Дэлхийн насанд хүрсэн 750 сая гаруй хүн бичиг үсэг огт мэддэггүй
Дэлхий даяар насанд хүрсэн 750 сая гаруй бичиг үсэг огт мэдэхгүй хүмүүсийн гуравны хоёр нь эмэгтэйчүүд гэсэн тоо баримт бий. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун өчигдөр тэмдэглэсэн Олон улсын бичиг үсгийн өдрийг тохиолдуулан үг хэлэхдээ энэ тухай мэдээллээ. “Манай дэлхийн насанд хүрсэн 750 сая гаруй хүн бичиг үсэг огт мэдэхгүй байгаагийн гуравны хоёр нь эмэгтэйчүүд, сургуулийн насны 250 сая орчим хүүхэд бичиг үсэг эзэмших суурь мэдлэггүй, 124 сая бага болон дунд насны хүүхэд хичээл сургуульдаа явахгүй байгаа нь тун харамсалтай” гэж ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтэд өгүүлжээ.
Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ, “бүх хүн насны хязгаараас үл хамааран ядаж л уншиж чаддаг байх ёстой, тэдэнд ийм боломж бий, хэрэв бид тэдэнд энэ боломжийг нь өгчих юм бол илүү үр бүтээлтэй, тогтвортой, аюулгүй нийгэм бүтээн босгоход тус нэмэр болж байна гэсэн үг юм” гэдгийг онцолжээ. НҮБ-ын тэргүүн дэлхийн улс орнуудын засгийн газар, хувийн секторынханд хандаж, хүч чармайлтаа нэгтгэж, бичиг үсэг огт мэдэхгүйтэй тэмцэх ёстой гэдгийг Пан Ги Мун сануулж байна.
Бичиг үсэг огт мэдэхгүйтэй хийх тэмцэл 2015-2030 оны хөгжлийн даярчилсан шинэ хөтөлбөрийн гол цөм нь болж байгаа. Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг багтаасан энэ шинэ хөтөлбөрийг 9-н сарын сүүлээр Нью-Йорк хотноо хуралдах НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар хэлэлцэж батлана. Энэ хөтөлбөрт зөвхөн бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгаад зогсохгүй мөн ядуурлыг устгаж, өлсгөлөн, өвчин зовлонтой тэмцэх зорилтууд тусгагдсан байна. НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага-ЮНЕСКО Олон улсын бичиг үсгийн өдрийг 1966 оноос хойш тэмдэглэж байна.
URL: