Цалингаа нууцалсан Н.Мөнхбат “Монроуд” компанид 46.4 тэрбумыг өгснөө хүлээн зөвшөөрөв
“Фортунагийн хүн” гэх тодотголтойгоор улс төрд орж ирсэн Н.Мөнхбат гэх залуу сүүлийн өдрүүдэд хэвлэлийн хуудаснаас салахаа болив. Учир нь, “Төсвийн мөнгийг хуулиас гадуур зарцуулах үүднээс байгуулсан” гэх тодотголыг Н.Алтанхуягийн Засгийн газрыг унах үед авч байсан Хөгжлийн банк түүнийг ийнхүү “од” болгож байгаа хэрэг. Манайхны хэллэгээр бол “од” гэдэг нь олны танил гэсэн үг л дээ.
Гэхдээ харамсалтай нь Н.Мөнхбатыг муу мэдээллүүд “од” болгож байна. Эсвэл тэр өөрөө ч муу мэдээллүүдтэй орооцолдсон байж болох. Өмнөх Засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан “Фортуна” буюу Н.Батбаярыг УИХ-ын гишүүн байхад туслахаар нь ажиллаж байсан тэрбээр гишүүнээ сайд болохтой зэрэгцэн Хөгжлийн банк гэх том айлыг толгойлох болсон байдаг.
Н.Алтанхуяг сайд /асан/ бүгдийг хүчээр шийдэж байх үед гишүүдийн эсэргүүцэлтэй тулж байсан ч эз дийлэн байгуулсан нь Хөгжлийн банк бөгөөд тэр дундаа Н.Мөнхбат “од” болохын эхлэлийг тавьсан байдаг. Хөгжлийн банк хэл амны бай болохын хамгийн том шалтаг нь мэдээж төсвийг хувааж, хуулиас гадуур болгосон гэх шүүмжлэл. Өөрөөр хэлбэл, улсын төсөв бүх талын хараа хяналтан дор байдаг бол “Чингис”, “Самурай” гэх томоохон төслийн мөнгийг хариуцдаг Хөгжлийн банкны санхүүжилт, зардал мөнгөний асуудал нэг ёсондоо эзний буюу удирдлагын гарт төвлөрчихөж байгаагаараа шүүмжлэлийн бай болсоор ирсэн. Угаас ингэж хардахаас ч аргагүй. Төсвийн зарцуулалт хуулиас гадуур байна гэдэг хамгийн аюултай гэдгийг Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь тод харуулсан.
Саяхан Хөгжлийн банк МҮОНРТ рүү 18 сая 200 мянга, “Шилдэг нийтлэлчдийн клуб” буюу Монголын урдаа барьдаг томоохон сэтгүүлч, сонин сайтын захирлуудад 2/101 тоот гэрээний 40 хувийн урьдчилгаа төлбөр хэмээн 19 сая 872 мянган төгрөгийг өгсөн тухайгаа өөрсдийн Шилэн дансандаа мэдээлсэн явдал. Түүнчлэн энэ оны эхэнд “Шилдэг нийтлэлчдийн клуб”-т олон нийтэд мэдээлэл хүргэх үйл ажиллагааны төлбөр хэмээн 24 сая 840 мянган төгрөгийг мөн төлсөн байгаа юм. Уг нь “Чингис”, “Самурай” бондын асар их мөнгийг зөвхөн зохих хууль журмын дагуу их бүтээн байгуулалтад зарцуулах ёстой байтал ийнхүү зориулалтын бусаар цацаж байгаа нь олны анхаарлыг татаад байгаа.
Цаашлаад Н.Мөнхбатын удирддаг Хөгжлийн банк АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын эзэмшлийн “Монроуд” ХХК-ийн гүйцэтгэж дуусаагүй ажилд 40-өөд тэрбум төгрөг шилжүүлсэн гэх мэдээлэл гарсан. АТГ-аас эрхэм гишүүний эзэмшилд байх “Монроуд” компанид тухайн үеийн Засгийн газарт /Шинэчлэлийн/ шинээр зам барина хэмээн Халзан Бүргэдэйгээс Солонготын даваа хүртэл 100 км автозамын ажлын мөнгө гэж 46.4 тэрбум төгрөг өгсөн тухай мэдээлсэн. Энэ мэт хэл ам таталсан асуудлуудад Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат тайлбар хийв. Ингэхдээ тэрбээр, бүтээн байгуулалтын ажлыг улстөржүүлэхгүй байхыг удаа дараа хүссэн. Түүний мэдээлэл дунд анхаарал татахуйц хэд хэдэн мэдээлэл байсан нь тус банкны удирдлагууд сард зургаан сая төгрөгийн цалин авдаг гэх асуудал.
Уг мэдээлэлд Н.Мөнхбат захирал “Миний цалингийн сүлжээг Хөгжлийн банкны ТУЗ тогтоосон. Ер нь Хөдөлмөрийн тухай хуулиараа албан тушаалтны цалин нууц байх ёстой биз дээ” хэмээв. Нэг үгээр бол, Б.Мөнхбат хэдэн төгрөгийн цалин авдаг нь хөшигний цаана байх ёстой гэнэ. Гэтэл аливаа нууц хэзээд анхаарал татаж байдаг учраас түүний энэхүү хариулт хардлага төрүүлсээр үлдэв. Харин дараагийн нэг асуудал нь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай холбоотой буюу түүний эзэмшлийн компанид их хэмжээний мөнгийг ажлын гүйцэтгэл харгалзахгүйгээр өгсөн гэх мэдээлэлд тэрбээр “Монроуд” компанийн авсан ажил нь одоогоор 53.8 хувьтай байгаа тухай мэдээлээд “Бид үүнд ямар ч хамаагүй” хэмээн мэдэгдэж орхив. Гэхдээ хамгийн ноцтой нь АТГ-ын хэлсэн тоог яг бататгаж 46.4 тэрбум төгрөгийг тус компанид өгснөө хүлээн зөвшөөрсөн явдал байлаа.
Өөрөөр хэлбэл, Б.Гарамгайбаатар гишүүн Хөгжлийн банкнаас 40-өөд тэрбум төгрөг авсан гэх мэдээлэл гарч, үүнийг АТГ-аас мэдээлэхтэй зэрэгцэн эрхэм гишүүн тайлбар хийхдээ “Аливаа ажил гүйцэтгэлээрээ санхүүждэг. АТГ-ын яриад байгаа 30 гаруй тэрбум төгрөгийг авсан зүйл байхгүй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Гэтэл өнөөх аваагүй мөнгийг нь “Олгосон” гэдгээ Н.Мөнхбат захирал мэдэгдэж зөвшөөрлөө. Ингэхдээ бүр гүйцэтгэл нь 50 гаруйхан хувьтай байхад 40-өөд тэрбумыг өгөөд явуулчихснаа ч баталгаажуулав.
URL: