Монголын төр ирээдүйдээ хөрөнгө орууллаа

УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд эрхэм гишүүд Дээд боловс­ролын санхүүжилт, су­рал­­цагчдын нийгмийн батал­гаа­ны тухай хуулийг батлан гаргасан юм. Ингэснээр магад­лан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн оюутнууд 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах боломж нээгдэв.

Үндэсний тэтгэлгийг Бо­ловс­ролын тухай хуульд заас­ны дагуу аттестатчлагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад олгох юм. Хуульд заасан шаардлагыг хангасан сургуулийн өдрийн ангид сурал­цаж буй оюутнууд энэ тэтгэмжийг хүртэх учиртай.  Шинээр баталсан хуульд заас­наар хичээлийн нэг жилд олгох үндэсний тэтгэлгийн доод хэмжээ нь хичээлийн жил буюу 10 сарын турш, сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэн­цэх хэмжээтэй байх юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 мянган төгрөг гэвэл сар болгон 70 мянган төгрөгийн тэтгэлгийг оюутан хүртэх боломжтой гэсэн үг. Үндэсний тэтгэлгийг суралцах хугацаанд нь суралцагч нэг бүрт олгохоор шинэ хуульд тусгаад байна. Орон нутгийн мэргэжилтэй ажилтны хэрэгцээг хан­гах зорилгоор нутгийн захир­гааны байгууллагаас дээд боловс­ролын сургалтын байгуу­ла­гын суралцагчдад зориулсан санхүүгийн дэмжлэг олгож бо­ло­хыг  гишүүд мөн дэмжсэн юм.

Оюутныг тэтгэлэгтэй бол­гох амлалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүний сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө тусгаж, улмаар тангараг өргөх ёслол дээрээ хэлж байсан. Тухайн үед цөөнгүй хүн Ерөн­хийлөгчийг худлаа амлан хош­ги­руулж байна хэмээн гоочилж байсныг сонгогчид санаж бай­гаа байх. Харин дээрх хууль батлагдсанаар Ерөнхийлөгч хэл­сэн үгэндээ хүрч ирээдүй үедээ оюуны хөрөнгө оруулалт хийх амлалтаа хэрэгжүүллээ. Мөн Монгол Улсын нийт иргэдэд олгож байгаа Хүний хөгжлийн сангийн мөнгөний бэлэн олгох хэсгээс оюутнуудад сургалтын төлбөрт нь зориулж 500 мянган төгрөг олгохоор болсон. Одоо үүний хариуд оюутнуудад сурах зорилгыг эрхэм болгож ирээдүйд сайн боловсролтой, сайн мэргэжилтэн болох үүрэг хариуцлага ирж байна.

Социализмын үед нэг сайн тал нь оюутан бүр тэтгэлэгтэй байсан. Түүгээрээ ном дэвтэр, хоол хүнс, унааны зардлаа төлж мөнгөтэй харилцах ухаанд суралцдаг байв. Одоо сургалтын төлбөрийн зохих хувийг Хүний хөгжлийн мөнгөнөөс хаалгаж тэтгэлэгтэй болсноор оюутан хүүхэдтэй аав, ээжийн ачаа бага боловч хөнгөрч байгаа нь мэдээж. Үүний цаана Ерөнхий­лөгчийн амлалт хэрэгжиж бай­гааг сонгогчид мартаагүй байх.

Оюутны тэтгэлгийг ирээдүй үедээ хандсан хамгийн зөв хөрөнгө оруулалт гэж олон хүн талархаж байгаа. Чихрийн цаас төдий хэдэн төгрөгийг нийт хүн амдаа хавтгайруулан тарааж, хэрэгтэй хэрэггүй халамжаар олон хүний ажил хийх хүслийг чөдөрлөж байгаагийн дэргэд оюутны тэтгэлэг нүдээ олсон зүйл болсон нь үнэн. Монголын ирээдүйг өнөөдрийн хүүхэд, залуус бүтээнэ. Өнөөдөр сур­гал­тын төлбөртөө сэтгэл зовох­гүй сурч байгаа оюутан сайн боловсон хүчин болж гарах нь бас үнэн. Аав ээжийн өгсөн хэдэн төгрөгийг баар саванд үрэх, сургалтын төлбөрөө олохын эрхэнд охид биеэ үнэлэх, хөвгүүд хүний юм хумслах гээд сөрөг муу зүйл оюутнууд дунд гардаг байсан нь үндэсний тэтгэлгээр цэглэг­дэнэ гэдэгт найдах үлдэж байна. Ерөнхийлөгч амлалтаа хэрэгжүүлж УИХ хууль баталж, Засгийн газар сургалтын төл­бө­рөөс нь 500 мянган төг­рө­гөөр хөнгөлж байгаа тул өөрт нь төрөөс зориулан өгч буй энэ мөнгийг оюутан залуус зүй зохистой хэрэглэж таарна. Монголын залууст энэ хэмжээний ухамсар бий гэдэгт төр, засаг ч итгэж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч ирээдүйдээ хамгийн зөв хөрөнгө оруулах амлалтаа биелүүлж чадсан. Ирэх жилийн эхний өдрөөс үүнийг оюутнууд биеэ­рээ мэдрэх болно.

Д.ОЮУН

“Ардын эрх”


URL:

Сэтгэгдэл бичих