Д.Хаянхярваа: Төрийг нэг асуудлаар барьцаална гэдэг байж боломгүй зүйл

УИХ-ын Тамгын газрын хурал зохион байгуулах ажлын албанаас өчигдөр гурван байнгын хорооны хуралдааныг зарласан ч АН-ын бүлгийн гишүүд ирээгүй учир ирц хүрсэнгүй. УИХ-ын Хуульзүй, Төсөв, Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийн төсөл, Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслүүд, Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлаар хэлэлцэх ёстой байв. Ингээд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Хаврын чуулган завсарлахаас өмнөх сүүлийн байнгын хорооны хуралдааны ирц бүрдэхгүйд хүрч байна. Энэ удаагийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх байсан бэ?

-Би байнгын хорооны гишүүдийг гайхаж байна. Уг нь хуулийнхаа дагуу бол төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн гүйцэтгэл, үндсэн чиглэл гээд чухал асуудлуудыг хэлэлцэж байж чуулган завсарлах ёстой. Гэтэл гишүүд ийм чухал хуралдаанд ирэхгүй юм.Үүнийг далимдуулах үйл ажиллагаа гэж ойлгож байгаа. Нэг нам нь “чуулганд оролцохгүй, сонгуулийн хуулиас болж бүх зүйлээс татгалзаж байна” гээд мэдэгдчихдэг. Үүгээр далимдуулан гишүүд хуралдаа ирэхгүй байна. Хурал эхлэх цагаас 30 минут өнгөрч байхад УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Ч.Улаан бид гурав л сууж байна. УИХ-ын гишүүд хариуцлага, үүргээ ухамсарлаж, улс орныхоо эрх ашигтай холбоотой асуудлыг аль болохоор цаг зав гаргаад хэлэлцэх ёстой.

-Чуулган гацаанд ороод байгаа нь АН-ын бүлэг завсарлага авсантай холбоотой. “Хэрэв дараагийн сонгуульд олон намын бүлэг байгуулагдаад завсарлага авахад хүрвэл УИХ-ын ажил урагшлахгүй байх талтай” гэж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлсэн удаатай. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Би сүүлийн үед улстөр гэж ийм зүйл байдаг юм гэж ойлгох боллоо. Гол ярьдаг хэд нь “Энэ нам болохгүй байна. Энэ намаас болоод бүх юм болохоо байчихлаа” гэдэг. Монгол Ардын Намын гишүүд ажлаа хийхгүй байгаа биш шүү дээ. Сонгуулийн тогтолцоонд пропорциональ давамгайлбал сайн, мажоритар давамгайлбал муу гэдэг үнэн цагааныг нь хэн мэдээд байгаа юм бэ. Сонгуулийн дараа бослого гарна, эсвэл мөнгөтэй, хөрөнгөтэй хүмүүсийн зодоон болно гэх зэргээр ард түмэнд худал мэдээлэл тарааж байна. Зарим гишүүн энэ нам ч мөнгөтэй, тэр нам ч булхиатай гэх зэргээр сонин хэвлэлд ярилцлага өгдөг болж. Үнэндээ ард түмэн сохор биш. Бүгдийг ойлгож байгаа. Хэн нь хэдэн төгрөгийн хөрөнгөтэй, хэн нь яаж сонгуульд оролцдог, хэн нь ямар будлиан, эмх замбараагүй байдал үүсгэдэг гэдгийг нүдээрээ харсан. Тийм болохоор нам хүчнүүд хоорондоо айхтар улстөрийн өнгө аястай юм ярьж, төрийн ажлыг гацаахаа болимоор байна. Үнэн, худал нь мэдэгдэхгүй баахан юм ярьсныхаа дараа энхийн цагаан талаа болж ард нь үлддэгээ болих ёстой. Үнэхээр дэндэж байна. Бүтэн гурван долоо хоног төрийг нэг асуудлаар барьцаалж, үйл ажиллагааг нь зогсооно гэдэг байж болохгүй асуудал.

-УИХ-ын дарга хаврын чуулганыг сунгаж, Хуралдаануудыг үргэлжлүүлэх үүрэг өгсөн ч байдал сайжирсангүй шүү дээ. Цаашид яах вэ?

-Асуудлаа хэлэлц гээд чуулганыг сунгаад өглөө. Хэлэлцэж, зөв хувилбараа гаргаж чаддаггүй юм бол ард түмнээсээ асууя гэхээр “ийм жаахан зүйл асуухгүй” гэх юм. Яг үнэндээ тийм жаахан зүйл юм бол түргэхэн шийдчих хэрэгтэй шүү дээ. Би өчигдөр УИХ-ын гишүүн Д.Одбаярын ярилцлагыг уншлаа. Д.Одбаяр гишүүн намайг бодвол хуульч хүн. Үүсээд байгаа асуудлаар олон орны жишээ, туршлагыг ярьсан байсан. Бусад оронд бүр хэтэрхий өчүүхэн  асуудлаар санал асуулга авдаг юм билээ. Гэтэл бид улстөржих болохоороо сонгуулийн тогтолцооноос л бүх зүйл хамааралтай, болохгүй, бүтэхгүй байна гээд яриад байдаг хэрнээ ард түмнээсээ асууя гэхээр “жижиг асуудал” гэх нь утгагүй. Эцсийн дүндээ бид ард түмнээсээ асууж, улс орныхоо эрх ашиг нийцүүлэн асуудлыг хэлэлцэхгүй юм бол хэний эрх ашгийн төлөө хууль батлах гээд байгаа хэрэг вэ. Ард түмэн зөв гэж үзсэнээ сонгоно. Түүнээс ард түмэн аль нэг намын эрх ашиг  нийцүүлсэн санал өгөхгүй шүү дээ.

-Төсвийн байнгын хорооны хувьд өнгөрсөн хугацаанд хэлэлцэлгүй орхигдсон ямар асуудлууд байна вэ?

-Олон асуудал бий. Гол нь төсвийн хүрээний мэдэгдэл, үндсэн чиглэлээ хэлэлцэж чадахгүй байна. За, төсвийн гүйцэтгэл ч бүр өнгөрч. Хийгээд өнгөрсөн юм гэж бодохоос аргагүй. “Тийм гүйцэтгэл гарлаа, ийм орлого орлоо” гээд тайлан гараад дуусах байх. Нөгөө хоёр асуудлыг шийдвэрлэхгүй бол намрын чуулганаар төсвөө хэлэлцэж чадахгүйд хүрнэ. Биднээс ирүүлсэн мэдэгдэлд тулгуурлан Засгийн газар төсвийн хүрээний мэдэгдлээ хийдэг юм.

-Маргааш хаврын чуулган завсарлана. Харин зайлшгүй хэлэлцэх асуудлуудаа орхисны eршиг намрын чуулганд гарах уу?

-Намрын чуулганаар юу болохыг хэлж мэдэхгүй байна. Ер нь хууль дүрмийнхээ дагуу хэлэлцээд явах л хэрэгтэй. Хэлэлцэж байж л чуулган завсарлах учиртай. Мэдээж баяр наадам ойртоод завсарлах хүсэл хүн болгонд төрж байгаа. Гол нь ажлаа хийчхээд завсарламаар байх юм.

-Та Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон. Дархан зэрэг зарим хотод улсын зэрэглэл олгох асуудлыг юу гэж үзэж байгаа вэ?

-Аливаа улсад улсын зэрэглэлтэй хотууд байх ёстой. Дархан, Эрдэнэтээс сонгогдсон гишүүд хотын тухай хууль санаачилж өргөн барьсан. Гэхдээ энэ нь Үндсэн хуультай холбоотой асуудал. Үндсэн хуульд шинэ нэр томьёо оруулахын төлөө УИХ-ын гишүүн болгон хууль өргөн бариад байж болохгүй гэдгийг иргэн хүнийхээ хувьд би ухамсарлаж, ойлгож байгаа. Ер нь улсын зэрэглэлтэй хотууд байна гэдэг нь чухал. Орчин үед хотын хөгжлийг чухалчилж авч үзэх болсон. Дэлхий нийтэд хөгжсөн улсууд хотуудаа түшиглэсэн байдаг. Хотод л хөрөнгө хүч, техникийн дэвшил, өрсөлдөөн, нээлт гардаг шүү дээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгүүлч М.Хангал


URL:

Сэтгэгдэл бичих