Зургуулаа сууж байгаад гурван хууль баталчихлаа
Сонгуулиар дор хаяж найман суудал авсан нам УИХ-д бүлэг байгуулах эрхтэй болдог. Бүлэг байгуулах босгыг долоо, эсвэл ес биш заавал найман суудал гэж Үндсэн хуульд зааж өгсөн нь ч учиртай. УИХ-ын 76 суудлын арван хувь нь найман суудал. Иймээс улс төрийн зохион байгуулалтад ороход, ямар нэгэн шийдвэр гаргахад УИХ-ын гишүүдийн ядаж арван хувь нь оролцож байх ёстой гэж үзсэн хэрэг. Гэвч Үндсэн хуулийн энэ үзэл санаа энэ парламентын өнгөн дээр утгаа алдаж байх шиг ээ. Мэдээж бүлгүүдийн хувьд бүгд наймаас дээш суудалтай. Харин Байнгын хороодын хувьд асуудал арай өөрөөр явж байна. Уг нь бүх Байнгын хороо бараг 20 орчим гишүүнтэй ч асуудал шийдэхдээ парламентын 10 хувьдаа ч хүрэхгүй ирцтэйгээр хуралдах болов. Хамгийн ойрын жишээ бол өчигдөр хуралдсан Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан байлаа.
Тус Байнгын хороо 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Дор хаяж 10 гишүүн нь хуралд оролцож байж ирц нь бүрдэх учиртай. Нийгэм, боловсрол, шинжлэх ухаан гээд хамгийн өргөн хүрээг хамарсан чухал салбарыг хариуцаж буй мэргэжлийн Байнгын хороо гэхэд энэ тоо ч уг нь чамлалттай. Гэвч өчигдөр ирцэнд 14 гишүүн ороод найм нь хуралдаанаа дундуур нь орхиж, зургаан нь л асуудал шийдэж өнжлөө. Парламент цахим системд шилжиж, Байнгын хороод дээр ч гар өргөж биш, кноп дарж асуудал шийддэг болоод удаж байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат андуурч кноп дараад Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж байсан нь ч үүнийг гэрчилнэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын нэгдсэн чуулганы нэгэн адил Байнгын хороод ч кнопоор асуудлаа шийддэг болсон гэсэн үг. Хуулиараа гишүүд картаа уншуулж ирцэнд орсон бол хуралдааныг орхиж гарахад эсрэг санал өгсөнд автоматаар тооцдог. Гэтэл өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо эхэлж хэлэлцсэн Гэр бүлийн тухай хууль дээр боломжийн ирцтэй байсан бол Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг ердөө зургаахан гишүүнтэй хэлэлцлээ.
Байнгын хорооны дарга Д.Батцогтоос гадна төсөл санаачлагч С.Эрдэнэ, гишүүн А.Тлейхан, Г.Баярсайхан, Ц.Оюунгэрэл, Д.Сарангэрэл нар л хуралдав. Хамгийн сонирхолтой нь санал хураалт явуулахад танхимд зургаа, самбар дээр 14 гишүүн гарч, 13 нь уг төслийг УИХ-аар хэлэлцье гэсэн мэргэжлийн Байнгын хорооны дүгнэлт гаргадаг юм байна. Өөрөөр хэлбэл, зургаан гишүүний тав нь хоёр, нэг нь гурван кноп зэрэг даржээ. Нэг ёсондоо долоон гишүүний бүрэн эрхийг зургаан гишүүн өмнөөс нь эдлэв.
Дараагийн хэлэлцсэн асуудал нь Соёлын тухай хуулийн өөрчлөлт байв. Байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүн ингэхэд өөрчлөгдлөө. А.Бакей, Л.Эрдэнэчимэг нарын гишүүд танхимд нэмж орж ирсэн бол А.Тлейхан зөрж гарсан. Телевизүүдийн эфирт эзлэх үндэсний нэвтрүүлэг, киноны хувийг 50 хувиар тогтоох агуулгатай энэ төсөл багагүй маргаан дагуулсан. Хоёр киноны нэг нь Монгол байх ёстой гэсэн энэ өөрчлөлтийг дэмжих боломжгүйгээ Д.Сарангэрэл гишүүн мэдэгдэв. Тэрээр энэ хууль амьдрал дээр хэрэгжих ямар ч боломжгүй гээд “Солонгос зэрэг гаднын киног гаргах гэсэндээ биш, угаасаа монгол кино нь хомс” гэдгийг хэлж байв. 40 ангит кино дор хаяж 400 сая төгрөгөөр бүтэх учраас ийм хууль гарахад хэрэгжүүлэх боломжгүй гэж байлаа. Харин төсөл санаачилсан Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэл оруулж ирсэн төслөө хамгаалж, янз бүрийн л тайлбар өгсөн. Хамгийн сонирхолтой нь санал хураалт байв. Өмнөх асуудлыг нь зургуулаа сууж байгаад “эвтэй” шийдчихсэн Байнгын хорооны гишүүд энэ удаад бие, биеийнхээ өмнөөс кноп дарж болохгүй гэж нэгэндээ хууль “заадаг” юм байна. Хурлаа дундуур нь орхиод гарсан З.Баянсэлэнгийн кнопыг Д.Сарангэрэл нь даруулахгүй гэж, Ц.Оюунгэрэл нь дарах гэж бараг барилцаж авлаа. Уг нь хуулиараа картаа уншуулчихаад гараад явсан гишүүн эсрэг санал өгсөнд тооцогдох учиртай ч энэ удаад Ц.Оюунгэрэл самбаа гаргаж З.Баянсэлэнгийн кнопыг дарснаар Соёлын тухай хууль Байнгын хорооны босго давсан юм. Уг нь сайд огцруулах, албан тушаал хуваах үед цугладаг шигээ гишүүд ирсэн бол, ирээд хуралдаа дуустал нь суусан бол, суудаггүй юм гэхэд хуулийнхаа дагуу гарч явсан гишүүнийг шууд л эсрэг санал өгсөнд тооцсон бол ийм маргаан хоёр эмэгтэй гишүүний дунд гарахгүй л байлаа.
Ч.ГАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: