Манай чөлөөт бөхийнхөн шинэ түүхээ бичиглэлээ
Монголчууд өдөр бүрийн хэрэглээ талхнаас илүүтэйгээр улс эх орныхоо нэр төрийг дэлхийн тавцанд өргөж яваа охид, хөвгүүдийнхээ амжилтаар тэжээгдэж тэднээрээ бахархаж, урам зоригоо хөвчилж байдаг билээ. Тэр дотор спортынхны буухиалсан амжилтаар бүр ч илүүтэй бахархнам. Саяхандаа Монголын жүдочид Астанад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн медаль хүртэж эрэгтэй багийнхан дэлхийд гуравт эрэмбэлэгдсэн. Энэ тухай яриа хөөрөө намжаагүй байтал чөлөөт бөхийн тамирчид маань АНУ–ын Лас Вегаст болсон насанд хүрэгчдийн ДАШТ–ээс дэлхийн хошой аваргатай, түүн дээр гурван мөнгө, нэг хүрэл медальтай ирж байгаа нь цоо шинэ амжилт юм.
Гуравхан сая хүн амтай Монголыг тэд маань дэлхийн том гүрнүүдтэй эн тэнцүү харагдуулж чадлаа шүү дээ. Үүгээрээ Монголын чөлөөт бөхийн шинэ түүхийг Лас Вегаст бичлээ гэж болно. Дэлхийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд 120 гаруй орны 450 гаруй тамирчин өрсөлдсөн. Тэгэхэд Монголын эмэгтэй баг гуравт, эрэгтэй баг дөрөвт орсон гэдэг том амжилтаа. Монголын чөлөөт бөх дэлхийн хэмжээнд хүрлээ гэдгийг дахин батлан харууллаа гэж хэлэхэд ч урам төгс байна. Манай чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй баг 2016 оны дэлхийн цомд өрсөлдөхөөр болов. Мөн ирэх жилийн олимпод найман бөх барилдах эрхээ авсан гэдэг шинэхэн бичсэн түүхийн тодорхой баримт нь мөнөөс мөн. Чөлөөт бөхийн алтан үе эргэж иржээ. Одоогоос 30 жилийн өмнө ДАШТ–д гурван бөх финалын барилдаанд шалгарч байсан түүх бий. Түүнээс хойш нэгэн үед Монголын чөлөөт бөхчүүд тив, дэлхийн тэмцээнээс сайн л бол ганц нэг хүрэл медаль зулгааж ирдэг. Түүнийг нь төр, засаг ч үнэлдэггүй, олон түмэн ч ойшоож үздэггүй байж. Тэгвэл сүүлийн жилүүдэд манай чөлөөт бөх сэргэн мандлаа гэж ярих, бичих болов. Тэгэхээс ч яахав.
Өнгөрсөн жилийн ДАШТ–ээс Монголын бөх 19-хөн настай Сүхээгийн Цэрэнчимэд алтан медаль хүртэн эмэгтэйчүүдээс хоёр дахь дэлхийн аварга болж байлаа. Тийм бол энэ жилийн амжилт бүр онцгой юм. 2010 онд дэлхийн аварга болж байсан гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг энэ удаа ёстой л биширмээр сайхан барилдаан үзүүлж дэлхийн хошой аварга гэдэг эрхэм цолыг хүртлээ. Тэрбээр чөлөөтийн тамирчдын дунд домог болон яригддаг Хөдөлмөрийн баатар З.Ойдовын ДАШТ–ээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтыг эвдлээ. Дэлхийн гурван хос медалийнхаа дэргэд бас олимпийн хүрэл медаль зүүсэн бөх л дөө. Чөлөөт бөхийн 63 кг–ын жинд босоо бөх С.Батцэцэгтээ хойтонгийн олимпоор аварга болохын ерөөл өргөе.
60 кг–д өрсөлдсөн дэлхийн аварга С.Цэрэнчимэд маань алтан медалийн оосроос атгаж алдаад мөнгөн медаль зүүлээ. Түүний “Би алтан медаль авч Монгол төрийнхөө дууллыг Лас Вегасын тэнгэрт эгшиглүүлье гэж бодсон ч чадсангүй” хэмээн нулимс дуслуулж байгааг харахад өөрт нь бол харамсал боловч монгол түмний хувьд бахархал юм даа. Тийм ээ. Ийм хүрэх зорилгодоо үнэнч, оргилуун сэтгэлтэй тамирчин гэдгээ тэр харууллаа. Эрэгтэйчүүд мөн л түүхэндээ ДАШТ–аас гурван медаль авлаа. Б.Номин /61 кг/, П.Өнөрбат /74 кг/ нар мөнгө, Э.Бэхбаяр /57 кг/ хүрэл медаль хүртлээ. Тэд энгийн хэрнээ Монголын чөлөөт бөхийн түүхийг шинэчилсэн эгэл бус намтрын эзэд боллоо. Түүн дээр медаль зүүхийн барианд хүрч олимпийн эрх авсан гурван бөх бий. Нэг нь эмэгтэйчүүдээс дэлхийн аваргын гурван хүрэл медальт О.Насанбурмаа энэ удаа жаахан аз дутав бололтой. Тэр жиндээ тавдугаар байр эзэлсэн бол эрэгтэйчүүдээс хүрэл медалиа ихэрлүүлэхийг завдсан Г.Мандахнаран, хамгийн хүнд жинд өрсөлдсөн Ж.Чулуунбат нарын гурван бөх олимпийн эрхээ өвөртөлжээ. Ж.Чулуунбатын хувьд олимпод хоёр дахиа зодоглохоор болов.
Энэ бүх амжилтын цаана Монголын чөлөөт бөхийн холбоо сайн ажиллаж байна гэсэн дүгнэлт бас дагалдаж байгаа юм. Энд ойрмог яригдсан нэг үйл явдлын тухай цухас өгүүлэм санагдав. Өнгөрсөн хавар даа. МЧБХ–ны удирдлага тухайлаад ерөнхийлөгч Д.Дагвадорж, шигшээ багийн дасгалжуулагч нарын хооронд үл ойлголцол бий болж бие биенээ үгүйсгэж хэзээ ч эвлэршгүй юм шиг байдал гарч байсныг олон түмэн мэднэ. Хагарсан шаазанг эвлүүлж болдоггүй шиг юм тэр үед бодогдож, хэдэн сайхан бөхчүүдээ л өрөвдөх сэтгэл төрж байсан даа. Гэтэл манай чөлөөт бөхийнхөн эвдэрч чаддаг ч эвлэж чаддаг, спортынхоо төлөө сэтгэл зүрхээ зориулсан хүмүүс гэдэг нь харагдлаа биш үү. МЧБХ–ныхны хэрүүл яагаад гэнэт намжив гэж хардах, гайхах хүмүүс олон байсан нь үнэн. Тэгвэл тэд чөлөөт бөхийн гал голомтоо бадраасаар л байж. Аливаад философоор бол зөрчил тэмцлийн хууль үйлчилж байж, амьдралд бол олон ургальч үзэл өрсөлдөж байж амжилтад хүрдгийн жишээ энэ буюу. Монголын чөлөөт бөхийнхөн сая нэгэн шинэ түүх бичиглэснээр нэг л олж авсан инерциэрээ яваад байгаа жүдогийнхноосоо давчихлаа даа. Өөртөө, өөрсөддөө шүүмжлэлтэй хандана, тэгвэл юунд ч хүрч болно гэдгийг чөлөөтийнхөн харууллаа.
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: