Харц ардыг ялгаварласан ХААН банкны авирлал
“Хятад хүн, нохой хоёр орохыг хориглоно”. Ийм зар алдарт Брюс Ли-гийн тоглосон нэгэн кинон дээр гардгийг уншигчид санаж буй биз ээ. Өөрийнх нь газар нутаг дээр иргэдийг нь дээрэлхэж, доромжилж байгаа тухай энэ кинонд өгүүлдэг. Брюс Ли-гийн киноны монгол хувилбарыг “Танд ойрхон Түмэнд итгэлтэй” уриатай ХААН банк Монголд хэрэгжүүлж байгаа бололтой. Тэд Монголын төр засгаас иргэддээ байгалийн баялгийн хувь болгон тарааж буй “Эх орны хишиг”-ийг олгохоос татгалзаж буйгаа өнгөрсөн хугацаанд телевиз, сониноор нэг биш удаа мэдэгдэж байв. Уг мэдэгдлээ энэ сараас эхлэн ажил хэрэг болгосноор иргэд “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөгөө авахаар ХААН банкны хаалгаар шагайх эрхгүй болсон байна.
Тэд хувь хишиг тараах үүргээс татгалзаж буйгаа мэдэгдсэн албан бичгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хаяглан хэдэнтээ ирүүлж, нэг үгээр, төр засгийг хэдэнтэй шантаажилжээ. Татгалзаж буй шалтгаан нь тун энгийн. Сар бүр “Хүний хөгжил сан”-гийн мөнгөө авах гэсэн ядуус банкны салбаруудаар шавж, үндсэн хэрэглэгчдэд нь яршиг түвэг учруулж байна хэмээсэн аж.
Төрөөс өгч буй хувь хишгээр Монголын олон айл өрх амьдралаа залгуулдаг. Тиймээс мөнгө өгөх өдөр үүрийн таван жингээр ардууд банкны гадаа дугаарлан хаалгаа нээх цагийг нь хүлээдэг. Боломжтой бололцоотой нь мэдээж очихгүй. Ядарсан бас ядсан нэгэн л ийн үүр шөнийн нойр хугаслан банкны хаалга сахиж суугаа шүү дээ.
ХААН банкнаас хэвлэлүүдэд өгсөн мэдээллээр бол Зөвхөн нийслэлд л гэхэд Сүхбаатар, Чингэлтэй, Багахангай, Багануур зэрэг дүүргийн тодорхой хорооны иргэдэд “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг олгохгүй. Өөрөөр хэлбэл, энэ оны долдугаар сараас эхлэн 12 хорооны иргэдэд үйлчилж, үлдсэн 23 хороонд үйлчлэхгүй байхаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрыг шахжээ. Тодорхой хэлбэл, сар бүр иргэдэд олгодог 21 мянган төгрөгийг тус банк нийслэл хотод 31 хорооны 268 мянга, орон нутагт 65 багийн 59 мянган хүнд хувь хишиг тараахаас татгалзсан гэсэн үг юм байна. ХААН банкны хаалга хаалттай болсон эдгээр хороодыг анзаарахад дандаа нийгмийн эмзэг хэсгийнхэн, орлого багатай өрхийн 330 мянган иргэн байж таарч буйд халамжийн мэргэжилтнүүд халаглаж байна.
Гадаад эзэнтэй ХААН банк ийн жирийн монголчуудын өмнө үүд хаалгаа хаасан хэрнээ бэлтэй харилцагч, гадны баячуудад тусгайлан үйлчилдэг шинэ салбарууд нээж эхэлсэн байна. Нийт арвыг байгуулна хэмээн төлөвлөсөн “Дипломат оффис”-ын анхных Драмын театрын өмнө “Алтай” цамхагт нээгджээ. Зэрэглэл өндөртэй гэх энэ газар руу жирийн монгол хүн орох эрхгүй. Үүднээс нь хөөгдөөд гарна. Үнэн шүү. Үүнийг өчигдөр зургийг нь авах гэж очсон манай сэтгүүлч ч батална. Харин удаахыг нь тэд “Туул” рестораны хажууд шинэхэн боссон “Арт хаус” гэж өндөр барилгын дөрөвдүгээр давхарт нээж байгаа юм билээ. Уг нь олон улсын нийтлэг жишгээр нийтэд үйлчлэх банкны салбар ямар ч байшингийн нэгдүгээр давхарт л байдаг юм гэдэг.
Уг нь тэдний өөрсдийгөө рекламдаж харилцагчдад таалагдах гэж тодорхойлсон эрхэм зорилгод нь “ХААН банк нь хүмүүсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах санхүүгийн шинэлэг бvтээгдэхүүнийг нэвтрүүлдэг үндэсний хэмжээний тэргүүлэгч банк юм. Бид шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэн, харилцагчийн үйлчилгээг Монголдоо хамгийн өндөр түвшинд хvргэхийг эрмэлзэнэ” хэмээсэн байна билээ. Мөн энэ зорилгоо биелүүлэхийн тулд барьж ажиллах стратегийнх нь хамгийн эхэнд “Иргэдийн банкны үйлчилгээгээр тэргүүлэх байр сууриа хэвээр хадгалах” хэмээн бичсэнийг интернэт дэх цахим хуудаснаас нь уншиж болно. Гэтэл энд бичсэнээсээ огт өөр стратеги барьж ажиллахаар шийдсэн нь жирийн иргэдээс нүүр буруулж мөнгөтэй гадныханд найр тавьж буйгаар илэрч байна биш үү.
ХААН банкны Батсайхан гэдэг захирал “Манай банк 1.8 триллионы активтай. Танай яамны манайд байгаа мөнгө 20 хувьд нь ч хүрэхгүй. Та нар бүх үйлчилгээгээ авахгүй юу” хэмээн НХХЯ-ныханд томорчээ. Иргэдэд хугацаанд нь саадгүй хүргэх учиртай хувь хишгийг ийн нэг банкны үзэмж хийгээд шаардлагад нийцүүлэн гуйж царайчилж тараалгах уу гэдэг асуудал Засгийн газрын түвшинд хүрч хэдэнтээ яригдсан. Тэр ч байтугай Ерөнхий сайд НХХЯ-ныханд “Та нар нэг банкны дарамтад бүү ор, өөр арилжааны банкуудыг ол” гэсэн хатуухан үүргийг өгч байжээ. Тэр дагууд арилжааны банкуудын удирдлагуудыг НХХЯ өнгөрсөн тавдугаар сард урьж уулзан “Эх орны хишиг”-ийг тараах үйлчилгээг авах санал тавихад тэнд байсан 13 банкны удирдлагаас хэн ч ганц үг ганхийлгүй гарсан бөгөөд үүнд омогшсон ХААН-ы Иргэдийн банк хариуцсан захирал Ү.Наранцэцэг тэтгэвэр, тэтгэмж, халамж хишиг хувиа бүгдийг нь ав хэмээн яамныхныг зад загнасан гэнэ.
ХААН-ы захирлууд чухам юуны учир ийн иргэдэд үйлчлэх үүргээсээ ухарч төрийн байгууллагыг дарамталж буйг ойлгохгүй хүн олон. Магадгүй монголчуудын бэл мөнгөн дээр өөдөлж өндийсөн гадаад эзэд нь өдгөө өсч томорсон банк нь эднийг царайчлах хэрэггүй тул ашиггүй харилцагчдаасаа сал гэсэн үүргийг өгсөн ч байж болох. Тус банкны 65 хувийг Япон, Америкийн санхүүгийн компаниуд болон хувь хүмүүс эзэмшдэг. Үлдсэн 25 хувь Монголын ганцхан гэр бүлд хамаатай. Монголоос мөнгө олж, Монголд үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа хэрнээ 2003 онд хувьчлагдсанаас хойш хувьцаа болон хувь эзэмшлээсээ монголчуудад хүртээх талаар огтхон санаа тавиагүй. Анх Хөдөө аж ахуйн банк дампуурахад Монголын Засгийн газар, Монголбанк хамтран бүх алдагдлыг нь татвар төлөгчдийн мөнгөөр дарж ашиггүй ч элдэв муу өрийн дарамтгүй банкийг гадныханд хүлээлгэж өгсөн. Түүгээр зогсохгүй Монголын төр засаг санхүүгийн үйлчилгээнийхээ 60-70 хувийг ганц энэ банкаар дамжуулж том тус болсон. Өөрөөр хэлбэл, өөдөлж дэвших, хөрөнгө чинээ нь үржиж арвижихад шууд тусалсан гэсэн үг. Монголын нийт өрхийн 80 хувьд хүрч үйлчилдэг хэмээн өөрсдийгөө бахархалтайгаар сурталчилдаг ХААН иргэдийн мөнгөөр Монголын хамгийн өндөр ашигтай, том активтай банк болон өргөжсөн хойноо зээл авч ашиг өгдөггүй, том хадгаламжаар бэлийг нь нэмдэггүй жирийн монголчуудыг гадуурхаж байгааг чухамдаа сульдсан төртэй л холбохоос өөр гаргалгаа байна уу.
URL: