С.Чинзориг: Хэрэглээ өндөртэй иргэдийн орлого хэрэглээ багатай иргэдээс 6 дахин их болсон байна

ea20507a708261938bf34165d5ced38d059f223b.pngН.Алтанхуягийн шинэчлэлийн засгийн газар татан буугдаж шийдлийн засгийн газар бүрэлдээд хоёр сар орчим боллоо.

Гэвч шийдлийн засгийн газрыг толгойлж буй улс төрийн хүчнүүд шийдвэртэй алхамд нэгдэж чадахгүй хоёр сар боллоо. Н.Алтанхуягийн засгийн газрын үед улс орны нийгэм эдийн засаг доройтож, тартагтаа тулсан нь алдаатай бодлого, төр барьж буй намын боловсон хүчний дутмаг байдлаас үүдсэн гэдгийг МАН-ынхан хэлж буй юм.

Хөдөлмөрийн сайд С.Чинзоригоос өнөөдөр нийгэмд үүсээд байгаа ажилгүйдэл, цалин тэтгэврийг хэрхэн нэмэх асуудлаар дараах асуултандхариулт авлаа.

-Та өмнө нь нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайдаар ажиллаж байсан. Салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар хэрхэн дүгнэх вэ?

-Өнөөдөр хөдөлмөр нийгмийн хамгаалалын хүрээнд улс орон базаахгүй нөхцөл байдалд хүрчихээд байна. Ийм нөхцөлд хүрсэн нь Ардчилсан намын боловсон хүчний нөөц сул, бодлогын сул байдлаас үүссэн. Өмнө нь МАН засаг барьж байхад иргэдийг эх орны хишиг нэрээр олон нийтэд үр дүнгүй мөнгө тараалаа гэж шүүмжилж байсан. Гэхдээ энэ мөнгөөр гэр бүлийнхээ амжиргааг залгуулж байсан олон айл өрх байдаг. Хэдийгээр халамжийн бодлого гэж энэ нь хэлэгдэж байсан нь байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээх ажил байсан.  Ерөнхийдөө эх орны хишгийг 2 жилийн хугацаанд иргэдэд тараахдаа 1.9 их наяд төгрөгийн олгосон байдаг.  Үүнд ахмадуудад олгосон нэг сая төгрөг,  оюутнуудад олгосон 500 мянган төгрөг багтаж байгаа. Гэтэл ардчилсан нам засаг барих хоёрхон жилийн хугацаандаа 3 их наяд төгрөгийг үнэ тогтворжуулах нэрээр зөвхөн цөөхөн тооны компаниудад давуу эрхтэйгээр олгосон байна.

-Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн чиглэлээр өнөөдөр нөхцөл байдал ямар байна?

-Цалин тэтгэврийн өсөлт инфляци, үнийн өсөлтөөс асар их хоцорч байна. 2000-2012 онд цалин тэтгэвэр 2 дахин нэмэгдсэн. Ерөнхийдөө 2010 он гэхэд цалин тэтгэврийг 30 хувь нэмэгдүүлчихсэн байсан. Гэтэл 2012 оноос хойш цалин тэтгэвэр 7-8 хувиар л цалинг нэмэгдүүлсэн. Нийт тэтгэвэр авагчдын 67 хувь нь тэтгэврийн зээлтэй гэсэн дүнг Монгол банк гаргаж өгч байгаа. Цалингийн зээлтэй иргэдийн тооны хувьд нийт хөдөлмөрийн зах зээл дээр ажиллагсдын 35 хувь нь цалингийн зээлтэй байна. Тэгэхээр иргэдийн ихэнх нь зээлээс зээлийн хооронд амь зогоож байна. Банкин дахь мөнгөн хадгаламжийн дүн бол буурахгүй байгаа. Гэтэл үүнийг дотор нь аваад үзэхээр нийт хадгаламжинд байгаа мөнгөний 85 хувь нь хадгаламж эзэмшигчдийн дөрөвхөн хувьд ногдож байгаа юм. Энэ бол үндсэндээ орлогын ялгаа ямар хурдацтай явагдаж байгааг илтгэж байна. Цаашилбал хамгийн өндөр хэрэглээтэй хүний орлого,  хамгийн бага орлого, хэрэглээтэй хүний хэрэглээнээс 6.5 дахин их байгааг гаргасан.

-Ажил эрхлэлтийн байдлын хувьд?  

-Энэ тал дээр байдал сайнгүй байна. Хэрэв нийгмийн даатгал төлж байсан бол тухайн иргэн ажилгүй боллоо гэхэд ажилгүйдлийн тэтгэмжийг улсаас авдаг. Тэгвэл өнгөрсөн онд ажилгүйдлийн тэтгэмж авсан иргэний тоо 2013 оноос 2 дахин нэмэгдээд байна. Энэ хэмжээгээр ажилгүйдэл бий болж байна гэсэн үг. Түүнээс гадна бий болж буй ажлын байрны 50 хувийг чанаргүй буюу түр ажлын байр эзлээд байгааг судалгаагаар тогтоосон. 2012 оноос хойш төрийн албаны толгой данхайсан. Олон яам шинээр бий болсон. Тодорхой хэлбэл 2012 онд 162 мянга байсан төрийн албан хаагчдын тоо даруй 18 мянгаар нэмэгдэж өнгөрсөн оны сүүлчээр 180 мянга болсон байсан.

-Өнөөдөр нөхцөл байдал ийм болоход юу нөлөөлөв?  

-Ерөнхийдөө ганц л зүйлийг хэлмээр байна. Сайнхан түүх давтагдах шиг сайхан юм гэж байхгүй. Гэтэл эсрэгээрээ муу түүх давтагдах шиг муу зүйл гэж бас байхгүй. Өмнө нь 1996-2000 онд Ардчилсан нам засаг барьж байхад төр хямралд орж, иргэд ядууралд орсноор засаг солигдож байсан. 2000 онд засаг солигдож байхад 5-6 сарын цалин тэтгэврээ тавьж чадахгүйд нөхцөл байдалд хүрсэн байсан. Тэгвэл 2012 онд засаг солигдсоноор мөн л ийм байдалд хүрч байна. Нэг ёсондоо 2000 онд бид ямар нөхцөл байдалд хүрсэн засгийн эрх солигдож байсан нь 2014 оны төгсгөлөөр бид АН-тай нэгдсэн байдал яг ижил нөхцөл байдалтай таарч байгаа юм.

Эндээс ерөнхийдөө нэг л зүйл харагдаж байгаа юм. Ардчилсан нам засаг барьж чадахгүй байна. Хөгжлийн бодлого, боловсон хүчний нөөц ч АН-д байдаггүйг өнгөрсөн хугацаа харууллаа. Одоо бидэнд өнгөрсөн муу түүхийг давтахгүй байхын төлөө ажиллах ганц шаардлага тулгарч байна.

-АН, МАН засагт хамтарснаар танай салбарын хүрээнд юу хийв?

-Эхний ээлжинд хөдөлмөр нийгмийн хамгааллын 3 талт хэлэцээрийг хийж үр дүнд хүрсэн. Үйлдвэрчний эвлэлээс цалин нэмэхгүй бол жагсаал, цуглаан хийнэ гэдэг асуудал дээр нааштайгаар шийдэлцэж, ямар ч байсан ирэх 4 дүгээр сараас төрийн албан хаагчдын цалинг тодорхой хэмжээгээр нэмэхээр 3 талт улсын хэлэлцээрийг хийж чадсан. Ингэхдээ гол зүйл нь нийгэм эдийн засаг хямарсан энэ үед ажил хаялт зарлаж, нийгэмд тогтворгүй байдал үүсгэхгүй байх дээр талууд харилцан тохиролцож үүрэг хүлээлцсэн.

Засгийн газар иргэдийн орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой хууль эрх зүйн орчинг бий болгох үүрэг хүлээж байгаа. Энэ дагуу санамж бичиг байгуулсан.

-Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь нэг удаа улсаас олгогддог буцалтгүй тусламжийг хүн болгонд тэгшитгэж 12 сараар олгоё гэдэг асуудал нэлээд хүчтэй яригдсан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Энэ асуудлыг бид авч үзээд төрд ажиллаад тэтгэвэрт гарч байгаа иргэдийн буцалтгүй тусламжийг ажилласан жилээр нь хамааруулж олгож байх нь зүйтэй гэсэн зарчмын байрь сууриар засгийн газарт ярьж байж хуулийг өөрчилсөн. Тийм учраас ажилласан жилээс хамаараад тэтгэмж авч байхаар журмыг шинэчилсэн.

Мөн хөдөлмөрийн тухай хуулиудыг өөрчлөн шинэчлэхээр ажиллаж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд үйлдвэрлэийн осол, мэргэжлээс шалтгаалсан осол буурахгүй байна. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд барилгын үйлдвэрэлийн ослоор амь насаа алдсан иргэдийн тоо 26 байна. Тиймээс ажилтны болон ажил олгогчийн хариуцлагыг чангатгах тал дээр хууль боловсруулж байна. Гол зарчим нь ерөнхийдөө эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилчдыг амь нас болоод эрүүл мэндийн даатгалд ажил олгогч заавал даатгадаг байхыг хуульчилж байгаа. Ингэснээр үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар, амь насаа алдаж байгаа иргэд хөдөлмөрийн хуульд тусгасны дагуу 97 дугаар зүйлээр нөхөн төлбөр авахын зэрэгцээ арилжааны даатгалаас амь насны даатгалын мөнгө, нөхөн төлбөр авах орчин бүрдэх юм.

Эх сурвалж: Bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих