С.Б.Бат-Эрдэнэ: ЕС ХОНОГ /Баримтат тууж 2/

5be49d0f9080c034originalХОР Ч ХООЛ БОЛНОЗадгай, Зил-130 машины тэвшин дээр үеийн хорь гаран залуус, зарим нь нилээд халамцуу, бүгд бүхээгний ард шавааралдан, урдах, дэргэдэх хэн нэгнээсээ болон кузовны ирмэгээс гараараа барин зогсоогоороо, хоолой мэдэн:
…Ардын арми, улаан арми
Ахан дүүсээр баатар болсон юм…
…Манай цэргийн жавхаа сүр
Улаан тугийн намираа… гэсэн ганц нэг цэрэг эх орны сэдэвт дууны сэтгэлд хоногшсон дахилт төдийг дахин, дахин хоолой нийлүүлэн бархирсаар Таван толгой руу орж ирлээ. Ганц бадаг боловч бүтэн дуулъяа гэхнээ хэн нь ч цэрэг армийн дуу мэдэхгүй л ажгуу. Ажилчны районы цэрэг татлагын байрнаас хар хурдаараа зугтах мэт давхин гарч ирэх ачааны тэрэглүү хэн нэгэн найздаа амжуулан дамжуулж шидсэн хоёр ч шил “Охь”, нэгийн зэрэг “Хүлэг” архийг замдаа шилээр нь тойруулан дамжуулж, амжуулчихаад лонхыг хөөрөлхөж, хөлчүүрэхсэндээ урагшаа замруу шидэн хагалах тэднийг авч яваа офицерүүд нь “Тэгж л байдаг юм, удахгүй номондоо орно доо” гэсэн үү, харсан ч хараагүй мэт дүр исгэх нь бас л сонирхолтой дүр зураг авай.
Бальдаг зориутаар шилж өмссөн хувцасны тамтаг гэмээр томдож хэлхийсэн тансар хилэн формын өмд, суга ханзархай гандаж цайсан эрээн цамц, дотоодын үйлдвэрийн хоол нэхсэн майжгий бахиалан гутлаа тайлж шидчихээд, эхээс төрсөнөөрөө үлдэн халуун усанд ёс төдий орон нороод гарч ирлээ. Мань эр өөрийнхөө сайндаа ч биш, бужигналдаж өссөн гудамжныхаа хөвгүүдтэй цэрэгт явна гээд хэд хоног нийлэн дэмий тэнэж явахад таньж мэдэх халагдсан хуучин цэрэг агаа нарын үнэт зөвлөлгөөг даган, өглөө комиссоор орохоос өмнө гэртээ ус халаан сайтар гэгч нь биеэ угааж, хөмсөг сормууснаас бусад бүх үсээ хусаад бэлдчихсэн болохоор өөр яах ч билээ дээ. Энд, тэндгүй зарим нь үсний гар машинаар, зарим нь сахлын татуургаар хуучин цэргүүд шинэ цэргийн үсийг машиндах нь машиндаж, хусах нь хусаж, санаатай санаатайгүйг нь хэн ч мэдэх билээ дээ, зарим цэрэг энд, тэндээ хуйхаа шалбалуулчихсан цус нь гоожин, улаан алаг толгой ч харагдах шиг.
“Дүү хүү, Яармагын, дошны нэр баасдав даа. Гэхдээ хаа газар хотын хүүхдүүд алздаггүй юм даа. Армийн албанаас хулчийхгүй л бол болоод явчихна даа” гэснээ гэнэдүүлэн баруун шанаанд нь тулгаж шанаадаж унагаачихаад, “За бос, бос. Ямар ч гэсэн үүнээс хатуу шанаа л ирнэ гэж байхгүй шүү! Чи харж л байгаарай” гэсэн халамцуухан нэгний дүр санагдан, тэгэхэд өвдсөнөө бодохоос айдас ч хүрэх шиг боловч “Гэхдээ хаа газар хотын хүүхдүүд алздаггүй юм даа. Армийн албанаас хулчийхгүй л бол болоод явчихна” гэснийг нь бодсоор шинэхэн цэрэг хувцасныхаа мөрдэсийг хадаж дуусан, өмсөөд хоёр мөрөө хартал дөнгөж саяхан хичээнгүйлэн хадаад дууссан хоёр мөрдэснийх нь өрөөсөн нь алга ахуйд гайхашран байтал гэнэт араас нь нуруун дундуур пидхийлгэн өшиглөөд “Хүүе цэрэг ээ! Армийн форм яргалаад байна уу, үгүй юу?” гэхэд “Үгүй!” гэж ах нарын зааснаар огцомхон хариулаад яахыг нь хүлээлээ. “Цэргээ! Баруун погоноо засаж хад!” гэснээ нэгэн хуучин цэрэг өөдөөс нь харан явган суугаад “Хаанаас ирсэн бэ? Мөнгөтөй юу?” гэлээ. “Улаанбаатар, Яармагаас. Мөнгөгүй” гэсэн товчхон бөгөөд тодорхой хариуг сонссон оо нөгөө цэрэг дуугүй л босоод явчихсан нь хотын цэргүүдээс үнэхээр барагтай л бол мөнгө гардаггүйг мэддэг нэгэн бололтой. Шинэхэн кителээ тайлан харвал өрөөсөн мөрдэсээ мөрнийхөө ар дээр хадчихсанаа харсанаа инээд ч хүрэх шиг, ичих ч шиг. Гэтэл бас л хэн нэгний хөл орж ирэн хажуу бөөрлүү нь пидхийлгэсэнээ “Бөөстчихсөн байна шүү дээ! Бөөстүүлэхгүй шүү!” гэхэд нь учиргүй гайхан дөнгөж өглөөхөн сайтар гэгч усанд орж, илүү дутуу хамаг үсээ хусчихсан, дөнгөж сая дахиж усанд ороод үйлдвэрээс гарсан цоо шинэхэн хувцас өмссөн хирнээ яахаараа, хэдий завандаа бөөстчихдөг билээ хэмээн мэл гайхан цэл хөхөртөл нөгөө өшиглөгч этгээд түүний эргэн тойрон суун мөрдэсээ хадаж байсан цэргүүдийн анхаарлыг өөртөө хандуулаад Бальдагийн кителийг мөр дэстэй нь авч өрөөсөн погоныг нь багцаагаар гуравны нэг хавьцаанаас нь эхлэн, захруу нь өгсүүлэн ганц, хоёрхон минутанд огт утас ил гаргахгүйгээр, сурамгай гэгч нь зургаахан хатгаж тогтоогоод “Ингэж хадацгаа мэдэв үү! Огт утас ил гаргаж болохгүй” гэснээ цаанаа нэг доогтой мушийгаад явж одлоо. Бальдаг ч өөрийн утсыг нь ярзайлган “бөөстүүлж” шууд хоёр тийш нь хаваад хадчихсан мөрдэсээ ханзлан авч нөгөө цэргийн зааснаар хадвал үнэхээр амархан бөгөөд цэвэрхэн ажээ.
Хувцаслаж дуусчихаад халуун наранд нозоорон заасан газарт нь дасаж, дадаагүй цэрэг суултаар бөгсөөрөө газарт суун, хоёр өвдөгөө босгон, хоёр гараараа өвдгөө тэврэн суух гэж үйлээ үзэн хэсэгтэй л суулаа. Дэргэдүүрээ таахалзан алхлах голдуу бага дарга нар, хуучин цэргүүдрүү атаархсан харц гүйлгэн “Хэзээ нэг ингэж хуучирчихаад дураараа, чөлөөтэй пээдийн явах бол оо” гэсэншүү юм бодож суутал нэг л таньдаг царай харагдах шиг болоход лавшруулан харвал мөөн, яах аргагүй таньдаг хүн байх нь тэр! Харин сайны ёр уу, муугын эз үү? Аль нь болохыг хэн, хэрхэн хэлж мэдэх билээ.
Учрыг нэхэн өгүүлвээс: Эдүгээгээс зургаан жил гарангын тэртээ Бальдагийг дөрөвт ордог жил хөдөөнөөс Гүнсэл гэдэг нэгэн хүү эдний ангид шилжин орж ирсэн бөгөөд, анх шилжин ирсэн тэр л өдрөөс эхлэн ангийн нэгдүгээр атаман Бальдагийг Бүлдэг болгон өргөмжилж орхиод, түүнээс хойш хонь чоно хоёр болон, цаг үргэлж дайсганалцсаар хоёр жилийг арайхийн ардаа хийж билээ. Бальдаг дошин дээрээ байгаагаараа түрий барин, нөхрийг дарахыг бодовч Гүнсмаа (Бальдагийн хочилсоноор) хирийн хүнд дарлуулахгүйгээр шазруун, шартай бөгөөд ер нь л хэн нэгэнд зүгээр бууж өгөхөөргүй гүргэр банди байлаа. Гэвч унаган дошин дээрээ байгаа, ангийн атаман өөрийг нь бараадах долингоруудаараа түрий барин яаж, ийж байгаад л Гүнсэлийг шоглож орхих бөгөөд, тэр болгоных нь хариуг Гүнсэл ганцаараа боловч ер айж шантрахгүйгээр хариуг нь барьж л орхидогоос үнэхээр хоёр биенээ нэг нүдээр үзэхгүй дайснууд болсон ажгуу. Ашгүй харин долоод ордог намар Гүнсэл лав л эдний ангид, тэр ч бүү хэл эдний сургуульд л лав дахиад үзэгдсэнгүй, гэр нь ч хаашаа ч юм, бүү мэд нүүж одсоноор Бальдаг ангидаа атаман хэвээрээ үлдэж билээ. Харин тэгтэл өнөөдөр Гүнсэл энд хуучин архаг цэрэг болчихсон, баахан хуучин цэргүүд дунд ер нь л овоохон нөлөөтэй болох нь анзаарагдах бөгөөд мань Бальдагийг огт танихгүй ч байгаа юм уу, аль эсвэл танихгүй дүр үзүүлээд байгаа юм уу, ямартай ч мань хүнийг гөлөөг ч гэж тоож харсангүй. Эгэл жирийн нэгэн ангийн найзаа байг гэхэд, зүгээр л сургуулийн танил царай байсан ч танимгайран уулзмаар боловч цаг үргэлж дайсагналцаж явсанаа бодохоос яалтай ч билээ.
Үе үехэн, нэг хоёроор нь, заримдаа арав хориор нь овог нэрсээр нь дуудан хувиарлагдсан ангиас нь ирсэн офицерүүд цэргээ авч явсаар, шинээр нэмэгдэж шинэ цэргүүд ч ирсээр л… Тэгсээр орой ч болж, нар шингэхийн алдад долоохон цэрэг үлдэн нэгэн эгнээнд зэрэгцэн суугаад ойр зуурын юм шивнэлдэж байтал Гүнсэл ирэн:
-Босоод жагс! Баруун тийш эргэ! Баруун мөрөө түрүүлж алхаад марш!* Хэмээн командалхад нуруугаараа жагсаалын эхэнд таарсан Бальдаг баруун тийш эргэн алхахад араас нь:
-Бальдаг гуай! Өдөөд, команд яргалаад байна уу? гэхэд Бальдаг сая л яс хонзонгынхоо гарт армийн алба хаах болсоноо мэдэрлээ. Уг нь бол энд байгаа цэргүүдийн нэрийг мэдсэн байлаа гэхэд Бальдагийг Бальдаг гэхгүйгээр Бальжиргарав гэж дуудах ёстой учир, сая л мань хүн өөрийг нь өөр дээрээ ямар нэгэн аргаар татаж авсаны учрыг ойлгосон ч дотроо “Яах аргагүй баруун эргэж алхаад гэх шиг болсон доо” гэж гайхашран бодсоор эргэлээ.
Маажин бүрхүүлтэй “Урал” машинд долуулаа ачигдан, хамгийн хойно бүхээгний аман дээр хоёр хуучин цэрэг суух нь буугүй л болохоос биш байлдаантай кинон дээр гардаг герман цэргүүд шиг нэг л зэвүүн, Гүнсэл нэгэн офицерийн хамт бүхээгт суун хөдөллөө. Хэн нэгэн нь үүдэнд суух хоёр хуучин цэргээс аль ангид хувиарлагдсанаа асуувал нэг нь “Зуун долоо”, нөгөө нь “Чамд ямар хамаатай юм, гожго минь” хэмээн зэвүүн гэгч нь архирлаа. Бальдаг дотроо “Ямартай ч дошин дээрээ л алба хаах юм байна даа, харин энэ яс хонзонтой яаж харьцах вэ?” хэмээн замын турш толгойгоо гашилгаж явсанаа “Ерөөсөө л, яг өөр шиг нь үзэж таръяа, яаж ч тарчлаасан хаширахгүйгээр, өөрийг нь л барьж аваад байя, тэглээ гээд алаад хаятал хол бий” гэсэн бодолтойгоор “Машинаас!” гэсэн командаар үсрэн бууж жагсаалаараа явсаар “Канцлер” гэсэн хаягтай байшинд орлоо. Өлсөх гэж янзтай, аль өдөр Таван толгойд идсэн хоолноос ходоодонд сураг ч үлдсэнгүй бололтой, хаа нэгтээгээс хоолны үнэр гаран ходоод хоржигнуулах нь нэн бэрхтэй.
Канцлерт арваад бага дарга нар архайлдан хүлээх бөгөөд Гүнсэл орж ирэнгүүтэй нэгэнд нь барьж явсан хавтасаа өгөөд “Бальжиргаравыг нэгийн нэгд хийчэхээрэй, бусдыг нь гуравт хувиарлаарай!” гэснээс өөрийг хэлсэнгүй гарч одлоо. Нэг эгнээнд жагссан мань шинэковуудын өмнүүр нэгэн ахлах түрүүч наашаа, цаашаа хоёронтоо алхалсанаа Бальдагын өмнө ирсэнээ нүүр лүү нь үлээхэд ах нараас сонссоноо санан
“Би, байлдагч Бальжиргарав!” гэхэд өнөө ахлах түрүүч “Оо! Лаг цэрэгжилтэй айн?” гэснээ “Погоноо нисгэчихсэн зэвүүн гар уу, үгүй юу” гээд зангидсан гарын дотор талаар хийтэй гэгч шанаадахад өдрийн погоныг нь хадаж өгсөн цэрэг яагаад жуумганах шиг болсоны учрыг** сая л нэг юм ойлгосон ч, саяын шанаа үнэхээр дошны агаагын тулгаж шанаадсантай зүйрлэхийн аргагүй сул санагдахад, “Хө хө, иймэрхүү шанаа байдаг юм бол ч, армийн албанаас хулчийж, шантрах хэрэг гарахгүй л юм байна даа” гэсэн өег бодол өөрийн эрхгүй төрлөө…

Ингэж л Бальдаг насныхаа хоолтой анх залгасан бөгөөд, үнэхээр тэр үед Гүнсэл ч анхандаа мань хүнийг хорлож, өөр дээрээ авч янаглан хорлъёо гэсэн бодлоор ангидаа хувиарлуулсан боловч багын явдал л бол, багынх л байдаг, харин эрийн цээнд хүрч байгаа эрчүүл, арай өөрөөр, ухаажин томоожих үерүүгээ өөрсдөө ч мэдэлгүй хөл тавьж л байдаг, тэр л жамаар энэ насандаа салж хагацахгүйгээр сайн найзууд болсон ажгуу.
Харин эрхэм уншигч авхай нарт нэгэн ойлгомжгүй, бүрхэг зүйлийн тайлалыг тайлж өгөхгүй бол болохгүй байхаа. Та бүхэн гайхаж байж магадгүй “Бальдаг арваа ч дүүргэлгүй цэрэгт явж байхад, яахлаараа Гүнсэл үе чацуутан нь хирнээ ингээд хуучин цэрэг болчихсон байдаг билээ?” гэж. Тайлал нь амархан л даа, Гүнсэл зургаагаа төгсөөд л Зуун долоогын хөгжмийн салаанд “сурагч” болон, мань Бальдагыг шинэ цэргийн тангаргаа өргөхөд, сая л арван найман хүрч, эр цэргийн насанд хүрэн, багын дайсан, дошны нөхөр Бальдагтай хамтдаан эр цэргийн тангаргыг эх орондоо өргөсөн бөлгөө.

*-Баруун мөрөө түрүүл, зүүн мөрөө түрүүл командыг ихэнхдээ шинэ цэргүүд буруугаар хүлээж авдаг нь ер нь л бичигдээгүй хууль л даа. Баруун мөр түрүүл- гэдэг нь баруун гар талын чинь мөр биеэсээ түрүүлж, зүүн мөр чинь хойшоо хоцор гэсэн утгаар буюу зүүн гар тийш жагсаалаараа, цуваагаараа эргэж чиглэлээ өөрчилж алхана гэсэн үг. Харин зүүн тийш эргэ- гэвэл цэрэг бүр дор бүрнээ зүүн тийш эргэж жагсаал огцом зүүн гар тийш эргэж жагсаалын фронт өөрчлөгдөж алхахыг хэлнэ.

**- Дүрэм ёсоор бол мөрдэс буюу погоныг чүдэнзний мод орох завсаргүйгээр машиндсан мэт боловч утас ил гаргахгүйгээр хадах ёстой боловч ингэж хадсан тохиолдолд мөрдэс кителийнхээ энгээр нугаларч өнгө үзэмжгүй болдог учраас цэргүүд хуучраад ирэхээрээ “погоноо нисгэх” гэгддэг дээрхи аргаар голдуу хаддаг. Таван толгойд байсан хуучин цэрэг тэнд байсан шинэ цэргүүдийг хөөрхөн шоглож, янаглан хорлочихож байгаа нь тэр.

Үргэлжлэл бий.


URL:

Сэтгэгдэл бичих