Бөхчүүд ээ, бүгдээрээ сэргээш хэрэглээд улсын цолтой болцгооё

13647_138

Улсын цолтой л болж байвал допингийн асуудал яамай байна гэж бөхчүүд боддог бололтой.
Учир нь жилд л доод тал нь хоёр бөх сэргээш хэрэглэсэн гэх асуудалд орж байгаа нь бөхчүүдэд авч буй допингийн хариуцлага тэгтлээ цочроо өгөхгүй байгааг илтгэх аж.
Өнгөрсөн жил Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, Б.Сугаржаргал нараас сэргээш илэрсэн бол энэ жил шинэхэн начин Д.Адъяабат, Б.Суманчулуун нараас допингийн төрлийн бодис илэрсэнийг МҮБХ-ноос өчигдөр зарлалаа.
Хамгийн анх Монгол Улсын Дархан аварга А.Сүхбатаас сэргээш илэрч байсан гэгддэг. Түүнээс хойш Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Ц.Лхагвасүрэн, улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ц.Сумъяабэйс, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал, өдгөө шинэхэн начингууд болох Д.Адъяабат, Б.Суманчулуун нараас допинг илрээд байна.
Энэ мэт жилийн жилд бөхчүүдээс сэргээш илэрсэн нь тогтоогдсоор байхад бөхчүүд юуны учир цочроо авахгүй, айж ичихгүй, ахин дахин допинг хэрэглэсээр байна вэ гэдэг хачирхалтай.
Үүнийг нэг л зүйлээр тайлж болох аж. Өөрөөр хэлбэл бөхчүүд сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон ч гэлээ улсын цолыг нь хураахгүй, зүгээр л чимэгийг нь цуцлах гэх мэтийн хөнгөхөн арга хэмжээ авдаг нь бөхчүүдэд “яадаг юм” гэсэн итгэл, найдвар төрүүлдэг бололтой.
Тухайлбал Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын тавын даваанд Х.Мөнхбаатар арсланд өвдөг шороодсон улсын начин Ж.Оргил өсөх идэр чимэг нэмж, зургаагийн даваанд унасан Ж.Амартүвшин /шинээр начин цол хүртсэн/ харцага болон дэвшиж, долоогийн даваанд унасан улсын начин Т.Санчирт /Шинээр харцага цол хүртсэн/ заан цол хүртээсэн билээ.
Тэр жилийн наадмаар сэргээш хэрэглэсэн нь батлагдсан Х.Мөнхбаатарын 5, 6, 7-гийн давааг хүчингүй болгож, даваануудыг учраа бөхчүүдэд өгсөн ч гэлээ нэгэнт Монгол Улсын арслан цолонд хүрсэн Х.Мөнхбаатарын хувьд эдгээр давааг хүчингүйд тооцсон нь тийм ч их ач хоблогдолтой биш.
Гэтэл тухайн жил хамтдаа допингийн хэрэгт орсон Б.Сугаржаргал улсын начин цол хүртсэн байхад улсын цолонд хүрсэн 5-ын давааг нь хүчингүй болгохын оронд зургаан сар л барилдах эрхийг нь хассан байдаг.
Ингээд үзэхээр Баяр наадмыг зохион байгуулах салбар хорооныхон дэндүү өрөвчхөндөө ч тэр үү, бөхчүүдийн улсын цолыг хурааж зүрхэлдэггүй бөгөөд ихдээ л чимэгийг нь хураан, хариуцлага тооцсон дүр үзүүлдэг нь бөхчүүдийг өөхшүүлсээр байна.
Энэ жил сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөхийн ч улсын цолыг хураахгүй нь ойлгомжтой бөгөөд мөн л зургаан сараар барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргах биз ээ.
Тухайн жилд сэргээшийнхээ хүчээр улсын цолонд хүрсэн нь ойлгомжтой байхад начин ч байж, арслан ч бай, тэрхүү илт давуугаар барилдан хүрсэн өндөр цолыг нь хураахад юуны буруу байх билээ.
Хэрэв сэргээш хэрэглээгүй бол эдгээр бөхчүүд улсын цолонд хүрээ ч бил үү, үгүй ч бил үү. Тийм бол жил болгон бөхчүүд бүгдээрээ сэргээш хэрэглэдгээрээ хэрэглэж, улсын цолонд хүрцгээе л дээ. Тэгээд допингийн шинжилгээний хариу ирэхэд сэргээш хэрэглэсэн нь нотлогдсон байлаа ч яадаг юм. Нэгэнт л улсын цолтойгоо үлдэхээс хойш тэрхүү сэргээш хэрэглэсэн гэх муу нэр ч яамай байна аа.

Эх сурвалж: mongolcomments.mn


URL:

Сэтгэгдэл бичих