Рестораны хясаан дотроос 50 сувд олжээ

99ace19a94dfa407331c8a79ab0b44af_x3Америкийн Теннесси мужийн оршин суугч нэгэн эмэгтэй ресторанд үдийн хоол идэж байхдаа хясаан дотроос 50 сувд оллоо хэмээн WSMV-мэдээлжээ. Уг явдал Франклин хот дахь Puckett’s Boathouse ресторанд тохиолдсон аж.

53 настай Тони Эллиот захиалсан үдийн хоолонд ирсэн хясааны нэг булангаас хазтал ямар нэгэн хатуу юм шүдэнд нь мэдрэгдсэн бөгөөд тэрээр шүдээ хугалчихлаа гэж бодсон гэнэ. Гэтэл энэ хатуу зүйл нь сувд байсан аж. Удалгүй ахин 49 ширхэгийг гаргаж ирсэн байна.

“Бид ийм зүйл өмнө нь харж байгаагүй. Харин ганц ширхэг сувд олдох тохиолдол өмнө нь гарч байсан хэдий ч нэг дор 50 ширхэгийг олно гэдэг үнэхээр гайхалтай юм” гэж рестораны дарга Грег Хержест АВС News-д өгүүлжээ.

Рестораны ажилтнууд сувднуудыг цэвэрлэн, үйлчлүүлэгч эмэгтэйд боож өгсөн бөгөөд “энэ хясаа бол тэр эмэгтэйн захиалсан хоол болохоор сувднууд ч түүнийх байх нь мэдээж. Энэ нь сугалаанд хожсонтой л ялгаагүй юм” хэмээн Хержест дурдсан байна.

Энэ ресторанд хэрэглэгддэг хясааг Луизианна муж дахь Мексикийн булангаас түүдэг аж.

Д.Билгүүн

mmnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих