Авто замын “дайн” үргэлжилсээр байх уу…

ЗАМӨнөөдөр зам тээврийн ослоор амь үрэгдэгсдийг эргэн дурсаж, энэхүү “хар тахал”-аас үүдэн гарах хор хохирлоос жолооч, явган зорчигчдыг сэрэмжлүүлэх өдөр. Зам тээврийн ослын улмаас дэлхий дээр жил бүр 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн тахир дутуу болж байгаа тоо баримт бий. Монгол Улсын хэмжээнд сүүлчийн 15 жилд гэхэд ганцхан энэ л шалтгааны улмаас 5041 хүн алтан амь насаараа хохирч, 11020 хүн эд эрхтний гэмтэл аван тахир дутуу болсон байх юм.

Тэгвэл зөвхөн нийслэлд 2014 оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн ослоос үүдэн гарсан хохирлын тоо баримтыг сөхөж харъя.

Нийслэлд бүртгэгдсэн  зам тээврийн ослын улмаас 122 хүний амь нас хохирч, 4193  хүн  гэмтэл, бэртэл  аван, иргэн аж ахуйн нэгж байгууллагад 4 тэрбум  34.1 сая төгрөгийн  хохирол учирчээ. Нийслэлд цагдаагийн  байгууллагад иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас эхний есөн сарын байдлаар 221186 гомдол, мэдээлэл ирүүлсний дотор 15383 буюу 6.9 хувь нь замын цагдаагийн газарт зам тээврийн ослын холбогдолтой гомдол мэдээлэл ирсэн байна.

2014  оны эхний есөн сарын байдлаар нийслэлд зам тээврийн ослын холбогдолтой дуудлага 72410 хүлээн авсныг урьд оны мөн үетэй харьцуулахад 19649 буюу 37.2 хувиар  өссөн байна. Нийслэлд 15382 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 792-т эрүүгийн хэрэг үүсгэгдэн, 3239-г эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж 10994 ослын холбогдогчид  захиргааны арга хэмжээ авч, 15-г харьяаллын дагуу шилжүүлэн хуулийн хугацаанд 472 гомдол мэдээллийг шалгаж байгаа талаар Замын Цагдаагийн газраас мэдээлж байгаа.

Тоо баримтаас үзэхэд долоо ба наймдугаар сард хүний амь нас хохирсон зам тээврийн ослын гаралт хамгийн их байна. Энэ саруудад амралт зугаалгын үе таардаг, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжгүй байдлаас болдог, наймдугаар сард орон нутгаас хот руу чиглэсэн хөдөлгөөн ихэсдэг зэрэгтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа.  Мөн Нийслэлд амь насаа алдаж буй хүний дийлэнх хувийг явган зорчигчид эзэлдэг байна. Зам тээврийн ослын хохирогч болсон явган зорчигчдын хувьд явган хүний зориулалтын гарц, тэмдэг тэмдэглэгээг анзаардаггүй, зам хөндлөн гарахдаа гарцаар гардаггүй, улаан гэрлээр зам хөндлөн нэвтэрдэг, согтуу үедээ авто замын зорчих хэсэгт нэвтрэн, жолооч нарын хөдөлгөөнд саад болох, улмаар эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал их байдаг аж. Мөн сургуулийн бага насны хүүхдүүдийг харж, хандах хүнгүйгээр өөрт нь даатган орхидог нь тэднийг зам тээврийн ослын хохирогч болгох нэгэн шалтгаан болдог.

Дахиад л сэтгэл өвдөм тоо баримтууд. Зам тээврийн ослын улмаас нас барсан 122 хүн, гэмтсэн 4193 хүний замын хөдөлгөөнд оролцож байсан байдлыг авч үзвэл:

  •     Явган зорчигч – 80 нас барж  2837 гэмтсэн
  •     Жолооч – 15 нас барж  688  гэмтсэн
  •     Тээврийн хэрэгслээр зорчигч –  26  нас барж,  642  гэмтсэн
  •     Дугуйтай хүн –  26  гэмтсэн
  •     Бусад /гэртээ байсан хүн/ – 1 нас  барсан

Дээрх хугацаанд Нийслэлд авто тээврийн ослын улмаас гэмтсэн 474 хүний 91  буюу  19.2 хувь нь хөнгөн,  248  буюу  52.3 хувь нь хүндэвтэр,  135  буюу 28.5 хувь нь хүнд гэмтэлтэй байх юм.

Гэмтэл авч буй гол шалтгаан нь явган зорчигч тээврийн хэрэгслийн гадна хэсгээс буюу мөргүүлэх үед гэмтэл авдаг бол тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нар нь хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүйгээс үүдэлтэй. Мөн жолооч нар онхолдох, мөргөлдөх үед автомашины жолооны хүрд, хянах самбар, салхины шил, хаалга, цонхыг мөргөснөөс хүнд гэмтэл авч амь насаа алддаг ажээ.

Нийслэлд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан жолооч, тээврийн  хэрэгслээр зорчигчдын тав нь хамгаалах бүс хэрэглэсэн байсан, 27 нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол 19  хохирогч хамгаалах бүс хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй байдаг. Түүнчлэн хүүхдийн хамгаалах бүс, зориулалтын суудал хэрэглэж хэвшээгүй байгаа нь хүүхэд өртсөн хэргийн улмаас тээврийн хэрэгслээр зорчигч 159 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Нас барсан 113  хүн 24 цагийн дотор нас барсан  байхад есөн хүн  30 хоног дотор нас барсан байна.  Нас барсан хүний 21.3  хувь нь эмнэлгийн анхны тусламж авч, 96 хүн эмнэлгийн анхны тусламж авч чадаагүй  гэсэн мэдээлэл бүртгэгдсэн байна.

Зам тээврийн осол гарах бас нэгэн ноцтой шалтгаан нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьснаас үүдэлтэй. Жолооч нар сүүлийн өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол ихсэж байна. Үүний нотолгоо болгож 2014 оны гуравдугаар сарын тоо баримтыг эргэн сөхөхөд:

2014 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд Нийслэлийн замын цагдаагийн газарт зам тээврийн ослын 4992 дуудлага бүртгэгдэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг хүн гэмтсэн осол 237 гарч, 285 хүн гэмтэж, дөрвөн хүн газар дээрээ нас барсан байна. Мөн хүүхэд өртсөн зам тээврийн осол 47 бүртгэгдэж үүнээс сургуулийн өмнөх насны найман хүүхэд, сургуулийн насны 39 хүүхэд гэмтжээ. Согтуугаар замын хөдөлгөөнд оролцож гэмтсэн явган зорчигч 43 бүртгэгдсэн  баримт байх юм.

Дээрх хугацаанд 1704 жолоочийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлж холбогдох арга хэмжээг авсан боловч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан тохиолдол 64 бүртгэгдсэн нь ганцхан сард болсон явдал гэхээр л харуусмаар.

Авто тээврийн ослын нэлээд хэсгийг буюу 10 гаруй хувийг хөдөө орон нутгийн зам тээврийн осол эзэлдэг. Ихэвчлэн хурд хэтрүүлсэн, техникийн бүрэн бус байдалтайгаар замд гарсан, аваарын зогсолт хийхдээ дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээг ашиглаагүй зэрэг шалтгаанаар ихэнх зам тээврийн осол гардаг болохыг мэргэжилтнүүд онцолдог.

Өнгөрөгч оны байдлаар улсын хэмжээнд 41797 зам тээврийн осол гарч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг 2143 гэмт хэргийн улмаас 423 хүн амь насаа алдан, 12823 хүн гэмтэж, иргэд байгууллагад найман тэрбум гаруй төгрөгийн эд материалын хохирол учирсан баримт байх юм. Үүнээс хөдөө орон нутагт нийт ослын 8.7 хувь гарсан ба гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 306 буюу 72.4 хувь, гэмтсэн хүний тоо 556 буюу 43.3 хувь  эзлэж байна.

Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд гарч байгаа нийт зам тээврийн ослын маш бага буюу 10 хүрэхгүй хувийг орон нутагт гарч буй осол эзэлж байна. Гэвч ослоос үүдэн гарах хор хохирол болох нас барсан гурван хүн тутмын хоёр нь, гэмтсэн хоёр хүн тутмын нэг нь орон нутагт гарсан ослоос шалтгаалж байгаа нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсээс хийсэн судалгаагаар тогтоогджээ.

Харин 2014 оны эхний таван сарын байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 596 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.8 хувиар өсөн, 110 хүн амь насаа алдаж, 365 хүн гэмтсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүний тоо 35.8 хувиар, гэмтсэн хүний тоо 26.7 хувиар тус тус өссөн дүнтэй байгаа.

Хөдөө, орон нутагт гарч буй зам тээврийн ослын дотор мотоцикл эзэмшигч нартай холбоотой зам тээврийн осол их байдаг. Өнгөрсөн жилд 100 орчим хүн нас барж, мөн төдий хэмжээний хүн бэртэж гэмтэн, хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр тодорхой төрлийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа боловч орон нутагт, ялангуяа сумдад замын цагдаагийн алба хаагчдын орон тоо маш дутмаг, хэсгийн төлөөлөгч цагдаа нарын хариуцах ажил ихтэйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд хүрэлцээ муутай, орон нутгийн иргэдийн өөрсдийн хариуцлагагүй байдал, эрх зүйн орчин бүрхэг, амьдралд хэрэгжих боломж муутай байдал зэргээс шалтгаалан төдийлэн дорвитой буурсан үзүүлэлт гарахгүй байгаа гэж Замын цагдаагийнхан үзэж байгаа.

Жишээлбэл, 2012 онд мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн осол 371 гарч байсан боловч 2013 онд 330 болж буурсан үзүүлэлттэй байжээ. Гэтэл хэрэг, ослын улмаас нас барсан хүн 2012 онд 112 байсан бол 2013 онд мөн 112, гэмтсэн хүн 2012 онд 187 байсан бол 2013 онд 191 болж 2.1 хувиар өссөн байна. Түүнчлэн албан бус мэдээллээр хөдөө орон нутагт эмнэлгийн байгууллагад хандаж байгаа хүмүүсийн нэлээд хувийг мотоциклиос унаж бэртэж гэмтсэн хүн эзэлдэг бөгөөд тэд ихэвчлэн өөрсдийн буруугаас болж мотоциклиос унаж бэртсэн тул цагдаагийн байгууллагад хандаж шалгуулдаггүй, ахуйн ослын шинжтэй шийдвэрлэгдэж, албан ёсны тоон мэдээнд ордоггүй байх тал ажиглагдаж байна.

Эцэст нь хэлэхэд

Жолооч, зорчигч та бүхэнд өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулахгүйн тулд дараах зүйлүүдийг анхаарахад хангалттай.

  • Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
  • Хөдөлгөөнд оролцогч хэн бүхэн харилцан бие биендээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах
  • Замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг баримтлах
  • Яарсан нэг минут өөрийн чинь амь настай ч дүйцэх аюултайг ухамсарлан санаж байх
  • Явган зорчигч та өөрийн аюулгүй байдлын үүднээс тэмдэг, тэмдэглэгээ бүхий явган хүний гарцаар зам хөндлөн нэвтрэх
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоо барихаас татгалзан, авто замын хөдөлгөөнд оролцохгүй байх
  • Жолооч та авто замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүйн бүсийг тогтмол хэрэглэж занших
  • Улирлын онцлогт зохицуулан автомашиныхаа дугуйг тохируулж байх
  • Автомашинаа тодорхой хугацаанд авто тээврийн үзлэг, оношлогоонд заавал хамруулж байх гэх мэт л цөөхөн зүйлсийг эрхэмлэж байгууштай.

 

Эрхэм жолооч таны аяны алтан шар зам чинь өлзийтэй байг.

 

 

mnb.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 31 October 2014

pruis mashin
mun yy

Сэтгэгдэл бичих