Гадаад дахь монголчууд төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлэв
-Г.БАЯРСАЙХАН, Б.ГАРАМГАЙБААТАР НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ШААРДЛАА-
Гадаадад суугаа монголчууд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын нийт гишүүдэд шаардлага хүргүүлжээ. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Монгол Улсын үндэсний эрх ашигтай холбоотой хэд, хэдэн асуудлаар санаа зовниж гарын үсэг цуглуулсан гэлээ. Дэлхийн янз бүрийн улсад суугаа 2400 иргэн гарын үсэг зурж төр засагтаа шаардлага хүргүүлж байгаа талаар танилцуулав. Тус шаардлагад “Гадаадад сурч, ажиллаж буй эх орноо гэсэн халуун сэтгэлтэй олон мянган залуучуудын төлөөлөл болсон бидний хэсэг иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1 дүгээр заалтаар баталгаажсан төрийн үйл хэрэгт шууд оролцох, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 14.2 дугаар заалтаар олгогдсон ҮАБ-д хохирол учруулж болзошгүй асуудлаар төрийн зохих байгууллага, албан тушаалтанд санал гомдлоо тавьж, шийдвэрлүүлэх эрхээ эдэлж дараах шаардлагыг та бүхэнд хүргүүлж байна.
Сүүлийн үед Монголын улс төр, нийгэм эдийн засагт гадныханы ноёрхолыг тогтоохын төлөө хэт, улайрсан үйлдлүүд хэрээс хэтэрч буйд Монгол Улсын жинхэнэ эзэд иргэд бид нэн түгших боллоо. Тухайлбал, Монгол Улсын газар нутаг эрдэс баялагийг харийнханд найр тавин олгох зорилготой хэсэг бүлэг хүмүүс, холбогдох хуулиудыг яаравчлан шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулахаар санаархаж буй нь Монгол Улсын Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол ард түмний удмын сангийн аюулгүй байдал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хөрөнгө өмчлөх, эзэмших эрх газар нутаг ард түмний мэдэлд байх, бэлчээр өмчлүүлэхийг зэргийг хориглохыг шаардаж байна” гэв. Түүнчлэн Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулиудыг зогсоох, Хятадын банкийг оруулж ирэх санаачлагийг таслан зогсоохыг шаардаж байна гэлээ.
Мөн Газрын тухай хуулийг боловсруулж, ард иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлсэн ажлын хэсгийн ахлагч, Ц.Баярсайхан, Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар нарыг Монгол Улсын эрх ашгаас урваж, Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, гэмт хэрэг үйлдэхээр завдсанд тооцож, хатуу шийтгэхийг тус тус шаардаж байгаага илэрхийлэв. Энэхүү бичгийг хүлээж авснаас хойш долоо хоногийн дотор багтааж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хариу өгөхийг шаардаж арга хэмжээ аваагүй тохиолдолд Монголд болоод Олон улсад эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Мөн Олон улсын шүүхэд хандана гэв.
medee.mn
URL: