Чилид газар хөдлөхөд манайд “салхи сэвэлздэг”

170444-22092015-1442900044-449848950-zes-Уул уурхайн магнатууд Чилийн зэсийн төслөөс татгалзаж эхэллээ-

Чилид асар хүчтэй газар хөдлөлт болж гэнэ. Тус улсын олон мянган хүн орон гэргүй болсноос аваад зэсийн томоохон уурхайнууд түр зогсолт хийжээ. Чилийн хойд хэсэгт эл газар хөдлөлт болсон байна. Энэ хэсэгт өчнөөн олон зэсийн уурхай бий. Ер нь тус улс шаргал металлын арвин баялагтай бөгөөд бөмбөрцгийн зэсийн хэрэглээний дийлэнхийг дангаар нийлүүлдэг. Өмнөх оны байдлаар тэд 5.8 сая тонн зэсийг дэлхийн зах зээлд нийлүүлсэн нь нийт хэрэглээний 33 хувьтай тэнцэж байна.

Өмнөх гуравдугаар сард тус улсад газар хөдлөөд, дараах долоо хоногт нь үер буучихсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйл энэ улсад тохиолдох бүрт шаргал металлын ханш өөдөө мацдаг жамтай. Тухайн үед Лондоны металлын биржид тонн тутамдаа 6000 ам.доллараас дотогшлоод байсан зэсийн үнэ 6110 ам.долларт хүрсэн юмдаг. Үүнээс хойш Чилид газар хөдлөлгүй хагас жил болоход, нийлүүлэлтийн илүүдэлтэй зэсийн ханш уруудсан билээ. Бүр 3000 орчим ам.долларт хүрэх бүүдгэр таамаглалыг ч шинжээчид дэвшүүлсэн юм. Харин өдгөө Чилид болсон аймшигт газар хөдлөлтийн үр дүнд ханш бага зэрэг сэргэсэн гэнэ. Газар хөдлөлт болсон мэдээлэл цацагдах үеэр Лондоны металлын биржид тонн зэсийн фьючерс ханш 5410 ам.долларт хүрсэн гэнэ. Даваа гарагийн байдлаар харин тонн тутамдаа 5358 “ногоон”-той тэнцэж байна.

Даваа гарагийн байдлаар тонн тутамдаа 5358 “ногоон”-той тэнцэж байна

Үнийн уналтаас айсан уу яасан, уул уурхайн магнатууд ч зэсийн төслөөсөө татгалзаж эхэллээ. Тэд Чилийг онцолж татгалзаж байх юм. Тухайлбал, “Anglo American” компани Чилийн хойд хэсэгт орших зэсийн уурхайгаа зарснаа өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэдэнтэй уралдаад, Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Glencore” компани ч Чили болон Перуд эзэмшдэг зэсийн төслөө борлуулах гэрээ хэлэлцээ хийчихлээ. Мөн л Чилийн хойд хэсэгт оршдог, зэсийн томоохон уурхайнуудын нэг юм гэнэ.

Шаргал металлын ханшийн зах зээлд дээрх өөрчлөлтүүд хөвөрч, үнэ өгсөж буурч байхад манайхан таг дүлий суусаар. Өдгөө төсвийн алдагдлыг хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжээд, оны эцэст их наяд төгрөгт хүрэх прогнозтойг Ерөнхий сайд ярьж байна билээ. Уг нь Сангийн яамныхан энэ оны төсвийг дахин тодотгох тооцоо судалгаагаа хийгээд, бичиг сачигаа барин гүйж байгаа гэсэн. Харин ордонд суух томчууд намрын чуулганаар төсөв тодотгох байх гэсэн шүү юм ярина билээ. Ирэх сарын 3-нд намрын чуулганыг нээнэ гэж бодоход ойрын хоёр долоо хоногт “тасарч л байг” гээд суух нь. Тэртээх Өмнөд Америкт байрлах Чилид газар хөдлөлт болоход л манай төсөвт эерэг “салхи сэвэлзэж” байна. Өөрөөр хийсэн ажил алга. Тэгтэл үүний нөгөө талд, томорсон төсвийн үндсэн шалтгаан болох зардал гээч мангас “араа шүдээ яралзуулаад” цалин мөнгө тавихаас өгсүүлээд сох дутсан төсвийн “орлогыг” цацаж суугааг яалтай.

Эцэст нь, манай төсвийн орлого 2010 оноос хойш огцом өссөнийг тоон дүнгүүд баталдаг. Тухайн үед дэлхийн хэмжээний том ордоо эргэлтэд оруулж чадсан нь нөлөөлсөн гэх тайлбарыг эдийн засагчид хэлдэг. Түүнчлэн “хар алт” гэж өргөмжлөгдсөн коксжих нүүрсний үнэ тухайн үед 100 гаруй ам.долларт хүрсэн түүхтэй. Тэгэхдээ үнэ өссөн үндсэн шалтгаан нь ердөө л Австралийн үер байсныг бид санаж явмаар байгаа юм. Тэр, энэ гэх мэтээр уул уурхайн салбарт манайхтай өрсөлддөг байгалийн баялагтай орнуудад байнга л гамшигт үзэгдэл тохиолдоод байхгүй нь ойлгомжтой шүү дээ.

Э.Хулан

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих