УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сүүлийн үед “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийн эзэмшлийг худалдах яриа гарах болсонтой холбогдуулан өнөөдөр /2014.11.26/ хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Тэрээр өмнө нь “Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр Ийгл, 25 дугаар суваг телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид тус компанийн талаарх зарим баримт, мэдээллийг тодруулж өгөхийг хүссэний дагуу хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх нь зүйтэй юм гэж үзсэнээ хэвлэлийн бага хурлын эхэнд хэллээ.
“Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлээд харин сүүлийн үед тус компанийн Монголын талын эзэмшил болох 34 хувийг худалдах тухай яригдах болсон нь байж боломгүй асуудал.
Гэрээ байгуулагдаж байх үед Оюутолгойд эзэмших хувийг асар өндөр хүүтэй өр зээлээр авч байгааг баялгийн эзэн монголчууд мэдээгүй, харин бүх баялгийн 34 хувийг шууд эзэмших буюу 34 хувийн роялтийн татвар авах нь гэж ойлгож байсан.
Гэтэл хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаар бид 34 хувиа өртэй, бас хүүтэйгээр худалдаж авсан. Иймээс Монголын тал өөрт ноогдох 34 хувийг худалдахад хүрвэл роялти татварын хэмжээг 34 хувь болгох хэрэгтэй. Үүнээс өөр тохиолдолд 34 хувийн тухай яриа байж болохгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
Энэ үндсэн дээр тэрээр “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийн эзэмшлийн асуудлаар Рио Тинто компанийн удирдлагад хандаж ил захидал илгээж өөрийн байр суурийг илэрхийлэхээр болсон тухайгаа хэвлэлийн бага хурлын үеэр дуулгаад тус компанийн захирлуудын 2013 оны орлого, санхүүгийн тайлан болон Туркойз Хилл компаниас гаргасан 2014 оны гуравдугаар улирлын санхүүгийн үр дүнгийн тайлан зэрэг компанийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой зарим баримт, мэдээллээс сэтгүүлчдэд танилцууллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
URL: