Ц.Элбэгдоржийг Америк дахь монголчууд эсэргүүцлийн лоозонтой угтжээ
Монголд цөмийн хаягдал булшлах тухай мэдээллүүд монголчуудыг түгшээсээр байна. Хойд хөрш Орос улсад мөн ийм үйл явдал өрнөж байгаа ажээ. Арабын Бүгд Найрамдахь Эмират улстай Оросууд гэрээ хэлэлцээр хийж, эх нутагтаа цөмийн хаягдал булшлах гэж буйг Оросын олон нийтийн байгууллагууд эрс эсэргүүцлээ. Манай Засгийн газрынхан ч бас Эмираттай яриа хэлцэл хийж байгаа. Тус улс ойрын үед шинэ атомын цахилгаан станцаа ашиглалтанд оруулах бөгөөд манайхаас цөмийн түлш худалдан авч, хаядлыг нь бужаан өгч булшлуухаар ярьж байгаа ажээ. Түүнчлэн Япон, Америк улс бас Монголд цөмийн хаягдал булшлах гэрээ хийх гэж байна. Энэ бүхнийг харин Америкт ажиллаж, амьдарч буй монголчууд эсэргүүцэж эхэлсэн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг саяхан Америкт айлчлахад “Монголыг цөмийн хаяглдын булш бүү болго” гэсэн уриа, шаардлага бүхий лоозон барьсан хэсэг монголчууд өөдөөс нь жагсаж угтсан гэнэ. Харамсалтай нь энэ талаархи мэдээллийг манай хэвлэл мэдээллийнхэн иргэдээсээ тас нууж байна. Ийгл телевизээс Лос Анжелост амьдарч буй Энхтөр гэдэг залуутай утсаар холбогдон мэдээлэл авч цацсыг дарга нар буруушааж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл цөмийн хаягдал булшлах болсноо эрх баригчид маань ийнхүү мэдээлэхийг хориглож байна. Тэгвэл Америкт амьдарч байгаа Аранжин гэдэг залуу цөмийн хаягдал булшлах талаархи бүх мэдээллийг олж аваад Монгол руугаа илгээж байгаа ажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг эсэргүүцэж, энэ талаархи байр сууриа илэрхийлэхийг шаардсан бичгээ өгсөн гэнэ. Тодорхой хариу өгөхгүй бол Америкийн бусад хотуудад амьдардаг монголчуудаа жагсаал цуглаанд уриалан Америкийн төр засгийн удирдлагуудад дахин эсэргүүцлээ илэрхийлэх юм байна. Ийнхүү Ц.Элбэгдорж төдийгүй Америкийн эрх баригчдыг ч тэд шахаанд оруулах бололтой.
Я.Ымербек.Factnews.mn
URL: