Англичууд С.Батболдыг хувь хүн талаас нь хүлээн авсангүй юу
Ерөнхий сайд С.Батболдыг Их Британи улс хүлээн авахаас татгалзсан тухай бор шувуу шаргал ордноор цуурах боллоо.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн өнгөрсөн сарын 27-нд тус улсыг зорихоор бэлтгэл ажил хангагдаад байсан ч тодорхой бус шалтгаанаар хойшлов. Харин Гадаад харилцааны яамныхан “Ирэх оны төсөв хэлэлцэж байгаатай холбоотойгоор Ерөнхий сайд С.Батболд айлчлалаа хойшлуулж, он гарахаар тус улсыг зорино” гэсэн мэдээлэл өгөв.
Үнэхээр ч хуулийн дагуу ирэх оны төсвийн төслийг батлахад Ерөнхий сайд өөрийн биеэр оролцох заалттай. Гэвч түүний айлчлал хойшилсон уу, эсвэл цуцлагдсан уу гэсэн асуултад бүрэн дүүрэн хариулчих эзэн олдохгүй байгаа нь эргэлзээ төрүүлнэ. Үнэхээр цуурхал үнэн бол их гүрэн юуны учир Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүнийг үл тоомсорлов гэдэг нь хачирхалтай. Нөгөөтэйгүүр, С.Батболд гэх хувь хүнээс хамааралтай асуудал даамжрав уу.
Мөн Б.Хурц Лондонд өнгөрсөн есдүгээр сард баривчлагдсанаас хойш Монгол Улс Их Британийн дипломат харилцаа өмнөхөөсөө илт муудсан гэж улс төр, геополитик судлаач Сем Ричардс ярьсан байх юм.
Тус улсад Монголын Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурц саатуулагдаж буй. Д.Энхбатыг хулгайлах ажилд Б.Хурц гардан оролцсон гэгддэг.
Монгол Улсын Тагнуулын ерөнхий газарт 2003 онд тухайн үеийн Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу С.Зориг агсны хэргийн гол сэжигтэнг баривчлахаар Францын хилийг нэвтэрч, тус улсад амьдарч байсан Д.Энхбатыг унтуулдаг тариа хийн оргуулж, Францаас Бельги, Германы хилээр дамжуулан хулгайлж авчирсан аж. Энэ тухай тэр үед тэдгээр орнуудын тусгай албад ч мэдэлгүй өнгөрөх нь тэр. Хожим нь дээрх мэдээлэл хэвлэлд гарснаар энэ байдал дэлхий дахинд илчлэгдсэн аж. Улмаар Франц өөрийн нутаг дэвсгэр дээр баривчлах үйл ажиллагаа явуулахдаа албан ёсны зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр Монголын тагнуулын байгууллагыг буруутгасан юм.
Тухайн үед Д.Энхбатыг баривчлах Монголд авчрахад оролцсон тагнуулын дөрвөн ажилтанд Гадаад харилцааны яамнаас дипломат паспорт гаргаж өгч явуулсан байдаг. Энэ үед Гадаад харилцааны дэд сайдаар С.Батболд ажиллаж байсан нь Б.Хурцын асуудалтай шууд болон шууд бус утгаар холбогдож буй гэх мэдээлэл ч байна. Үнэндээ Д.Энхбатыг баривчлах тухай шүүхийн шийдвэр прокурорын байгууллагаас авсан зөвшөөрөл огт байдаггүй.
Иймээс дээрх хууль бус үйлдэлд 2000-2004 онд Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан С.Батболд хутгалдсан гэсэн үндэслэлээр дээрх айлчлалыг цуцалсан байж болзошгүй гэнэ.
Түүний энэ айлчлалын талаар “Эй Пи Жи ньюс”-д Уул уурхайн томоохон экспортлогч улс болох Монгол Улсын ерөнхий сайд ноён С.Батболд энэ сарын 27-нд (арваннэгдүгээр сарын 27-нд) Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант улсад албан ёсны ажлын айлчлал хийх байсан ч тодорхой бус шалтгааны улмаас хойшлогджээ. Энэ нь сүүлийн саруудад Европыг заналхийлж буй Аль Кайда бүлэглэлийн үйл ажиллагаатай холбоотой гэнэ. Тус бүлэглэл нисэх онгоцонд хэд хэдэн удаа тэсрэх бодис байрлуулсан юм. Түүнчлэн Европын улсуудад суугаа бусад улсын элчин сайдын яам руу гэмт этгээдүүд халдлага үйлдэх гэж байлаа.
Ерөнхий сайд ноён С.Батболдын Их Британи дахь айлчлал тус улсад хоригдож буй Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурцтай холбоотой гэж зарим эх сурвалж таамаглаж байна. Хэрэв ерөнхий сайд ноён С.Батболд тус улсад айлчилбал ноён Б.Хурцын асуудлыг Их Британийн талтай ярилцана.
Тэгэхээр Их Британийн албаны хүмүүс үүнээс цааргалж Ерөнхий сайд, ноён С.Батболдын айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байж болзошгүй юм. Харин Монголын тал уг айлчлалаар Б.Хурцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олж авна хэмээн төсөөлж байсныг “Ньюс” сайт бичсэн байна.
Н.Жамц http://www.niigmiintoli.mn/
URL: