Сурагчид Монгол гэрээ барьж сурна
“Монгол гэр” төслийн хүрээнд “Глобал Шейпэрс Улаанбаатар” нийгэмлэг нийслэлийн Боловсролын газартай хамтран 60 гэрийг долоон дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын хөтөлбөрт ашиглах зорилгоор бэлэглэлээ.
Техник технологи хөгжиж, даяарчлалын давлагаанд Монголын залуу үе өв соёлоосоо хөндийрч, уламжлалаасаа хөндийрөх аюул нүүрлэсэн.
Тиймээс “Глобал Шейпэрс Улаанбаатар” нийгэмлэг улс үндэстнийхээ уламжлалыг бэхжүүлэн, хойч үедээ өвлүүлэн үлдээж, ерөнхий боловсролын сургуулийн заавал судлах хичээлийн хөтөлбөрт Монгол гэрээ барьж сурах агуулгыг оруулж, шаардлагатай загвар гэрүүдийг худалдан авах санхүүжилтийг сайн дурын үндсэн дээр босгожээ.
Монгол гэр нь зөвхөн уламжлалт сууц байгаад зогсохгүй, гар урлал, оёдол эсгүүр, эсгий урлал, барих техник, хээ угалз болон дотоод зохион байгуулалтын бэлгэдэл чанар гэх мэт олон зүйлийг шингээсэн байдаг. Энэ нь нүүдэлчин ардын бүтээлч, өвөрмөц сэтгэлгээ, ур дүйг уламжлуулах хосгүй үнэт соёлын өв юм.
Д.Мягмар
URL: