Мэргэжлийн ур чадвараараа дэлхийд өрсөлдөх залуучууд Дархан-Уул аймагт бэлтгэл хийж байна

Дэлхийн 74 орныг өөртөө нэгтгэсэн Дэлхийн ур чадварын байгууллагаас хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү тэмцээнд 23 хүртэлх насны залуус эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг гайхуулан, гарын ур, ухааны бяраар өрсөлддөг. Тийм ч учраас энэ тэмцээнийг дэлхий нийтэд Ур чадварын олимп хэмээн хүлээн зөвшөөрдөг юм. Бразилийн Сан Пауло хотноо ирэх сарын 11-16-нд болох Дэлхийн ур чадварын 43 дахь удаагийн олимпод манай улс токарь, цахилгаан, гагнуур, өрөг угсрагч, хавтанцар наах, мужаан, тогооч, гоо засалч, үсчин мэргэжлээр шилдгийн шилдэг есөн залуугаа илгээж байгаа. Тэдэнтэй мэргэжил тус бүр дээр экспертээр ажиллах дасгалжуулагч багш нар нь мөн хамт явах бөгөөд манай улсаас нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор ирэх сарын 4-5-нд Бразилийг зорих юм. Өдгөөгөөс 65 жилийн өмнө болсон анхны тэмцээнд Испани, Португаль гэсэн хоёрхон улс оролцож байсан бол Бразилд болох энэ удаагийн олимпод дэлхийн 60 шахам орны 1200 залуус 50 гаруй мэргэжлээр ур чадвараа сорих ба энэхүү олимпод Монголын багийг Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулах газрын дарга А.Халиунаа ахалж явна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс Бразилийн тэнгэрт мандуулах Монгол Улсын төрийн далбаагаа гардан авсан Монголын багийн залуучууд 7 сарын 21-ний өдрөөс эхлэн 7 сарыг дуустал Дархан-Уул аймгийн МСҮТ, Уул уурхай эрчим хүчний ПТК, Дархан Өргөө ПТК дээр бэлтгэл хийхээр хүрэлцэн ирсэн ба манай сургууль дээр хавтанцар наагч, токарьчин, тогооч, үсчин, гоо сайханч мэргэжлээр оролцох залуус бэлтгэлээ хийж байгаа ба сургалтын орчин нөхцөл, материаллаг бааз сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирсан нь бэлтгэлд нь сайнаар нөлөөлж, уралдаан тэмцээндээ амжилт гарган эх орныхоо нэрийг дуудуулж аав ээж, багш нар, ард олныхоо сэтгэлийг баярлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа сургуулийн хамт олны зүгээс илэрхийлж байна.

Долдугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч. Чүлтэмбат Дэлхийн ур чадварын олимпод оролцох Монголын багийнхныг хүлээж авч уулзан амжилт хүсээд, орон нутгийн томоохон ААНБ-тай холбон бэлтгэл сургуулилтад нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран оролцогчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулан шаардлагатай эмчилгээ үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Дэлхийн ур чадварын олимпод оролцох Монголын багийнхны бэлтгэл  хөтөлбөрийн дагуу  үргэлжилж байгаа бөгөөд тэд Бразилд очоод гарч болох цагийн зөрүүний эрсдэлийг тооцсон үндсэн бэлтгэлийн зэрэгцээ сэтгэл засал, бясалгалын хичээл зэрэгт хамрагдана.


URL:

Сэтгэгдэл бичих