ДАРАНГУЙЛАГЧ ДЭГЛЭМИЙН ҮЕИЙН БҮСГҮЙЧҮҮД: Ева Браун
Гуравдугаар Рейхийн фюрерийг ардчилсан замаар сонгосон бөгөөд түүнийг сонгогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байжээ.
Хааныг бараа бологчид дагалддаг бол харин Адольф Гитлерийг царайлаг бүсгүйчүүд хүрээлдэг байв. Тэдний дотор өөрсдийгөө «чонын найз охид» гэж нэрлэн Гитлертэй дотно харьцаатай байж, тогтсон дэг жаягийг зөрчин «даварч» байгаагүй тийм бүсгүйчүүд байсан нь мэдээж билээ. Гитлер ирээдүйн эхнэртэйгээ 1929 онд танилцжээ. Тэдний хувьд энэ түүхэн үйл явдал Мюнхен хотын Шеллингштрасс-50 гудамжинд болсон байна. Энэ гудамжинд фюрерийн цэргийн нөхөр төдийгүй «хувийн гэрэл зурагчин» нь болох Генрих Гоффманы байгуулсан гэрэл зургийн газар болон дэлгүүр байдаг байсан бөгөөд тэнд Ева Браун худалдагч хийдэг байжээ. Библийн судрын Ева гэдэг нэртэй, цайвар үстэй, 17 настай энэ охин Гитлерийн харцыг улам бүр булаасаар байв. Фюрер тухайн үед ахтай нь жил орчим хамт амьдарч байсан Гели Раубаль гэдэг бүсгүйд дурласан байжээ.
Гитлер өөрөөсөө 23 насаар дүү Мюнхен хотын нэгэн сургуулийн багшийн охин Еватай ямагт хамт байхыг хичээдэг байлаа. Харин Ева Гитлерийг мөрөөдөж байсан нь эцэг болоод том эгч Ильзатайгаа үл ойлголцох байдалд хүргэжээ.
Гитлерийн нарийн бичгийн дарга Криста Шрёдер «Тэрбээр миний дарга байсан» гэдэг дурсамждаа Гели Раубалийг нас барснаас хагас жилийн дараа фюрерийн найзууд түүнийг сэтгэл санааны хямралаас хэрхэн аварсан тухай өгүүлсэн байна.
Гоффман Гитлерийг Ева Браунтай «цэвэр тохиолдлоор» уулзуулахын тулд фюрер Гелиг зайрмагаар дайлан болздог байсан кинотеатр руу нь дагуулан явдаг байв.
1930-аад оны эцсээр тэдний харьцаа улам бүр гүнзгийрсээр байлаа. Хосууд өдрийн цагаар кино үзэж, «Остерия Бавария» гэдэг зоогийн газарт хооллон, дуурь үзэн агаарт гардаг байжээ. Харин Гоффманы дур булаам сайхан биетэй охин Генриеттагийн өөрийн өрсөлдөгч болох Евагаас хайртай эрийгээ булаах оролдлого нь бүтэлгүйтсээр байв. Хожим нь Генриетта гитлерюгенд буюу фашист залуучуудын байгууллагын удирдагч Бальдура фон Ширахтай гэрлэжээ. Генриетта Евагаас гурван насаар эгч байсан бөгөөд Гитлер найзынхаа охинтой дуртайяа зугаалж, түүнийг музей үзэхийг урьдаг байсан боловч түүнтэй харьцахдаа «үл үзэгдэх хязгаарыг» хэзээ ч давдаггүй байв.
Гитлер Гели Раубалийн тэвэрт шөнийг өнгөрүүлэхдээ «ахад нь өөртэй нь уулзахыг хүсдэггүй найз бүсгүй байдаг гэдгийг маш сайн мэддэг байсан» гэж түүхч Вернер Мазера ярьжээ. «Гели Раубаль Гитлерт хайртай байсан бол фюрер Ева Браунд талтай байсан. Хоёр бүсгүй хоёулаа бие биеийнхээ тухай мэддэг байсан бөгөөд тэд адилхан шаналж, үүнийгээ өөр өөрийнхөөрөө илэрхийлдэг байв. 1931 оны есдүгээр сард шаналал гутралаасаа болж Гели Раубалийг амиа хорлосны дараа Ева Брауны үе ирсэн бөгөөд тэрбээр энэ явдлыг өөртөө хэрхэн ашигтайгаар эргүүлэхийг маш сайн мэдэж байсан юм. Ева сэтгэл санааны хямралд орсон Гитлерийн хайрыг өөртөө бүрэн татаж чадсан» гэж намтар судлаач өгүүлсэн байна.
1932 оны эхээр Ева Браун Гитлерийн нууц амраг болсон бөгөөд эгчдээ захидал бичихдээ Германы Канцлераар хараахан сонгогдоогүй ердөө намын удирдагч байсан түүнийг «фюрер» гэж нэрлэдэг байжээ.
Гели Раубалийг амиа хорлосны дараа тэдний харилцаа хэсэг хугацаанд хөрлөө. Гелигийн үхэл фюрерт сэтгэл санааны хүнд цохилт болжээ. Харин энэ үед Браун цөхрөнгөө барсан арга хэрэглэхээр шийдсэн байна.
Раубалийг амиа хорлосноос 15 сарын дараа буюу 1932 оны арваннэгдүгээр сарын 1-нд Ева Адольфт хандан хагацлын үгтэй захидал бичиж, эцгийнхээ гар буугаар өөрийгөө буудаж амиа хорлохыг оролджээ. Энэ бүхний талаар сайн мэдэх нарийн бичгийн дарга Шрёдерийн ярьснаар, Еваг амиа хорлохыг оролдсоны дараа Гитлер түүнтэй Генрих Гоффманы Вассербургерштрасс гудамжин дахь байшинд уулзсан байна.
Гитлер Германы Канцлераар сонгогдсоныхоо дараа Еваг засгийн газрын лимузин машинаар Баварийн нийслэл болон Берхтесгаден хот дахь тансаг сууцнууддаа хүргэж өгдөг байв. Фюрерийн нууц амрагийн хувцсыг Парис, Ром хотод захиалан оёулдаг байсан бол харин гутлуудыг нь загвар зохион бүтээгч Ферагамо хийдэг байжээ. Ева өдөртөө хэд хэдэн удаа даашинзаа сольдог байсан гэнэ.
Тэрбээр зугаалах үедээ Штази, Негуса гэдэг скотчтерьер үүлдрийн нохойгоо дагуулан явдаг байжээ. Бас зана шувуу тэжээдэг байснаас гадна зурагт сэтгүүл, гэмт хэргийн сэдэвтэй зохиолуудыг уншиж, пянз сонсон шинэ кино үзэх дуртай байв.
Фюрер том хөхтэй хүүхнүүд рүү харц чулууддагийг нь мэддэг Ева нусны алчуураа хөхөвчиндөө хийдэг байсан гэнэ. Охид иймэрхүү «заль» хэрэглэх нь хааяагүй байдаг билээ. Гэхдээ Ева өөлөхийн аргагүй сайхан биетэй байсан юм. Браун хүүхэд байхаасаа усан спорт, гимнастик, цанын спортоор хичээллэж, тэшүүрээр гулгахаас гадна цэнгээнт бүжиг сонирхдог байв. Гитлерт хамтран амьдрагч, эсвэл эхнэрийн аль аль нь ч биш зөвхөн залуухан бүсгүйн бие л хэрэгтэй байжээ.
«Тэр надад хайртай гэж хэлэх үедээ л тийм дүр исгэдэг» гэж Ева Браун 1935 оны гуравдугаар сарын өдрийн тэмдэглэлдээ бичсэн байна.
Раубалийг амиа хорлосны дараа Гитлер илүү болгоомжтой болж, нууц амрагуудаа олонд мэдэгдэхгүй байхыг хичээдэг болжээ. Ева өөрийн эрч хүчийг тэтгэхийн тулд гимнастикаар хичээллэж, «Бергхоф»-т байнга очдог байв. Гэхдээ «фюрерийнхээ» зургийг өмнөө тавин гансран суух нь олонтаа байв. Фюрер гэр бүлийн амьдралын үнэ цэнийг маш доогуур үнэлдэг болохыг Ева өнгөрсөн 15 жилийн хугацаанд ойлгосон нь энэ ажээ.
Гитлер амьдралдаа зөвхөн гурван эмэгтэйг л маш ихээр хүндлэн хайрладаг байсан гэж судлаачид үзэж байна. Тэд бол түүний ээж, Гели Раубаль, Ева Браун нар юм. «Ева Браун түүнд боол мэт үнэнч байсан хэдий ч хэрвээ дайн болоогүй бол Гитлер түүнээс салах байсан» гэж Гитлерийн Мюнхен хот дахь жасын нярваар ажиллаж байсан хатагтай Анни Винтер дайны дараа өгсөн мэдүүлэгтээ ярьжээ.
Эмэгтэйчүүдэд тэр дундаа Ева Браунд Гитлер хэрхэн ханддаг байсан талаарх хамгийн үнэн зөв баримт бол 1935 оны хоёрдугаар сарын 26-наас тавдугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд бичсэн Ева Брауны өдрийн тэмдэглэл юм гэж түүхчид үздэг байна.
Амьдралынх нь сүүлийн жилүүдэд Гитлерийг элдэв өвчин зовлон ороон, ажлын ачаалал нь хэтэрч, дайны талбарт ээлж дараалан ялагдал хүлээж байсны улмаас түүний «эр хүнийх нь чадавхи» нь суларсаар байв. Харин Ева фюрерийн бэлгийн чадавхийг дээшлүүлэхийг эмч нараас аминчлан гуйдаг байжээ.
1945 оны дөрөвдүгээр сарын 29-ний шөнө Гитлер амиа хорлохоор шийдсэн байна. Мөн эл өдөр түүний хуримын ёслолыг үйлдэх байрыг бэлдэж эхэлжээ. Ойр байгаагаар нь хотын зөвлөх болон Берлин хотын гэр бүлийг бүртгэх товчооны ажилтан Вальтер Вагнер нарыг фюррер, Ева Браун нарын гэрлэлтийг бүртгэх ёслолын гэрч болохыг хүссэн байна.
Шинээр гэр бүл бологсдын хүсэлтээр хуримын ёслолыг дайны үеийн хуулийн дагуу үйлджээ. Өөрөөр хэлбэл маш хурдан гэсэн үг юм.
Сүйт бүсгүй болон сүйт хархүү нар гэрлэлтийн баталгаан дээр гарын үсэг зурах болоход Ева өөрийн эцгийн овгийг оруулж «Ева Гитлер Браун» гэж бичжээ. Дараа нь тэд бага зэрэг дарс ууж, урьд өнгөрсөн явдлыг дурсан ярилцахаар фюрерийн ажлын өрөөнд очсон байна. Гитлер гэрээслэлийнхээ хамгийн сүүлчийн өгүүлбэрийг дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 4 цагт бичжээ. «Миний эхнэр болон миний бие ичгэвтрээр бууж өгөхийн оронд үхсэн нь дээр гэж үзэж байна. 12 жилийн турш ард түмнийхээ төлөө хүчин зүтгэх хугацаанд ажлын өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг байсан энэ өрөөнд бидний цогцсыг шатаахыг хүсч байна» гэсэн нь гурван хувь бичсэн гэрээслэлийн сүүлчийн өгүүлбэр байжээ.
1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд болсон үйл явдлын талаарх гэрчүүдийн мэдүүлэг зарим талаар зөрдөг байна. Ева, Гитлер нар хор ууж амиа хорлосон гэдэг нь хамгийн үнэнд ойрхон бөгөөд учир нь фюрерийн хоёр буу хоёул шалан дээр хэвтэж байсан байна. Тэдний цогцсыг хашаан дотор бензин цацаж, шатаажээ.
Д.Жаргал
URL: