Э.Ганбаатар: Бразилд санасныг бодвол цаг агаар тааламжтай байна
Ур чадварынхаа хүчээр эх дэлхийгээ хөгжүүлэх гэсэн уриатай Дэлхийн ур чадварын тэмцээний 43 дахь нь Бразилийн Сан Паулу хотноо үргэлжилж байна.
Ердөө гуравхан жилийн өмнө хөлбөмбөгийн хорхойтнуудын хөлд дарагдаж, бүх дэлхийн анхаарлыг өөртөө татаж байсан Бразил энэ удаа эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг гайхуулан өрсөлдөхөөр дэлхийн 59 орноос ирсэн алтан гартай ажилчин залуусын ур чадварын том тулааны гол цэг болж буй юм.
Хурд хүч, авхаалж самбаагаараа өрсөлддөг спортынхны хамгийн том наадам нь дөрвөн жилд нэг удаа болдог олимп. Энэ наадамтай зиндаагаараа дүйх Дэлхийн ур чадварын тэмцээнийг мэргэжилтэй ажилчдын хувьд олимп хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Дэлхийн энэ олимпод эх орныхоо нэрийг гарган анх удаа тоосоо өргөхөөр Бразилийг зорьсон Монголын багийнхан тэмцээндээ амжилттай оролцож байгаа таатай мэдээ цахим ертөнцөөр ирсээр байна.
Тэмцээнүүд Сан Пауло хотын Энхэмби цэнгэлдэх хүрээлэнд болж буй бөгөөд энэ удааэ дэлхийн 59 орноос ирсэн 1190 залуу 50 мэргэжлийн төрлөөр эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг гайхуулан өрсөлдөж байгаа юм.
Дэлхийн ур чадварын олимпод анх удаа оролцож буй Монголын баг цахилгаан, гагнуур, токарь, мужаан, хавтанцар наах, өрөг угсралт гэсэн барилгын зургаа, үсчин, гоо засал, тогооч гэсэн үйлчилгээний гурван төрлөөр ур чадваэраа сорьж байгаа.
Тэмцээний эхний өдөр манай залуусын хувьд нэлээд хүнд өнгөрсөн гэнэ. Анх удаа гэдгээр сандарч тэвдэх зүйл ч арвин байж. Гэхдээ хоёр дахь өдрөөс харьцангуй тайвширч, амжилт нь ч ахиж буй гэдгийг тэдний дасгалжуулагч багш нар дуулгасан.
Энэ удаа бид өрөг угсралтын төрлөөр оролцож буй Жаргалсайханы Энхчимэгийн дасгалжуулагч багш, Дэлхийн ур чадварын тэмцээний эксперт, “MCS Проперти” компанийн инженер Э.Ганбаатартай холбогдож тэмцээний талаар тодрууллаа. Биднийг холбогдох үед Монголд ажил тарж байхад Бразилд өглөөний 5:45 цаг болж байв. Тэмцээн 9:30 цагаас эхлэх ч 8:00 гэхэд тэмцээн болж буй цэнгэлдэх хүрээлэнд очсон байх ёстой учраас эрт босч бэлтгэлээ базаах хэрэгтэй болдог аж.
-Таны шавийн тэмцээний гараа хэр амжилттай байна вэ?
-Тэмцээний эхний өдөр дууслаа. Айхавтар сайн гэж хэлж чадахгүй ч манай Энхчимэг даалгавраа биелүүлэхийн тулд чармайж ажилласан.
-Танай мэргэжлийн тэмцээн ямар хугацаанд үргэлжлэх вэ?
-Тэмцээн нийт эхний гурван өдөр тус бүр зургаан цаг, харин сүүлийн дөрөвдэх өдөр дөрвөн цаг үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд өгөгдсөн даалгавруудаа хийж дуусгах ёстой.
-Даалгавар та нарын бэлтгэж байснаас их өөрчлөгдсөн байна уу?
-Бидний хувьд өмнө өгөгдсөн хувилбараар нь бэлтгэл хийж байсан. Тэмцээний дүрмээр урьдчилж өгсөн даалгаврын тодорхой хувьд өөрчлөлт ордог. Тэр дагуу манай мэргэжлийн даалгаврын 30 хувь нь өөрчлөлттэйгөөр орж ирсэн байна. Өмнөх даалгаварт өрлөгийн зурагт хөлбөмбөгийн бөмбөг байгаагүй, зүгээр л тойрог байсан. Гэтэл өөрчлөлтөөр үүнийг оруулсан байна. Ер нь бол биелүүлэх ёстой гурван даалгаврын эхний хоёрынх төвөгшил нь ихэсч, харин гуравдахь даалгавар хялбар болсон.
-Шавийн тань хувьд сэлтгэл санаа ямар байна?
-Манай Энхчимэг өчигдөр тэмцээн эхэлснээс хойш эхний хоёр цаг үл ялиг сандарч байсан. Одоо тайвширч санаа зоволтгүй болсон.
-Дасгалжуулагч багш нар хүүхдүүдтэйгээ уулзаж зөвлөгөө өгөх боломж байгаа юу?
-Экспертүүд тэмцээний өмнө 30 минут, хоолны үеэр мөн үдээс хойш 30 минут уулзах зөвлөх боломжтой. Түүнээс тэмцээний үеэр бол зөвлөж ярих байтугай ажлын талбар руу ойртох ч боломжгүй.
-Анхны өдрийн тэмцээний дараа та шавьдаа ямар зөвлөгөө өгсөн бэ?
-Ажлын зургийн зөвөлгөө өгсөн, цагаа зөв хуваарилах тухай хэлсэн. Хурдтай байхыг захьсан.
-Бусад орны оролцогчдыг харж байхад ур чадвараар хаанахынх илүүрхэж байгааг та анзаарав уу?
-Өрсөлдөгч орнуудаас хамгийн ширүүн нь Австрали, Солонгос, Герман, Энэтхэгийн оролцогчид гэж харагдаж байна, одоогоор. Гэхдээ бид өөрийхөндөө “Хүүхдүүдээ та нарын хамгийн гол, ялан дийлэх ёстой өрсөлдөгч бол та өөрөө. Тиймээс ямар ч хэцүү үе тохиолдсон сэтгэлийн хаттай байж өөрийгөө ялан дийлээрэй” гэж захиж байгаа.
-Бразилд яг одоо цаг агаар ямар байна. Халуун байна уу?
-Энд өвлийн улирал нь учраас санасныг бодвол тааламжтай байна. Өдөртөө 25 орчим хэм халуун, шөнөдөө 13 градустай л байна. Үүнээс биш халууны улиралд нь ирвэл хэцүү байх. Одоо бид өглөөний цайгаа уугаад автобусандаа суух ёстой. Багш нар хүүхдүүдээсээ тусдаа буудалд байгаа юм.
-Амжилт хүсье.
URL: