Дэд Ерөнхийлөгчийг эсэргүүцлийн жагсаалаар угтаж болзошгүй нь

АНУ-ын дэд ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлнэ. Тэрбээр Засгийн газрын тэргүүний урилгаар ирж байгаа аж. Төрийн албаныхан дэд ерөнхийлөгчийг угтан авахдаа бэлдэж буй бол иргэний хөдөлгөөнийхөн түүнд зориулсан “сюрприз” базааж сууна.

Албан мэдээллээр С.Батболд, Жозэф Байдэн нар Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, иж бүрэн түншлэлийг хөгжүүлэх, харилцааны өнөөгийн түвшин, хэтийн төлөвийн талаар санал солилдоно. Мөн айлчлалын үеэр АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Байдэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах төлөвлөгөөтэй байгаа.

Нэг үгээр хэлбэл, АНУ-ын дэд ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх энэхүү айлчлал хоёр орны хоорондын өндөр, дээд хэмжээний яриа хэлалцээний давтамжийг хадгалах, хоёр талын харилцаанд харилцан итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх, найрсаг уур амьсгалыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж албаныхан дүгнэж буй.

Харин иргэний хөдөлгөөнийхөн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байденыг Монголд цөмийн хаягдал булшлах асуудлыг хэлэлцэхээр ирж байгаа хэмээн хардаж, түүний айлчлалыг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Тиймээс дэд Ерөнхийлөгчийг ирэх энэ өдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар бэлтгэлээ базаажээ. Түүгээр ч зогсохгүй цөмийн хаягдлыг Монголд булах асуудлаар төрийн өндөрлөгүүдэд мэдэгдэл хүргүүлэх гэнэ.

Үнэхээр АНУ-ын дэд ерөнхийлөгчийг ийн хардах үндэслэл бий. Б.Обамагийн сонгуулийн хөзөр болох цөмийн хаягдлыг булшлах газрыг хайх амлалт түүнийг өрсөлдөгчөө буулган авахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр ч энэ амлалтандаа хүрсэн. Гэвч энэ жилээс өнөөх аюулт хогоо хаях газаргүй болж, асуудал дахин хөндөгдсөн байна.

Иймээс Б.Обамагийн захиргаа татан буугдсан цөмийн хаягдал булшлах газрыг ажиллуулах хөрөнгийг Конгрессоос хүсэх нь тэр. Үүнээс үүдэн Монголд цөмийн хаягдал булшлах асуудал хөндөгдөж, Японы хэвлэл энэ мэдээллийг анх дэлхий нийтэд цацсан аж. Конгресс Японы “Майничи” сонинд дуулиант нийтлэл хэвлэгдэхээс cap гаруйн өмнө хуралдаж, цөмийн хаягдлын талаар хэлэлцсэн байна.

Б.Обамагийн засаг захиргаа санасандаа хүрч, энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд Конгрессоос цөмийн хаягдал оршуулах газрын үйл ажиллагааг сэргээх зөвшөөрөл авч чаджээ.

Ингэхдээ нэгэн нөөц хувилбар яригдсан нь уудам, цэлгэр газар нутагтай, хүнам сийрэг Монгол Улс байв. Улмаар энэ талаар манай улсын тодорхой албан тушаалтнуудтай уулзсан яриа хэлэлцээр ч бий гэх. Гэвч албаныхан үүнийг үгүйсгэж буй. Гадаад харилцааны яамнаас “Тийм зүйл болоогүй. Энэ худал мэдээлэл” гэж байгаа ч албан ёсоор АНУ болоод Японы талд мэдэгдсэн зүйл байхгүй. Цаашлаад энэ мэдээлэл худлаа гэдгийг ч батлаагүй юм.

Мөн АНУ, Япон хоёр энэ талаар өнөөг хүртэл ямар нэгэн тайлбар албан ёсоор хийгээгүй. Энэ нь дээрх хардлагыг зүй ёсоор илрүүлж буй юм. Магадгүй дэд ерөнхийлөгчийн айлчлалын гол зорилго нь хэзээний худалдагдаад сурчихсан албан тушаалтнуудад зөвхөн мөрөөдөж явдаг олон оронтой тоог нь хэлж, гэрээг үзэглэчихээд явахыг үгүйсгэх аргагүй.

Сонгууль дөтөлсөн энэ үед ирэх жил иргэдэд цацах хөрөнгө үгүйлэгдэж, эрэл сурал болж буй. Стратегийн орд газруудаа урьдчилгаа төлбөрт тавиад туучихаж байгаа тул дараагийн гарц нь энэ байж мэдэх талтай.

Ямартаа л хаврын чуулганаар дотоодын ураны хаягдал нэрээр харийнхны ашигласан цөмийн түлшний хаягдлыг Монголд авчирч булшлах цоорхойтой Цөмийн Энергийн хуулийг баталсан хэмээн улс төрийн хүрээнийхэн шивнэлдэх болов. Хэрэв энэ үнэн бол тэд хэдийнэ ажлаа эхэлчихсэн гэсэн үг. Харин энэ удаагийн айлчлалаар зөвхөн гарын үсэг зурж, баталгаажуулах л үлдсэн байх магадлалтай.

Иргэний хөдөлгөөнийхний тооцоолсноор манай улсад цөмийн хаягдал булахаар болбол жилдээ 20 мянган тонн хорт бодис . Монголын газар цутгийг хордуулах аж. Цөмийн хаягдлыг аливаа газар нутагг булсанаар маш их хортой үр дагавар авчирдаг гэдгийг тэд АНУ-ын Индианчуудын жишээгээр тайлбарласан. Индиан омгийнхны дунд онош нь тодорхой бус хавдраар өвчлөгсдийн тоо огцом өссөн нь цөмийн хаягдалтай холбоотой гэнэ.

Магадгүй Монголын ирээдүйн нүүр царай ч тэр байж мэдэх л юм.

Л.Нинжсэмжид
Эх сурважл: “Нийгмийн толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих