Ерөнхийлөгч эх орондоо ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 3-н хүртэл Украйн, Литви улсуудад тус бүр айлчлаад өчигдөр эх орондоо ирлээ. Украйн улсад хийсэн төрийн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Украйн улсын ерөнхийлөгч В.Януковичтой ганцаарчилсан уулзалт хийсний зэрэгцээ хоёр орны сайд нарыг оролцуулсан өргөтгөсөн хэлэлцээрүүд хийсэн юм. Мөн хоёр орны Ерөнхийлөгч нар хамтарсан мэдэгдэл гаргаж, Монгол Улс, Украйн улсын харилцааг шинэ шатанд авчирч буйгаа мэдэгдэв.
Айлчлалын хүрээнд Монгол Улс, Украйн улстай уул уурхай, боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар болсны зэрэгцээ батлан хамгаалах салбарт ч хамтрахаар боллоо. Тодруулбал, Украйн улсын Засгийн газрын тэтгэлгээр 30 оюутанг сургах болж байна. Мөн Монгол Улс байгалийн арвин их баялагтай бөгөөд түүнийг боловсруулах чиглэлд Украйн улстай хамтрах санал тавилаа. Учир нь тус улс байгалийн баялгийг боловсруулах технологиороо дэлхий дахинд тэргүүлдэг байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 3-ны хооронд Литва улсад зочлов. Тус улсын Вильнюс хотноо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн бага хурал болж, Монгол Улсын Ерөнхийлөгч тусгай зочноор оролцлоо. Мөн Монгол Улс ирэх хоёр жилд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдах болж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Литва улсын Гадаад хэргийн сайд Аудрониус Ажубалисаас энэхүү хамтын нийгэмлэгийг удирдах тугийг гардаж авсан юм.
Түүнчлэн Литва улсын ерөнхийлөгч Даля Грибаускаите уулзаж ярилцлаа. Мөн Монгол Улсын төрийн тэргүүн Вильнюс хотын их сургуульд зочилж, монгол судлаач, эрдэмтэн Ю.Ковалевскийн эрдмийн бүтээлүүдтэй танилцсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус сургуульд зочлох үеэрээ монгол судлалаар оюутан сургах хүсэлт тавьсныг хүлээн авав. Ингэснээр тус сургуулийн зардлаар оюутан сургах боломжтой боллоо.
URL: