Төмөрлөгийнхний төөрөгдөл
2013 оны есдүгээр сарын 6-нд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн үйл ажиллагааг өргөтгөн техник, технологийн шинэчлэл хийж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөрлөгийн цогцолбор байгуулахын тулд шууд гэрээ байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарчээ. Уг гэрээгээр төр ямар нэг хариуцлага хүлээж баталгаа гаргахгүй бөгөөд хувийн хэвшил 100 хувь эрсдлийг үүрч металлургийн цогцолбортой болгох үүргийг хүлээсэн байна. Мөн концессын тухай хуульд зааснаар “Кью Эс Си” компани тус үйлдвэрт менежмент явуулах хугацаандаа бусад компанид шилжүүлэх, мөн компанийг барьцаалан зээл авах, үйл ажиллагааг нь зогсоох, тоног төхөөрөмж, эд хогшлыг нь худалдах зэргийг хатуу хоригложээ. Ийнхүү өнгөрсөн хоёрдугаар сард тус компанийн удирдлагын эрхийг Концессын гэрээ байгуулж, хувийн хэвшилд шилжүүлсэн юм.
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь 1990 оны Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоолоор Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн Дархан-Уул аймагт байгуулагдсан аж. 1994 онд үйлдвэр ашиглалтанд орсноос хойш компанийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр байна. Тус үйлдвэр нь Монгол Улсдаа хар төмөрлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хамгийн том компани юм. Гэрээний хугацааг хоёр тал харилцан тохиролцож, 30 жилээр гэрээ хийжээ. Уг гэрээг байгуулснаар хувийн хэвшил эрсдлээ даан 700 сая ам.долларыг босгоно гэдэг амаргүй. Тэгэхээр төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй гэх нь дамжиггүй. Гэхдээ төр санхүүгийн дэмжлэг, баталгаа гаргахгүй гэдгээ илэрхийлсэн.
URL: