Монголын энхийг сахиулагч НҮБ-ын цагдаа нарын амь насыг аварчээ

БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний V мотобуудлагын батальоны 3 дугаар ротын энхийг сахиулагч ахлах ахлагч Б.Алтантив НҮБ-ын цагдаа нарыг амь эрсдэхээс хамгаалж, гавьяа байгуулжээ.

Тодруулбал, түүнийг Бентью баазын ажиглах цамхагт үүрэг гүйцэтгэж байхад нь НҮБ-ын цагдаа нар түүнээс тусламж хүссэн байна. Тухайн үед болсон үйл явдлын талаар Б.Алтантив ийнхүү ярив.

-Тухайн өдөр чухам юу болж өнгөрсөн талаар мэдээлэл өгнө үү?

-10 дугаар сарын 4-ний өдрийн 18.40 минутын орчимд би харуулын цэгт дэд ахлагч Э.Ирээдүйтэй хамт үүрэг гүйцэтгэж байсан. Гэтэл нэгэн цагдаа “Mongolia, Help me” гэсээр сандран шатаар гүйгээд гараад ирсэн. Хамтрагчтайгаа хамт бууж шалгахад дотоодын дүрвэгч иргэдийн хорих байрт үймээн самуун дэгдэж, саатуулагдаж буй залуус НҮБ-ын цагдаа нарыг зодож байсан. Саатуулагдсан хоёр залуу гартаа урт хэмжээний төмөр барьж, НҮБ-ын цагдаа эмэгтэйг толгой руу нь цохин гэмтээж, улмаар амь насанд нь заналхийлэн хөөж байв. Үүнийг хараад хоёр хоригдол руу буу тулган сумлаж, “Get down” хэмээн хашгирсан. Ингээд зөрчил гаргасан залуусыг баривчилан, саатуулах байрт оруулж, зөрчилт байдлыг арилгасан. Энэ үеэр тусламж дуудсан бусад НҮБ-ын цагдаа нар нэмэлт хүч болон ирж, хүч нэмэгдүүлсэн.

Түр саатуулагдсан залуус оргохын тулд ийм үйлдэл гаргасан уу?

-Хорих байр нь дотоодын дүрвэгч иргэдийн лагерт зөрчил гаргасан хүмүүсийг түр саатуулдаг байр юм. Миний үүрэг гүйцэтгэж байсан харуулын цамхаг өндөрт байрладаг бөгөөд Бентью баазын дотоодын аюулгүй байдлыг ажиглан хяналт хийх үүрэгтэй. Тус харуулын цамхагийн доор түр саатуулах байр байрладаг. Миний ойлгож буйгаар хэрэг явдал болоход НҮБ-ын цагдаа эмэгтэй саатуулагдаж буй залууст оройн хоол өгөхөөр хорих байрыг онгойлгосон байна. Энэ үеэр 4 залуу оргохыг завдсан юм билээ. Тус саатуулах байр 20 гаруй саатуулагчидтай бөгөөд бусад нь торны цаана түгжээтэй байсан.

-Тухайн эмэгтэй хэр гэмтсэн бэ?

-Толгойдоо хүнд гэмтэл авсан. Саатуулагдаж байсан залуус тун ширүүн ааш гаргаж байсан бөгөөд жаахан хожимдож очсон бол цагдаа эмэгтэй биедээ маш хүнд гэмтэл авч, цаашлаад амь насаа ч алдах эрсдэлд хүрэх байв. Хэрэг явдал дууссаны дараа НҮБ-ын цагдаа нар “Моngolia good, thank you” хэмээн надад талархсанаа илэрхийлсэн.


URL:

Сэтгэгдэл бичих