Ядуус нь баячуудаа тэтгэсээр л байх юм уу
Манай улсын банкны систем үнэн шог юм аа. Яаж ч бодсон бага дунд орлоготой, ядуу хүмүүс нь задартлаа баяжсан хүмүүсийнхээ мөнгийг өсгөж өгөх гэж хуруу хумсаа хугартал зүтгэж байгаа нь үнэн. Бодоод үз дээ. Монголд арилжааны 14 банк байгаа. Үүнээс топ зэрэглэлд багтаж, баргийн юманд барьц алдахгүй гэгддэг 4-5 банк бий. Гэтэл одоо болтол хадгаламжийнхаа хүүг жилийн 6-14 хүртэл хувь дээр бариад л байгаа. Зургаан хувийн хүү гэдэг бол хугацаагүй хадгаламжийнх. Үүнээс бодоод үзвэл баячууд мөнгөнийхөө багахан хэсгийг банкинд байршуулаад, хүүгээр нь тансаглаж байна шүү дээ. Бяцхан тооцоо хийе. Тэрбум төгрөгийн хадгаламжтай хүн сард хамгийн бага буюу 0.5 хувийн хүү авна гэж үзэхэд л 5 сая төгрөг халааслана гэсэн үг.
Гэтэл “Мон-Уран”-ы Б.Наранхүү “Анод” банкыг дампуурч байх үед 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламжаа татлаа гэсэн үнэн, худал мэдэгдэхгүй мэдээлэл цацагдаж л байсан. Үнэн байлаа гэхэд, 40 тэрбумын хадгаламжтай хүн сард 0.5 хувиар хүү бодуулж авлаа гэхэд л 200 сая төгрөг зүгээр ороод ирнэ биз дээ. Гэтэл Монголд 40-өө байя гэхэд 4-5 тэрбумын хадгаламжтай бизнесмэн, УИХ-ын гишүүн дүүрэн л байна. Эдгээр баячуудын хадгаламжийн хүүг төлөх гэж банкууд хэдэн ядуус, жижиг, дунд үйлдвэрлэгчдээ шулах аргаа нарийн боловсруулж байгаа юм. Орон сууцны зээл өгч, залуу гэр бүлээ дэмжинэ гээд л хэдэн банкууд бие биенээсээ өрсч сурталчилаад байгаа. Гэтэл начир дээрээ урьдчилгаа төлбөр 20 хувь, хүү нь багадаа л жилийн 16 хувь хүрч байгаа шүү дээ. Сард 700 мянган төгрөгийн орлоготой, хуримтлалгүй залуу гэр бүлд энэ хүү арай дэндэж байгаа биз дээ. Ингээд л байртай болно гэдэг залуусын хувьд мөрөөдөл болоод байгаа юм. Энэ урьдчилгаа, хүүг хангалттай дийлээд, барьц алдалгүй төлчих хэмжээний орлоготой хүн юу гэж зээл авах вэ дээ. Зүгээр л хуримтлалаараа л авчихна.
Багахан жишээ л гэхэд энэ. Яаж ч бодсон ядуус нь баячуудынхаа мөнгийг арвижуулахын төлөө хуруу хумсаа хугалан зүтгэж байгаа биз дээ. Бүр 20 жилээр байр зээлээр авч, 40 сая төгрөгийн байрыг 100 сая болгон төлж байна. Хүүнд өгсөн 60 сая төгрөг нь банкны орлого ч биш олон тэрбумын хадгаламжтай олигархийн халаас руу орж байгаа нь харамсалтай. Энэ гишүүд элдэв хэрэггүй зүйл амлаж байхаар, банкны системд багахан өөрчлөлт оруулж, хадгаламжийн хүүг багасгах тал дээр анхаармаар юм. Ядаж хадгалуулж байгаа мөнгөнөөс нь хамаарч хэлбэлздэг байсан ч яах вэ дээ.
П.Нанзад
URL: