Хэрүүл дагуулсан “ТТ”-г яаралтай УИХ-аар хэлэлцүүл
Хаврын чуулган эхлэхийн өмнөх орой буюу дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нийт монголчуудад хандаж мега төсөл гараанаасаа гарахад бэлэн боллоо. Тавантолгойг эргэлтэд оруулах асуудлаар Монгол Улсын засгийн газар болон оролцогч компаниуд тохиролцоонд хүрлээ. М.Энхсайхан сайдаар ахлуулсан хэлэлцээрийн баг хоёр сар гаруйн хугацаанд амжилттай ажиллаа. Маргаашнаас бүх юм эхлэнэ гэж ярьсан.
Гэвч маргааш нь их хурлын дарга Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Гэрээг их хуралд өргөн барихгүйгээр дур мэдэх гэж байвал Ерөнхий сайдаас нь авахуулаад холбогдох бүх хүмүүст хариуцлага тооцож, огцруулна хэмээн мэдэгдсэн.
Ийнхүү өмнөх орой нь бүх зүйл нь бат гэж байсан Тавантолгойн төслийг маргааш нь үгүйсгэж орхисон. Энэ нь Тавантолгойн асуудалтай холбоотой хэрүүл маргааны эхнийх нь байв.
Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх, өмнө нь Зам тээврийн сайд байсан А.Гансүх мега төсөлтэй холбоотой өөрийн байр сууриа илэрхийлж эхэллээ.
Тэрээр “М.Энхсайхан “Тавантолгой гадаад захиалгатай” гэжээ. М.Энхсайханы зурахаар тохирсон гэрээ Монгол Улсад ашиггүй, нөгөө талын захиалгатай гэдгийг баримтаар батлана” хэмээсэн. Мөн А.Гансүх энэ асуудлаар Монгол Улсын сайд М.Энхсайхантай телевизээр нээлттэй халз мэтгэлцэх саналыг ч тавиад амжсан. Харин түүний хариуд М.Энхсайхан сайд ““Монголынхоо эрх ашгийн төлөө гадныхантай мэтгэлцье л дээ. Монголчууд өөр хоорондоо том төслөөр мэтгэлцэнэ гэдэг бол Монголын нийгмийг заазуурдсантай адил юм. Тэгээд ч сонгууль биш шүү дээ. Мегатөслийн хувьд монголчууд нэг л цул байх ёстой байдаг. Тэгээд ч мэргэжлийн олон хүний нөр их хөдөлмөрийг ганц мэтгэлцээнээр хүмүүст ойлгуулж барах уу. Хэлэлцээ хийхдээ 350 асуулт жагсаагаад харилцан ойлголцсон асуудлуудын хэдийг нь ойлгочихсон хүн өөрийгөө “их мэдэх” гэж зарлаад байгаа юм. Дээр нь геополитик ярьж самуурна. Харь гүрний эрх ашгийг өөрийн гэж андуурна. Гансүхийн зорилго нь Тавантолгой төслийг зогсоох, улс төрийн тавцанд “ загвар үзүүлэх” л явдал юм. Хэн хэний хүүхэлдэй гэдэг нь нэгэнт ойлгомжтой болсон асуудал шүү дээ.” гэсэн хариултыг хэвлэлээр дамжуулсан.
Иймэрхүү байдалтай хэвлэлээр өөрсдийгөө дөвийлгөх хэрэггүй. Анхандаа бүх зүйл бэлэн болсон УИХ-аар бараг л маргааш хэлэлцүүлнэ гэж хэлж байсан Ерөнхий сайдын үг яав. Одоо гэнэт Тавантолгойн асуудлаар гурвын гурван гэрээний асуудал яригдах боллоо. Энэ бүх үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллээс чинь болж иргэд мега төслийн талаар ямар ч мэдээлэлгүй болж хоцорлоо. Бүрэн төөрөгдөлд орлоо.
Ард түмнээс сонгогдсон хэмжээлшгүй их эрх мэдэлтэй УИХ гэж юун тулд байдаг билээ дээ. Бэлтгэсэн хуулийн төслөө өргөн бариад хэлэлцүүлэхэд тэртээ тэргүй буруу, зөрүү бүх асуудал нь ил болно шүү дээ. Засгийн газар нэн яаралтай Тавантолгойн хуулийн төслийг өргөн барих нь хэрэгтэй.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
наад захиалгат нийтлэлээ болиоч , УИХ хэлэлцээд олигархид өгөхгүйгээ мэдэж бгаа, ер нь яахараа тэдний өрийг бидний баялагаар дарах ёстой гэж …….ААН