Оюутолгой, Тавантолгойн төслүүдийг монголчуудад ашигтайгаар шийдүүлэхийг хүсэв

Зөвлөгөөн тус бүрээс гарсан саналуудыг нэгтгэн, ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулж бодит ажил хэрэг болгохоор тус намынхан төлөвлөжээ.

МАХН-ын “Анхан шатны байгууллага-2015” Улаанбаатар хотын бүсийн зөвлөгөөн өнгөрсөн амралтын өдрүүдэд болов.

Энэ удаад Чингэлтэй, Хан-Уул дүүргийн анхан шатны байгууллага, гишүүд, дэмжигчид оролцсон юм. Мөн МАХН-ын дарга, Мон­гол Улсын гурав дахь Ерөн­хийлөгч Н.Энхбаяр, Мон­гол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга болон намын гишүүд хүрэлцэн ирж, сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавьсан нь олон талын мэдээлэлтэй ач холбогдолтой зөвлөгөөн болж буйд намын гишүүд талархалтай байгаагаа илэрхийлэв.

Үүний зэрэгцээ орон нутаг болон төвийн бүсийн зөвлөгөөнүүдэд намын дарга Н.Энхбаяр алгасалгүй оролцсон нь зөвлөгөөний нэг онцлог байлаа. Зөвлөгөөний үеэр идэвхтэн гишүүдээс эхлээд жирийн иргэд МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаж, өнөөгийн нийгэм, улс төрийн нөхцөл байдал болоод бусад асуудлаар санал солилцох боломж гарсан нь мөн л иргэддээ хүрсэн зөвлөгөөн болж чадсан гэж болно. Чингэлтэй, Хан-Уул дүүргийн анхан шатны байгууллага, гишүүд, дэмжигчид оролцож, хоёр өдөр үргэлжилсэн зөвлөгөөнд Засгийн газрын гишүүн, улс төр судлаач болоод эрдэмтэн багш нар улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьсан нь энэ зөвлөгөөний чухал хэсэг байлаа. Тухайлбал, Барилга хот, байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “ Хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хэлмэгдүүлэлт” гэсэн илтгэлдээ 1930-аад онд Монголд нүүрлэсэн хэлмэгдүүлэлт гурван үечлэлтэй явагдсан бол өнөөдөр дөрөв дэх үе нь улстөрийн хэлмэгдүүлэлт болж үргэлжилж байгааг онцолсон. Харин МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр МАХН айл бүхэн үгүйлэгдэж байдаг бие биедээ сайхан сэтгэлээр туслах нэгэн төсөл хэрэгжүүлэхээр эхлээд буйгаа хэлсэн юм.

Төслийн нэр нь “Эвтэй гудамж”. Нэрнээсээ эхлээд эвтэй байхыг илэрхийлсэн энэ төсөл нь улс төр гэхээсээ илүүтэй энгийн зүйлээс эхэлнэ гэдгийг нарийн бичгийн дарга З.Батбаяр тайлбарлав. Энэ төслөөр дамжуулан иргэд хоорондоо илүү ойртоно. Төсөл хэрэгжсэнээр аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрээс сонгож авсан тус бүр 100 айлыг орчныг нь тохижуулах, хөгжүүлэх, дэд бүтцийг нь шийдэх, ногоон байгууламжтай жишиг бүс болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, амьжиргааг нь дээшлүүлэх боломжой болох аж. Товчхондоо, МАХН-ынхан асуудлыг шийдэхийн тулд улстөрч болоод шийдвэр гаргах төвшний хүмүүс бус харин иргэд хоорондоо эвлэлдэн нэгдсэнээр  асуудлаа бага багаар шийдэж болох энгийн гарцыг хайж энэхүү төслийг санаачилсан нь энэ аж.

Зөвлөгөөнд оролцсон гишүүдийн сонирхлыг татсан өөр нэг илтгэл нь МАХН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Г.Дугаржавынх байв. Тэрээр “Байгалийн баялаг ба улс төр” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Түүний илтгэлд байгалийн баялаг ихтэй улс орнуудын иргэд хэрхэн аж төрдөг хийгээд нийгмийн баялгийг хэрхэн шударга хуваарилах талаар сонирхолтой ба­римт, жишээг олон эх сурвалжтайгаар дурдагдсан.

Түүнчлэн иргэн бүрт боловсрол үнэгүй олгох, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах тухайд ч тодорхой гарц, боломжууд байгааг намын дарга Н.Энхбаяр болон удирдлагууд өөрсдийн тавьсан илтгэлдээ хэлж байсан юм. Энэ үеэр Шадар сайд Ц.Оюунбаатар намын гишүүддээ хандан 2016 он бол хүний төлөө хувьсгал хийх жил болно гэдгийг ч онцолж байсныг гишүүд санал нэгтэй дэмжсэн.

Мөн зөвлөгөөнд оролцсон гишүүдийн хувьд МАХН-ын удирдлагуудад хан­дан Оюутолгой, Тавантолгойн төслийг монголчуудад ашигтай байдлаар явуулахад үргэлжлүүлэн анхаарч ажиллахыг захисан. Энэхүү зөвлөгөөний гол зорилго бол ард түм­ний амьдралтай танил­цаж, анхан шат­ны байгууллагын ги­шүүд, төлөөлөгчдийн дуу хоолойг сонсох. Ингэс­нээр нэгдсэн дүгнэлтэд хүрч, санаа бодлоо нэгтгэж, эргэх холбоо бий болгож буйгаараа ач холбогдолтой гэдгийг намынхан дүгнэж байлаа.

Чингэлтэй, Хан-Уул дүүргийн идэвхтэн гишүүд өөрсдийн амьдралд тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг намын удирдлагууддаа хэлж, чөлөөтэй ярилцсан юм. Үүний зэрэгцээ МАХН-ын гишүүд аливаа асуудлаар санал солилцож, өмнөө тулгар­сан бэрхшээлийг хам­тын хүчээр туулж, улс эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэх, хийж бү­тээх талаар ярилцав. Мөн дээрх хоёр дүүргийн МАХН-ын байгууллага 2016 оны сонгуулийн бэлт­гэлээ хэрхэн хан­гаж байгаа талаарх дэлгэрэнгүй мэ­дээл­лийг гишүүд болон анхан шатны байгууллагын төлөөлөгчдөд танилцууллаа. Түүнчлэн энэ удаа­гийн зөвлөгөөн нь өнөө­гийн улс орны улс төр, нийгэм эдийн засгийн бодит байдал болоод улс төр эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд ямар зөв бодлого барих, боломжууд байгаа талаар намын удирдлагуудаасаа мэдээлэл авч, тэр хэрээр илэн далангүй саналаа солилцсон үр дүнтэй уулзалт боллоо гэдгийг хэн хүнгүй хэлж байв. Олон өдрийн турш үргэлжилсэн бүсийн зөвлөгөөний хаалтын ажиллагаа өчигдөр болж, уг арга хэмжээнд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр үг хэллээ.  Зөвлөгөөн тус бүрээс гарсан саналуудыг нэгтгэн, ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулж бодит ажил хэрэг болгохоор тус намынхан төлөвлөжээ.

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих