнесмэнүүдийг ч чагнаж байсан. Эдгээрийг гэрчлэх баримтууд бий. Хэрэг явдал сөхөгдөж эхэлсэн цагаас хойш Цагаан ордноос хэд хэдэн чагнах төхөөрөмж илэрсэн ньтом баталгаа.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба дотоодын аюулгүй байдлаа хангах ёстой ч бусад улсын нууцад нэвтрэх эрхгүй. “The Guardian” сонинп нийтэлснээр АНУ-ын тагнуулын тусгай алба зөвхөн утас чагнахаас гадна “Facebook”, “Twitter” зэрэг олон нийтийн сүлжээ сайт, цахим шуудан, интернэт хайлтаар дамжуулан хүмүүсийн мэдээллийг цуглуулдаг гэнэ.

Хангалттай гэмээр олон баримтын өмнөөс АНУ сөрөн зогссоор байгаа. Үндэсний аюулгүй байдлын албаныхан хэвлэлүүдээр гарч байгаа шиг сая сая мэдээллийг хулгайлаагүй, улс гүрнүүдийн тэргүүнүүдийн утсыг чагнаагүй хэмээн ам бардам эсэргүүцэж байна. Хэтэрхий итгэлтэйгээр, олон баримтын өмнөөс сөрж зогсож байгаад нь олон улсын ажиглагчид шүүмжтэй хандаж эхэлсэн. Түүнчлэн АНУ-ын энэ байдал хөрш орнуудтай харилцах таагүй нөхцөл үүсгэх гол үндэс болох нь тодорхой. Харилцагч орнуудаас нь эхнээсээ холбоогоо таслах сонирхолтой байгаагаа ба Латин Америкийн зарим орнууд аль хэдийнэ илэрхийлээд эхэлчихсэн. Цаашдаа тэдний гаргасан өчүүхэн боловч алдаа европчуудын эгдүүцлийг улам л хүргэх болно.

Гэсэн ч АНУ өөрсдийгөө “Дэлхийн цагдаа” гэсэн бодлоосоо ухрахгүй байсаар байна.


URL:

Сэтгэгдэл бичих