Төв аймгийн Засаг даргад АТГ-аас өгсөн сануулга

527-141437154210-27-3_700x700Хариуцаж буй албан тушаал, эрх мэдлээрээ дамжуулж, хүүгийнхээ, хүргэний, эхнэрийнхээ компанийг тендерт шалгаруулдаг өмнөх Засгийн үеэс улбаатай уламжлал Төв аймгаар үргэлжилж байгаа бололтой. Тэр нь иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Авлигатай тэмцэх газар / АТГ/-ынхан хяналт, шалгалт хийж аймгийн Засаг дарга Д.Баярбатад энэ сарын 8-нд хүргүүлсэн албан бичигтэй холбоотой. Гэхдээ албан бичиг гэхээсээ шалгалтаар илэрсэн зөрчлөө арилгах Засаг даргад өгсөн сануулга байжээ. Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Нямдоржийн өнгөрсөн оны тавдугаар сарын 27-нд гаргасан тушаалаар Аргалалнт сумын цэцэрлэгийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээг шинэчлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулжээ.

Ажлын хэсгийн мөн оны наймдугаар сарын 1-нд хуралдсан хурлаар шугам сүлжээ шинэчлэх тендерт “Өрнөх цамхаг” компанийг шалгаруулж гэрээ байгуулсан аж. Ингээд гэрээнд захиалагч талыг төлөөлж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Батчулуун болон гүйцэтгэгч талаас “Өрнөх цамхаг” компанийн захирал Б.Номин нар гарын үсэг зуржээ. Гэвч Ажлын хэсгийнхэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа хэд хэдэн хууль зөрчсөнийг АТГ-аас хийсэн шалгалтын үеэр тогтоожээ. Тодруулбал, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Батчулуун нь ашиг сонирхлын үүднээс “Өрнөх цамхаг” компанитай гэрээ байгуулсан нь илэрсэн аж.Өөрөөр хэлбэл, төрсөн охиныхоо компанийг сумын цэцэрлэгийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээг шинэчлэх тендерт шалгаруулсан байжээ. Аав нь охинтойгоо хоёр талыг төлөөлж гарын үсэг зурсан гэсэн үг.

Угтаа бол аливаа албан тушаалтан ажлаа хийх хугацаандаа өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулах, хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө ашиг сонирхлын зөрчил үүссэн талаараа мэдэгдэл гаргах тухай хуулийн заалт бий. Мөн эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэх учиртай. Гэвч Ү.Батчулуун дарга хуулиар хүлээсэн үүргээ умартаж охиныхоо компанийг тендерт шалгаруулсан нь энэ. Аймгийн Засаг дарга Д.Баярбат ч үүнийг нь мэдсэн атлаа мэдээгүй юм шиг өнгөрөөснийг АТГ-аас хүргүүлсэн албан бичигт тодорхой бичиж Ү.Батчулуун даргад хариуцлага тооцохыг сануулсан байна. Уг нь Аймгийн Аудитын газраас 2014 онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрт шалгалтаар “Өрнөх цамхаг” компанид олгосон хөрөнгө нь данс бүртгэлд тусгаагүйг тогтоосон байдаг аж.

Тодруулбал, 49.8 сая төгрөгийн өртөг бүхий “Өрнөх цамхаг” компанийн Аргалант сумын цэцэрлэгийн цэвэр усны шугамын шинэчлэлийн ажлыг улсын комиссын актаар хүлээж авсан ч данс бүртгэлд тусгаагүй зөрчилтэй байгаа тухай Аудитын газрын байцаагчийн дүгнэлтийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн ч АТГ-ын албан бичиг очих хүртэл хав дарагдсан бололтой юм. Албан бичигт дурдсанаар Ү.Батчулууны албан тушаалыг нь бууруулах хариуцлага тооцож, энэ сарын 18-нд хариу ирүүлэхийг мэдэгджээ.

 

С.Дөл  /Үндэсний шуудан/


URL:

Сэтгэгдэл бичих