2014 онд Монголд болсон онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна
1. Монголын ардчилал 25 нас хүрлээ
2014 онд тохиосон томоохон үйл явдлуудын нэг бол Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой мөн. Ер нь 25 нас гэдэг учиртай. Хүнээр бол ид жагсаж, бяр тэнхээ тэгширсэн үе. Гэхдээ ардчиллын 25 жилийн ойн баярын эргэн тойронд болсон үйл явдлаас харвал магтаал талархлаас илүүтэйгээр шүүмжлэл араасаа дагуулав.
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хурал дээр МоАХ-ны дарга Х.Баттулга тавьсан илтгэлдээ “Дүр эсгэсэн ардчилал” бий боллоо хэмээн мэдэгдээд “…Монголын нийгэм 20 жилийн турш хүний эрх, эрх чөлөөг дээдлэсэн либерал ардчилал руу зогсолтгүй ойртож байсан хирнээ сүүлийн хэдхэн жилийн дотор үл анзаарагдах ухралтууд хийлээ. Ардчилал маань сонгуулийн ардчилал буюу дүр эсгэсэн хэлбэр лүү улам бүр ойртож байна. Бид олон нийтийг хангалттай сонсохгүй байна, зүгээр л сонсож байгаа мэт дүр эсгэн, ухаалаг царай гарган толгой дохихоос хэтрэхгүй байна” гэжээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнөх нэгэн арга хэмжээн дээр нийслэлийн намын нөхөддөө хандаж Э.Бат-Үүл “Ардчиллаа хамгаалах тэмцэл маань өнөөдөр эхэллээ…” гэсэн утгатай мэдэгдлийг хийж байв. Тэрбээр жил гаруйн өмнө нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа “…Надтай хамт 1990 онд тэмцэж байсан олон хүн юу хийчихэв ээ гэж харамсаж байхыг харсан. Миний зүрх дандаа эмзэглэж явдаг. Хотын дарга болох шийдвэр гаргасан маань ч үүнтэй шууд холбоотой.
Одоо л засч янзлахгүй бол ардчилал амиа тавихаа хүлээж байгаа өвчтөн шиг болчихоод байна” гэсэн нь бий.
Ардчилагчдын өөрсдийнх нь хэлж ярьсан үгнээс Монголд “дүр эсгэсэн ардчилал” бий болсон нь нэгэнт тодорхой болжээ.
Эдүгээгээс жил гаруйн өмнө Мьянмарын сөрөг хүчний удирдагч, Нобелын энх тайвны шагналт Ан Сан Сун Чи гэдэг эмэгтэй Монголд ирж, монголчуудад зориулж лекц уншихдаа “…Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хортой. Түрэмгийллээс түрэмгийлэл төрдөг. Мөн нэг даргыг нөгөөгөөр солихыг ардчилал гэхгүй. Харин даргын эрхийг ард түмэнд өгөх нь л ардчилал юм” гэж хэлчихээд явсан билээ.
2. Хоёр хөршийн тэргүүнүүд Монголд айлчлав
Манай мөнхийн хөрш ОХУ, БНХАУ-ын тэргүүнүүд Монголд айлчилсан нь 2014 оны онцлох үйл явдлын нэг байлаа. БНХАУ-ын дарга Си Зиньпин наймдугаар сарын 21-22-нд Монгол Улсад төрийн айлчлал хийв. Энэ эрхэм өмнөд хөршийн дэд дарга байхдаа манай улсад айлчилж байсан. БНХАУ-ын даргын энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурав.
Мөн талууд стратегийн түншлэлийн харилцааны төвшинг дээшлүүлэн Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоор санал нэгтэйгээр тохиролцжээ.
“Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1994 оны гэрээ” болон бусад баримт бичгийн үзэл санааны дагуу бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмын үндсэн дээр найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр талууд тохиролцов.
Хятадын тал Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүндэтгэн олон улс болон бүс нутгийн төвшинд дэмжинэ гэдгээ илэрхийлээд Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг олон улсын чанартай болгох, Баянхошуу-Өвдөг, Бургастай-Лаоемяо, Ханги-Мандал, Хавирга-Архашаат боомтуудыг байнгын ажиллагаатай болгох, Цагаандэл-Уул-Өлзийт боомтыг нээх ажлыг түргэтгэхээр ярилцав.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 оны 9 дүгээр сарын 3-нд Монгол Улсад ажлын нэг өдрийн айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийснээс гадна Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Ноён В.В.Путин өмнө нь 2009 онд манай улсад Ерөнхий сайд байхдаа айлчилж байлаа. Хойд хөршийн удирдагчид Халх голын байлдааны ялалтын тэгш ойд хүрэлцэн ирж оролцдог уламжлал ёсоор 2014 онд тохиосон ойн баярт ерөнхийлөгч В.В.Путин ийнхүү оролцохоор ирсэн нь энэ байв.
Хөрш орны хувьд манай хоёр улс бүхий л салбарт хамтран ажилладаг бөгөөд энэ удаад ч харилцаандаа шинэ хуудас нээсэн нэг биш баримт бичигт гарын үсэг зурсан юм. Тухайлбал, Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг албан ёсоор байгуулж 2014 оны арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн хоёр улсын иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж эхэлсэн нь тэмдэглэлт чухал үйл явдал болов.
3. Засгийн газар бүрэн бүрэлдхүүнээрээ огцров
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн, Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцров. Тэрээр парламентад хамгийн олон суудал авсан АН-ын дарга бөгөөд тус намын түүхэнд хамгийн удаан хугацаагаар ажилласан Ерөнхий сайд болж бичигдэж үлдлээ. АН 1996 онд засгийн эрхэнд гарахдаа Ерөнхий сайдаа парламентын сонгуулийн нэгэн хугацаанд дөрвөн удаа сольсон түүхтэй. Тэр үед тэднийг өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулж “амиа хорлолоо” гэцгээж байсан. Тэгвэл энэ удаад ч тийм шийдвэр гаргалаа. УИХ дахь сөрөг хүчин болох МАН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан ч Засгийн газрыг огцруулж чадахааргүй байв. Ерөөс Монголын улстөрийн түүхэнд цөөнх нь Засгийн газраа огцруулж байгаагүй юм. Яагаад гэвэл олонхи нь Засгийн газраа хамгаалдаг учраас тэр. Гэхдээ энэ удаад АН-ын зарим фракц, бүлэглэлийнхэн МАН-тай нийлж “кноп дарсан”-аар хоёр жил гаруй хугацаанд ажилласан Н.Алтанхуягийн удирдсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.
МАН-ын 26 гишүүн, дээр нь Ардчилсан намын МоАХ фракцын Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт, Р.Бурмаа, МҮДН фракцын Р.Амаржаргал, Б.Наранхүү, “Шонхор” фракцын Ж.Батзандан, Д.Батцогт нар Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн санал өгчээ. АН-ын өөрсдийнх нь энэхүү хуйвалдааны ард хэн байгааг ажиглагчид онцлон сонирхож зарим нь цухас боловч дурдаж ярих боллоо.
2013 оны дөрөвдүгээр сарын 12-нд УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай саналыг УИХ-ын даргад өргөн барьсан ч хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн билээ.
Харин энэ оны аравдугаар сарын 17-нд нэр бүхий 28 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай саналыг өргөн барихдаа чиг үүргээ хэрэгжүүлэх чадамжгүй байгаагийн зэрэгцээ төсвийн хууль, тогтоомжийг удаа дараа зөрчин, Засгийн газрын ажлыг зангидан зохион байгуулах үүргээ туйлын хангалтгүй биелүүлж, ноцтой алдаа дутагдлуудыг гаргаж байгаа гэсэн дүгнэлт гаргажээ. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсны цаана юу байсныг шийдлийн Засгийн газрын гишүүдийг томилох асуудал хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Гэгээн цагаан өдрөөр төр засгаа байгуулахаа яагаад ярьж болохгүй гэж.
Чонын бэлтрэг шиг шөнө дөлөөр ярих юм бол сайн цаг ирэхгүй. Тэрийг хүн болгон санагтун, мэдэгтүн. … Нэгдэж хамтрахыг хуулиар хийх цаг болсон. Дээр сууж байгаа гурван дарга нийлчихээд Монголыг удирдаж байгаа гэж байгаа бол андуурал…” хэмээн хэлснээс энэ нь ойлгогдож байна. Батбаяр гишүүн үнэнийг хэлчихлээ. Үнэн хэрэг дээрээ чухам юу болсныг дэлгээд тавьчихлаа гэсэн ойлголт олон хүнд үлдсэн билээ.
4. Улс төрд улам өтгөн МАНАН үүсэв
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар тодорсон Ч.Сайханбилэг Засгийн газарт хамтран ажиллах урилгыг парламентад суудалтай бүх намд илгээлээ. МАН-ынхан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болохыг огтхон ч дэмжээгүй атлаа харин засагт хамтрах урилгыг дуртай нь аргагүй хүлээж авав. Өөрсдийнхөө энэ алхмыг МАН-ын удирдлагууд “Санал асуулгаар олон хүн ор гэж дэмжсэн” гэж намын Бага хурал дээрээ тайлбарлав. Харамсалтай нь бодит байдал дээрээ бүр эсрэг байсныг тус намын ахмад гишүүн Д.Дэмбэрэлийн үг, МАН-ын дарга асан Ө.Энхтүвшингийн захидал, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъянгийн нийтлэл зэргээс тодорхой харж болохоор байгаа юм. Ч.Сайханбилэгийн Засгийн газар өнгөн дээрээ АН, МАН, МАХН, МҮАН, ИЗН гэсэн таван намын төлөөлөлтэй юм шиг харагдах боловч агуулгаараа өмнө нь байсан МАНАН-г дахин бий болгосон билээ. АН, МАН хоёр хамтран байгуулсан өтгөн МАНАН-даа халхавч болгож МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг оруулав. Бодлогын яамыг тэдэнд өгсөнгүй, бас хэнийг сайд болговол хүлээж авах, хэний нэрийг оруулж ирвэл хүлээж авахгүйн тухайд ч шахалт дарамт үзүүлсэн сурагтай. Үе үеийн сонгуульд АН-ын суганд хавчуулагдан сонгуульд орж, нэг суудалтай явж ирсэн ИЗН бүр сайдын суудал ч үгүй тойргийн гадна хаягдан үлдэв.
Эрх баригч МАНАН руу гүйж ороод гүзээнд наалдсан дэлүү шиг аялдан дагалдсан нь “Шударга ёс” эвсэлд хэрэгтэй эсэхийг ирэх цаг хугацаа аяндаа харуулна буй за.
Наанаа үндэсний эв нэгдлийг илэрхийлсэн шийдлийн Засгийн газар гэсэн халхавчтай, цаанаа улстөрийн өтгөн МАНАН-г дахин бий болгосноор юу болох вэ гэдгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга нар эрх баригчид Оюутолгойн Монголын хувь эзэмшлийг зарах асуудлыг МАНАН дунд хийх магадлалтай хэмээн болгоомжлуулжээ. УИХ-ын гишүүн Х.Баттулга МАНАН-гийн цаана юу нуугдаж болохыг төрийн эзэмшлийн “Эрдэнэс тавантолгой”-г менежментийн гэрээгээр МСS-д өгөх нь гэдэг байдлаар хардаж, харж байгаагаа илэрхийлжээ. Парламентын гадна байгаа улстөрийн намууд өнөөгийн улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлыг “сөрөг хүчингүй парламенттай, хяналтгүй байгаагаар далимдуулан Үндсэн хуулийг өөрчлөх нь, ингэснээр мөнхийн МАНАН байгуулахыг хуульчилж авахыг санаархаж байна” гэж дүгнэж байна. Мөн МАН Ч.Сайханбилэгийг дэмжээгүй атлаа засагт хамтрахаар яарсны цаана тэрбум ам.долларын зээлийг захиран зарцуулахад гар дүрэх сонирхол нуугдаж байгаа гэсэн тайлбарыг ч бас дагалдуулж байна.
Улстөрийн шинэ МАНАН юунд хүргэхийг 2015 он бидэнд харуулна.
5. МАХН-ын дарга Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийг хамгийн олон хүн үзэв
“Херо энтертайнмент” студийн бүтээл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр гэргийн хамт оролцсон нь морин жилийн дуулиант үйл явдлын нэг яах аргагүй мөн байлаа. “Максима” судалгааны төвийнхний тандалтаар дээрх нэвтрүүлгийн эл дугаар 2014 онд хамгийн олон хүнийг нэгэн зэрэг телевизийнх нь өмнө суулгажээ. Учир нь БНСУ-д удаан хугацаагаар эмчлүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-аас Оюутолгой, Тавантолгой, 2008 оны 7 дугаар сарын 1-ний үймээн, 2009 оны ба 2012 оны сонгууль, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ерөнхий сайд асан С.Баярын тухай гээд улстөрийн хүрээний маш ноцтой мэдээллүүдийг дэлгэсэн юм. Энэ нэвтрүүлэг гарснаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн болоод улстөрчдийн хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн таньж ойлгоход илүү хялбар болсон гэж олон иргэд, бас зарим судлаачид үзэж буй. Нэвтрүүлгийн дараагаар “Цензургүй яриа”-гаар Ц.Нямдорж өөрийгөө хамгаалж улмаар ам халж өгүүлэхдээ “Н.Энхбаяраас илүү Ц.Элбэгдорж чинь новш байсан” гэсэн бол С.Баяр “Би ямар ч буруугүй” хэмээн яаран сандран мэдэгдэв.
Тэдний “Н.Энхбаяр буруу ярьж байна. Бид огтоос ингээгүй, буруугүй” гэж өгсөн хариу маягтай яриануудаас нь үнэн, худлын дэнсийг ард түмэн ялгаж, салгахад үнэхээр их хэрэг болов.
Н.Энхбаярын хоёр цаг гаруйн ярилцлага эхнээсээ дуустал үзэгчдийн анхааралд байж Оюутолгой, Тавантолгойг ард түмэнд ашигтай байх хувилбараас өнөөгийн эрх мэдэлтнүүд хэрхэн татгалзсаныг ил тод болгож өгсөн гэж хэлж болно. Мөн 2008 оны 7 дугаар сарын 1-ний тэр хар өдөр Төрийн ордонд чухам юу болсныг, Ц.Нямдорж “Хятадын тагнуул” гэсэн хэрэгт орооцолдсныхоо дараа өрөөнд нь уйлж орж ирээд юу хүсч байсныг, Ц.Элбэгдорж өөрийг нь Хархорины Засаг дарга л болгож өгөөч гэж гуйж байгаад Ерөнхий сайд болсныхоо дараа Н.Энхбаярын гэрт ирээд өөрийг нь болоод гэргийг нь хэрхэн үнсэн талархсан гэх мэт сонин содон хэсгүүд нь олны сонирхлыг ихэд татжээ. Хамгийн чухал нь Н.Энхбаяр гэдэг хүнийг хэрхэн хэлмэгдүүлж, үнэний төлөө шоронд өлсгөлөн зарлаж байх үед хэрхэн хүнлэг бусаар харьцаж, даажигнаж байсан тухай яриа үнэн мөнөөрөө олон түмэнд хүрсэн нь цаашид улстөрийн хэлмэгдүүлэлтийг Монголд давтахгүй байхад ач холбогдолтой юм.
6. Талийгаачийг ялласан шүүх хурал ба Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримт
Монголын хууль, шүүхийн байгууллагын түүхэнд 2014 он бараг л хэзээ ч арилшгүй тод ул мөрөө, тодруулж хэлбэл хар толбоо үлдээлээ. Энэ бол нас барсан хүнийг шалгаж, гэм буруутайг нь анхан шатны шүүхээр тогтоож, тогтоолыг нь давж заалдах шатны шүүх нь батласан явдал юм.
“Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярыг бусдад хахууль өгөхийг завдсан хэргээр өнгөрсөн онд баривчилсан билээ. Уг хэрэгт хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж эхэлсний нэг нь Монгол Улсын Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан байв. Тэрээр албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр сэжигтнээр татагдаж хоригдож байхдаа зуурдаар хорвоог орхисон харамсалтай явдал болсон юм. Уг нь ийм тохиолдолд хэрхэхийг зохицуулсан хууль манайд бий. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.3-д “…гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан бол эрүүгийн хэрэг үүсгэхгүй бөгөөд хэрэв үүсгэсэн бол прокурор, шүүгч энэ хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалттай. Өөрөөр хэлбэл, нас барсан хүнийг шүүх ямар ч тогтолцоо Монголд битгий хэл бусад олон улс оронд байдаггүй байна. Гэвч талийгаач Д.Амарсайханы гэм буруутай болох тухай асуудлыг Монголд 2014 онд мөрдөн байцаалтаас хоёр дахь шатны шүүх хүртэл хэлэлцэв.
Х.Анхбаяр нарт холбогдсон хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн зургадугаар сард болж хоёр өдөр үргэлжилсний эцэст Д.Амарсайхан агсныг гэм буруутай нь тогтоогдсон ч нас барсан учраас хариуцлага тооцох боломжгүй гэсэн утга бүхий шүүхийн тогтоол гаргажээ. Талийгаачийн өмгөөлөгч болон ар гэрийнхэн хуулийн дагуу шаардлага тавьж гомдол гаргасан ч давж заалдах шатны шүүхийн шүүгчид “Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэжээ” хэмээн шийдвэрийг нь бататгасан юм. Харин дээд шатны шүүх нь энэ алдааг нь зассан. Гэхдээ талийгаачийн дүүгийн ажиллаж байсан компанийн захирал Х.Анхбаяр гэдэг залууг тэнсэн харгалзах ялтай үлдээв. Тодруулбал, нас барсан хүнд хахууль өгсөн байх магадлалтай гэдгээр буруутгажээ. Талийгаачийн цогцсыг шүүхийн танхимд авчирч тавиад шүүдэг байсан дундад зууны үеийн эмгэнэлт үзэгдэл ХХI зууны Монголын хууль шүүхийн байгууллагуудын практикт давтагдсанд олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж, шинэчлэл хийгээд байгаа нь хаана байна вэ гэдэг асуултыг тавьж байлаа.
Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөр бас нэгэн асуулт нэмсэн дуулианыг гаргаж ирэв. Х.Тэмүүжин арванхоёрдугаар сарын 4-нд цахим сүлжээгээр дамжуулан “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэсэн тодотголтой баримтыг дэлгэв. Дөрвөн сая долларыг хэн хүлээн авсан бэ гэдэг ихээхэн анхаарал татсан сэдвийн нэг болж, хуулийн байгууллагынхан сүр хүчээрээ, барих хорихоороо айлган бусдаас их хэмжээний авлига авдаг гэх асуудал хөндөгдөв. Харин “Голомт” банкаар дамжсан гүйлгээний баримтын эзэн Ч.Бямбаа, “Голомт” банкны ТУЗ-ын дарга асан Д.Баясгалан нар хэвлэлийн хурал хийж, хэвийн бизнесийн гүйлгээ байсан гэж тайлбарлав. Нэрийг нь дарсан баримтын хүлээн авагч нь би байна гээд эзэн гаргаад ирсэн, гүйлгээ хийсэн банкны эзэн нь хэвийн гүйлгээ байсан гэдэг энэ тайлбар нөгөө “юун гуя” гэдэг шиг юм болж, ээдрээг тайлах биш улам холион бантан болгож орхилоо.
Х.Тэмүүжингийн “хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр…” гэсэн үг одоо ч оньсого нь тайлагдаагүй хэвээрээ байна. Хэдэн сая төгрөг биш, сая сая ам.долларын асуудал энэ он дамжиж ирэх 2015 онд ч халуун сэдэв хэвээр үргэлжлэх бололтой.
7. Спортынхон шинэ амжилт үзүүлж, түүхэн рекорд тогтоолоо
БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн зуны спортын XYII наадамд Монголын баг тамирчид таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл, нийт 21 медаль хүртэж багийн дүнгээрээ 16 дугаар байрт жагсан урьд өмнө үзүүлж байгаагүй амжилтаараа энэ оны онцлох үйл явдалд багтлаа. Тэр дундаа манай сагсан бөмбөгчид үнэхээр гайхалтай тоглолтууд хийж монголчууд багаараа тоглодог спортод амжилт гаргах боломжтойг харуулж чадав. Монголын баг тамирчид 1974 оноос хойш нийт есөн удаа Азийн наадамд өрсөлдсөн ч энэ удаа олон шинэ амжилт тогтоов.
Монголчууд ингэж Азийн наадмын баатар болсноос гадна монгол хүү Японы сүмогийн дэвжээнд дээд амжилттай зэрэгцэн гарч ирлээ. Их аварга Хакүхо М.Даваажаргал 11 дүгээр сарын башёд түрүүлснээр 32 дахь цомоо гардаж арлын орны өнгөрсөн зууны домогт сүмоч Тайхо аваргын тогтоосон дээд амжилттай зэрэгцэв.
Сумогийн дэвжээн дэх 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал энэ жил 29 настай бөгөөд дахин хэд хэдэн удаа түрүүлж дээд амжилтыг ахиулна гэдэгт монголчууд итгэлтэй байна.
8. Зургаан аймаг руу засмалаар давхиж, 61 сая малаа тал дүүрэн бэлчээв
Зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай дардан замаар холбох ажил амжилттай хэрэгжиж, их бүтээн байгуулалтыг өрнүүлсэн нь 2014 оны онцлох үйл явдлын нэг болов. Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбов. Шинэчлэлийн Засгийн газар, тэр дундаа Зам тээврийн яам 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаад хоёрхон жилийн дотор 2500 км авто замыг барьж чаджээ. Энэ бол өмнөх үеийнхний их бүтээн байгуулалтын үйл хэргийн үргэлжлэл байлаа. Түлш шатахуун, цаг хугацаа хэмнэх болов.
Мах магнаг боллоо хэмээн халаглаж суусан нь манайхны хувьд саяхан. Учир нь гурав хүрэхгүй сая хүн амтай манай улс 50 гаруй сая малтай хэдий ч 10 мянга хол давсан үнээр ганц кг мах худалдаж авч байгаа нь эмгэнэл байв. Харин энэ жил манай улсын мал сүрэг 61 саяд хүрсэн нь онцлох үйл явдал боллоо. Мал дагавал ам тосдоно гэгчээр өсөж үржсэн малынхаа буянаар эдийн засгаа сэргээх боломж айсуй хэмээн эдийн засагчид онцолж байна. Бид махаа хойд, урд хөршдөө экспортлоод хөл дээрээ босоод ирэх боломжийг алдахгүй ашиглах нь чухал гэдгийг ч хэлж байгаа юм. Эрдэмтдийн тооцоогоор 61 сая малын бүтцэд бод малын эзлэх тоо толгой бага аж. Тухайлбал нийт мал сүргийн дотор адуу 5.7 хувь, үхэр 6.3 хувь, тэмээ 0.8 хувь, хонь 44.3 хувь, ямаа 42.9 хувийг тус тус эзэлжээ.
9. Есөн настай настай бяцхан охин найман дүүгээ галаас аврав
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд айлын орон гэр шатаж есөн настай Н.Азжаргал охин түймрийн аюулаас найман дүүгээ аврав. Дүү нар нь ой найман сартайгаас зургаа хүртэлх настай. Монголын залуучуудын холбооноос түүний эр зоригийг өндрөөр үнэлэн “Эр зоригийн алдар” тэмдгээр шагнажээ. Найман дүүгээ аварсан Н.Азжаргал охин өөрөө 40 хувийн түлэгдэлтэйгээр нийслэлд ирж эмчлүүлээд буцсан аж.
Тэрээр гал гарангуут байшингийнхаа цонхыг хагалаад дүү нараа бүгдийг зөөж гаргасан бөгөөд урьд өдөр нь хөдөөх гэртээ буцсан өөр нэг жаахан дүүгээ гал дундуур хайж цаг алдаж өөрөө түлэгдсэн байдаг. Түймэрт сандрахдаа тэр дүүгээ гэртээ байгаагүй гэдгийг мартсан байх гэж аав ээж нь ярьж байсан юм. ТВ-9 телевиз, “Зууны мэдээ” сонин 9 настай Азжаргал охиныг 2014 оны “Энэ цагийн эгэл баатар”-аар тодруулав. Н.Азжаргал охины бие сайжирсан ч арьс нь хөрсгүй болсон тул хүйтэнд хөлдөх аюултай байгаа. Тиймээс сургуульдаа байнга хүргүүлж, авахуулдаг гэнэ.
Хамгийн бага дүүгээ хайгаад олохгүй удсан учраас дүү нь бага зэрэг түлэгдсэн гэдгийг тэрээр хэлсэн. Найман дүүгийнхээ эрдэнэт амийг бүгдийг нь аварсан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын дунд сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг. Математик болон бусад хичээлээр олимпиад уралдаанд амжилттай оролцдог тэргүүний сурагч юм.
10. Монгол Улс иргэдээ чагнах тагнах төхөөрөмжтэй болж, хэвлэлийн эрх чөлөө улам хумигдах төлөвтэй боллоо
2014 оны онцлох нэгэн үйл явдал бол яах аргагүй Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ интернэт орчныг хяналтдаа байлгахын тулд ихээхэн хэмжээний зардал гаргасан явдал байлаа. Үүнийг “Викиликс” сайт илчилсэн.Тус сайтад “Монгол Улсын Засгийн газар FinFisher (ФинФишер) FinSpy, FinFly USB, FinUSB Suite, FinFly ISP, FinIntrusion Kit, FinFireWire, FinFly LAN, FinFly Web зэрэг программ хангамжийн системийн лицензийг 16 удаагийн давтамжтайгаар худалдан авчээ. Ингэхдээ нийт 1.358.160 евро буюу өнөөдрийн ханшаар 3.3 тэрбум орчим төгрөг төлсөн” гэж бичсэн юм. Манайхны худалдаж авсан “ФинФишер” компанийн дээр дурдсан программ хангамжийн системүүдийг интернэт орчныг хянах, тагнах, цензур тавих, цахим хуудсуудын үйл ажиллагааг хянах, дотоод сүлжээг хянах, нэвтрэх зэрэгт ашигладаг дээд төвшний мэргэжлийн тусгай зориулалтынх байсан аж. Интернэтийн хэрэглээ орчин үед хүний эрхийн асуудал болж хувирчээ. Хүмүүс тэр бүр ил хэлж чаддаггүй үзэл бодлоо интернетээр дамжуулан уламжилж буй учир ийнхүү дэлхий дахины анхаарлыг татаж эхэлсэн билээ. Ийнхүү чагнах, тагнах төхөөрөмж хэрэглэж эхэлсэн нь Монголын төр Үндсэн хуулийн заалтыг умартаж иргэдийнхээ эрхэнд бүдүүлгээр халдсан үйл явдал боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн онд чимээ алдраад нэг их удаагүй байхад 2014 онд Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар телевизүүдийн үйл ажиллагааг хязгаарлах, улмаар зогсоох, хаах тухай, тэрчлэн Өргөн нэвтрүүлгийн программын тухай хууль гаргах тухай МОНЦАМЭ агентлагийг засаг өөртөө мэдэлдээ эргүүлж авах буюу хувьчлах талаар ярилцаж эхэллээ. Хоёр мянган оны эхээр харьцангуй чөлөөт хэвлэлтэй гэгдэж байсан Монгол Улс 2005 оноос хэвлэлийн хагас эрх чөлөөт орны эгнээнд шилжсэн. Одоо урагшлах биш ухрах тухай л боддог эрх баригчид болсон бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: