Э.Бат-Үүл: АН-ыг улс төрийн золиос болголоо

527-1413855763battuullЕрөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн бямба гаригт МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулсан нь араасаа олон асуудал дагуулж эхэллээ. Талуудыг гэрээг үзэглэснийг олон нийт төдийгүй АН-ынхан ихэд бухимдан хүлээн авч, “Намын нөхөдтэйгөө зөвшилцөлгүйгээр Ерөнхий сайд хувийн тоглолт хийж байна.

Ингэхийг нь мэдсэн бол өөрийг нь огцруулах хуулийн төслийг дэмжиж, гарын үсэг зурдаг байж” хэмээж байв. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд АН-ын дарга Э.Бат- Үүл хэвлэлийнхэнд өчигдөр хандаж, энэхүү гэрээг ихэд цочирдон хүлээн авснаа хэллээ.

Мэдээллийн эхэнд тэрбээр Нийслэлийн АН-ын даргын хувиар мэдэгдэл хийж байгаагаа тодотгосон. Түүний хэлснээр намын дүрэм ёсоор улс төрийн бусад нам эвсэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулахыг эхний ээлжид ҮЗХ-гоор хэлэлцүүлэх ёстой байдаг ч Н.Алтанхуяг сайд хэнтэй ч зөвлөлдөлгүйгээр хувьдаа улс төр хийж байгааг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн, мэдэгдэл гаргаж байгаагаа зарлав.

Энэхүү мэдэгдэлд “Нийслэлийн АН-ын гишүүд, дэмжигчид энэхүү гэрээг цочирдон хүлээж авлаа. Засгийн газарт хамтарч байгаа “Шударга ёс” эвсэлтэй байгуулсан мэтээр ойлгуулахыг улайран зүтгэсэн боловч хачир дээрээ МАХН-тай далдуур улс төрийн тохиролцоо хийсэн байна.

Энэхүү тохиролцоог намынхаа дүрмийг санаатайгаар зөрчиж, жирийн гишүүд, дэмжигчдээсээ нууж хийсэн нь улс төрийн ёс зүйтэй алхам бус, цэвэр хуйвалдааны шинжтэй үйлдэл. Өөрийн суудлаа авч үлдэхийн тулд хийж байгаа увайгүй зан юм. Эрх мэдлээ ашиглан хууль зөрчсөн гэрээ хийсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягт хатуу хариуцлага тооцох болно.

АН-ын байр суурь бол авлигатай тэмцэх Гэтэл “Авлигын загалмайлсан эцэг” гэгдэх хүнтэй гэрээ байгуулсан нь АН-ын шийдвэр биш гэдгийг хэлмээр байна” гэжээ. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Н.Алтанхуяг МАХН-тай гэрээ байгуулахдаа хэнтэй ч яриагүй бөгөөд өөрөө гүйж очиж хувийн шийдвэрээр асуудалд хандсан. Энэ гэрээнд АН-ын эрх ашгийг маш ноцтой хохироосон гурван заалт орсон байна.

Эдгээр заалт нь хууль зөрчөөд зогсохгүй намын дүрэм зөрчсөн. Тодруулбал, гэрээний гуравдугаарт, сонгуульд нэг эвсэл болж оролцоогүй тохиолдолд УИХ-ын сонгуулийн можаритор тойрогт хоёр намын нэр дэвшигч нэг нэгийнхээ саналыг хуваахгүй байх зарчимд нийцүүлнэ гэсэн байна. Өөрөөр хэлбэл, хоёр нам нэг тойрогт гишүүнээ давхцуулж нэр дэвшүүлэхгүй гэсэн үг.

Товчхондоо, МАХН-д тойрог гаргаж өгөөд тэнд нэр дэвшсэн бол манайхаас нэр дэвшүүлэхгүй гэсэн үг. Түүнчлэн хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь уялдуулан зохицуулах буюу сонгуулийн хуулиар сонгуулийн эвсэл байгуулж байна гэсэн үг” хэмээн тайлбарлав.

Мөн тус гэрээний 14 дүгээрт буюу талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн нь маш ноцтой буюу залруулшгүй заалт гэдгийг Э.Бат-Үүл дарга онцолсон. Түүнчлэн “Намын дарга Н.Алтанхуягт ийм эрх байхгүй. Намын дүрмийн 6.4.9.5-д АН- аас бусад улс төрийн намтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг ҮЗХ-гоор батална гэж заасан байдаг.

Гэтэл ҮЗХ хэлэлцэж батлаагүй байхад гэрээ хүчин төгөлдөр байхаар гарын үсэг зурчихсан. Ингэхдээ бүр 2020 он хүртэл. Намын дарга Н.Алтанхуяг сүүлийн үед үнэхээр өөрийнхөө эрх мэдлийг хадгалж үлдэхийн тулд хүний санаанд багтамгүй увайгүй үйлдлүүд хийж байна.

Намын гишүүн байтугай жирийн хүний ч санаанд багтамгүй үйлдлийг хийж байна. Ерөнхий сайдын албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд долоон сайдыг ичгүүр сонжуургүйгээр золиослосон.

Одоо энэ нь явахгүй болохоор АН-ыг улс төрийн золиос болгож байна. Нэг хүний хувийн өмч болчихсон МАХН-ыг үндэсний хэмжээнд зохион байгуулалтад орсон, эрх барьж байгаа намтай эн тэнцүү авч үзэж, гэрээ байгууллаа Гэтэл МАХН, МҮАН хоёр хамтарч эвсэл байгуулсан. Гэтэл энэ гэрээнд эвслийн тухай ямар ч яриа байхгүй. Гэрээг зөвхөн МАХН- тай байгуулсан.

Гэтэл эвсэл бол сонгуулийн хуулийн дөрвөн жилд нэг хуулийн этгээд байдаг. Ийм байхад далдуур Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар хоёр намын нэрийг бариад гэрээ байгуулчихлаа Энэ бол хууль зөрчсөн үйлдэл Дээрээс нь намын дарга эрх мэдлээ хэтрүүлж, намын үндсэн дүрмийг зөрчсөн учраас ийм хариуцлагагүйн дээр намаа улс төрийн ноцтой байдалд оруулсан Н.Алтанхуягтай хариуцлага тооцохыг шаардан мэдэгдэл гаргаж байна” гэлээ.

Цааш нь тэрбээр “Энэ мэдэгдлийг манай намын мянга мянган гишүүн дэмжинэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Хамгийн гол асуудал нь “Авлигатай тэмцэнэ” гэдэг улс төрийн том мөрийн хөтөлбөртэй нам “Авлигын загалмайлсан эцэг” гэгддэг хүнтэй хамтарна гээд гэрээлчихлээ шүү дээ.

Нийслэлийн намын байгууллага МАХН-ыг хэзээ ч дэмжиж ажиллахгүй. Ийм үүрэг авахгүй” гэв. Гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсон гэрээг хүчингүй болгохын тулд холбогдох хуулийн байгууллагад хандаж, цуцлуулах талаар хөөцөлдөнө гэдгийг тэрбээр хэлсэн. Ингээд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

 -Ерөнхий сайд хэдхэн минутын өмнө энэ гэрээний талаар мэдээлэл хийхдээ “Үндэсний Зөвлөлдөх хороотой зөвшилцсөний үндсэн дээр гэрээгээ шинэчлэх шийдвэр гаргасан” гэсэн. Таны хэлж байгаагаар энэ мэдээлэл үндэслэлгүй гэсэн үг үү?

-Ямар ч үндэслэлгүй мэдээлэл. Н.Алтанхуяг намын даргын хувьд ичсэн хүн хүн ална гэдэг шиг зүйл л ярьж байна. Та бүхний харж байгаачлан /гэрээ харуулав/ манай намын дүрэмд “ҮЗХ энэ гэрээг батална” гэж заасан байгаа. Гэтэл МАХН-тай байгуулсан гэрээнд ганцаараа гарын үсэг зурсан.

Намын дүрмийн дагуу ҮЗХ-той ч зөвшилцөөгүй. Тэр ч бүү хэл, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй ч ярилцаагүй байгаа юм. Дүрмээрээ бол Ерөнхий нарийн бичгийн дарга болон Нийслэлийн намын даргатайгаа зөвшилцөх ёстой байдаг ч, ингээгүй. Надтай бол энэ талаар огт ярилцаагүй.

-Ерөнхий сайд ИЗНН-тай бас ийм гэрээ байгуулна гэдгээ хэлсэн. Тэгэхээр ИЗНН-тай ч бас энэ мэт заалттай гэрээ хийж таарах нь?

-Энэ гэрээг харахад ИЗНН-тай дахин үзэглэх орон зай харагдахгүй байгаа юм. Яагаад гэвэл энэ гэрээ хоёр талынх. Зөвхөн хоёр талын намынхан бие биеийнхээ өмнө үүрэг авсан гэрээ байгаа.

-Танай намын фракциуд энэ гэрээний талаар хэр мэдээлэлтэй байна вэ. Хэрхэн хүлээж авч байгаа бол. Үүнээс гадна ҮЗХ-г хуралдуулах талаар мэдээлэл байна уу?

Эрүүл саруул ухаантай л юм бол хэн ч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх. Энэ явдлыг бусармаг үйл явдал гэж хэлэхэд ч багадана. Энэ бол балмад үйлдэл. Энэ гэрээг манай намын ямар ч фракци, ямар ч гишүүн, зүтгэлэн хүлээн зөвшөөрөхгүй гэж бодож байна.

ҮЗХ-г хуралдуулахыг бид шат шатандаа шаардах болно. Харин бидний эрх хэмжээнд нийслэлийн зөвлөлдөх хороог хуралдуулна. Ингэж хуралдсаны үндсэн дээр “Бид энэ гэрээгээр хүлээсэн үүргийг хүлээж авахгүй” гэдгээ албан ёсоор шийдвэрлэнэ.

Нийслэлийн намаас асуулгүйгээр энэ гэрээг үзэглэчихсэн. Арай ч дээ, хэнээс ч асуулгүйгээр гэрээ байгуулаад гарын үсэг зурчихсан байна шүү дээ. Ядахдаа нийслэл, орон нутгийнхаа намын байгууллагаас асуух хэрэгтэй шүү дээ. АН-ыг МАХН-ын барьцаа болгосон гэрээг манай намын гишүүд хүлээж авахгүй гэдэгт итгэлтэй байна.

-Цаашид гэрээг хүчингүй болгуулах талаар хуулийн ямар гаргалгаа байна вэ?

-Энэ гэрээг шүүхэд өгч, хүчингүй болгохгүй бол манай намд маш аюултай том цохилт болно. Авлигатай тэмцэнэ гэсэн нам авлигачийг өөгшүүллээ гэдэг мэдээлэл тархаж байна. Үнэндээ хэлэх үг ч алга, нүүр хийх ч газар алга.

 -Уг н энэ гэрээний талаар 2-3 сарын өмнө яригдаж байсан. Тэр үед та мэдээгүй байсан гэсэн үг үү?

-Ерөөсөө мэдээгүй. Нээлттэй хэлэлцүүлэг болсноос бус ингэж гэрээ байгуулж, батална гэж ерөөсөө яриагүй. Намын зүгээс ямар ч шийдвэр гаргаагүй. Энэ бол АН-ын хувьд ичгүүртэй явдал.

Ийм гэрээг дагаж мөрдөхгүй гэдгээ Нийслэлийн АН хатуу мэдэгдмээр байна. АН-ыг улс төрийн золиосонд гаргаж байна. Н.Алтанхуяг ийм шившигтэй үйлдэл гаргаж байгаад нь АН-ынхан нүүрээ хийх газаргүй болж байна.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих