”Амгалан” ДС зөрчлөө арилгахгүй бол барилгын ажлыг нь зогсооно
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан “Оюутолгой”, “Зонхун Юу Тиан” ХХК, “Амгалан” дулааны станц, Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал, өргөх механизмын аюулгүй байдалд өнгөрсөн болон энэ сард шалгалт хийжээ. Энэ талаар МХЕГ-ын дарга нарын зөвлөл өнгөрсөн баасан гаригт хэлэлцсэнийг товчлон хүргэе.
Нүүрс тээвэрлэдэг замын засварыг чанартай хийхийг үүрэг болгов
“Оюутолгой”, “Зонхун Юу Тиан” ХХК, Шивээ хүрэн, Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн нүүрс тээвэрлэдэг замд энэ сарын 7-10-нд шалгалт хийжээ. Шалгалтын дүнг ерөнхий газрын даргын зөвлөлийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн хуралдаанаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, Дорноговь, Чойр руу нүүрс тээвэрлэх гэж байгаа замын чиглэлийг хууль тогтоомж, журмын дагуу батлуулах, техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төслийг ачаа тээвэрлэлтийн өнөөгийн нөхцөл байдалд тохируулж, авто тээврийн хэрэгсэл аюул осолгүй зорчих. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй нөхцөл бүрдүүлэхийг захиалагч тал нь төрийн захиргааны төв байгууллага хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумд шинээр барьсан Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 43.2 км хатуу хучилттай авто замаар нүүрс тээвэрлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын засвар, арчлалтын санхүүжилтийг гүйцэтгэгч байгууллагуудад олгож, засварыг тогтоосон хугацаанд хийлгэх зэрэг дүгнэлт, шийдвэрийг ЗГХЭГ, УУЯ болон холбогдох аж ахуйн нэгж, байгууллага болон орон нутгийн захиргаанд хүргүүлэхээр тогтсон аж. Шалгалтаар илэрсэн зөрчлийг заасан хугацаанд арилгахыг “Зонхун Юу Тиан” ХХК-д албан шаардлагаар үүрэг болгосон байна.
Зориулалтын бус таван өргүүрийг буулгуулжээ
Улсын хэмжээнд барилгуудад ашиглаж буй өргөх механизмын байдалд хийсэн шалгалтаар Хан-Уул дүүргийн XI хороо, “Рома инвестмент” ХХК-ний барилгын лифтийн хонгилд угсарсан зориулалтын бус дөрөв, Баянзүрх дүүргийн XVI хороо, “Баганат өргөө” ХХК-ийн барилгын лифтийн хонгилд угсарсан зориулалтын бус нэг өргүүрийн ажиллагааг зогсоон буулгуулжээ. Хяналт шалгалтад 269 аж ахуйн нэгж, байгууллага, дөрвөн иргэн, 568 өргүүр хамрагдсан бөгөөд өргөх механизмын 176 нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй, 133 нь засвар үйлчилгээний гэрээгүй, 112 нь техникийн паспортгүй, 132 нь ашиглах зөвшөөрөлгүй, 104 нь техникийн магадлалд хамрагдаагүй байжээ. Мөн 126 ажилтан мэргэжлийн үнэмлэхгүй байсныг тогтоосон байна. Болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд цаашид ямар арга хэмжээ авах талаарх даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг Барилга, хот байгуулалтын яам болон аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэхээр тогтсон байна.
Зураг төсөл зөрчсөн үйлдэл давтагдсаар байна
“Амгалан” дулааны станцын зураг төслийн боловсруулалт, угсралт, үйл ажиллагаанд өнгөрсөн сарын 18-29-нд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцээд зөрчлөө 30 хоногийн дотор арилгахгүй бол барилга угсралтын үйл ажиллагааг зогсоохоор боллоо. Шалгалтад станцын ашиглалтын өмнөх захиргааны төслийн нэгж, төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын “СМЕС” компани, туслан гүйцэтгэгч “Дунгдиан” ХХК, хөндлөнгийн хяналт хийж буй “MCS интернэшнл” ХХК, зураг төслийн Монгол талын гүйцэтгэгч “Интернэшнл повер” гэсэн таван аж ахуйн нэгж болон 34 барилга байгууламж, вагон хөмрөгч, түлш дамжуулах, станцын үндсэн тоноглол, дулааны шугам сүлжээ, шатахууны агуулах, автокран, авто тээврийн хэрэгслийн зам, талбай, төмөр зам зэргийг хамруулсан байна. Мөн 2013 онд тус байгууллагад шалгалт хийн зөрчлөө арилгатал барилга угсралтын ажлыг түр зогсоох акт өгч байсан. Зөрчлөө арилгана хэмээн амлалт өгч ажлаа үргэлжлүүлсэн ч өнөөг хүртэл бүрэн биелүүлээгүй. Дээр нь зураг төсөл, норм, дүрмийн заалт зөрчсөн үйлдэл давтагдсаар байгаад даргын зөвлөлийн гишүүд шүүмжлэлтэй хандав. Шалгалтын дүнгээр бол, станцын үндсэн барилгын суурийн цутгамал төмөр бетон дам нурууг төсөлд зааснаас 30 см зөрүүтэй цутгасан, дам нуруу байрлах хэсэг болон суурийн хэсэгт хөнгөн бетон блок, улаан тоосгыг зуурмаггүйгээр байрлуулжээ. Мөн шинэ, хуучин бетоны хооронд агаарын үе үүссэнээс хөрсний ус дотогш байнга нэвтэрдэг болсон байна. Газар доорх даацын үндсэн хийцүүдийн бат бэх, газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг алдагдуулсан, цутгамал бетоны оронд тоосго өрж нүд хуурсан зүйл ч илэрчээ. Цаашид инженер, техникийн ажилтнуудыг сонгон шалгаруулж, сургаж дадлагажуулах, станцын аюулгүй болон ашиглалтын зай хэмжээг тогтоох, төмөр зам, авто замтай огтлолц сон уулзваруудын гармын зураг төсөл, барилга угсралт хийх хөрөнгийг шийдвэрлэх, зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах шаардлага тавьжээ.
Хөшигийн хөндий дэх нисэх буудлын барилга угсралтын ажлыг шалгалаа
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийдэх олон улсын нисэх онгоцны буудлын цогцолбор барилга байгууламжийн угсралтын ажилд өнгөрсөн сарын 25-30-нд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын мөрөөр тодорхой арга хэмжээ авч ажиллах санал, үүргийг холбогдох байгууллага, албан тушаалтад албан тоотоор хүргүүлэхээр болжээ. Тухайлбал, төсвийн хөрөнгөөр барих барилга байгууламжийн санхүүжилтийг шийдвэрлэх, буудлыг Улаанбаатар хоттой холбох хурдны замын зураг төслийг боловсруулж дуусган ажлыг нь эхлүүлэх, шинээр барих замын трассыг үерийн уснаас хамгаалах далан, бусад замын зураг төсөлтэй уялдуулах шаардлагатай хэмээн Сангийн яам, Зам, тээврийн яаманд хандахаар боллоо. Улаанбаатар хотоос нисэх онгоцны буудал хүртэл 43 км шилэн кабелийн шугам сүлжээнд улсын комисс ажиллуулж байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх зэргийг Иргэний нисэхийн ерөнхий газарт, хууль, дүрэм журам, норм, стандартаа мөрдөх, барилгын ажлын чанарыг сайжруулах, чанаргүй материал хэрэглэхгүй байх, илэрсэн зөрчил, дутагдлыг давтан гаргахгүй байхад анхаарах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ослоос сэргийлэх зэргийг төсөл хэрэгжүүлэх нэгж, захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч байгууллагуудад хүргүүлэхээр болов.
Ц.Заяа
URL: