Аль өнгөөр явах нь хувь хүнээс шалтгаална

527-1412326326hurangaa

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагчийн орлогч, Шүхэр десантын ахлах офицер, шүхрийн спортын мастер, дэд хурандаа Н.Баярмагнайг энэ удаагийнхаа    “Хувилбартай асуулт”-ын хойморт урилаа.

-Та ямар улиралд төрсөн бэ?

-Нар, хур тэгширсэн налгар зуны улиралд Завхан аймгийн Баянхайрхан сумын Алтанбулагт төрсөн. Би 7 дугаар сарын 15, хүү 23, ач хүү 10-нд мэндэлсэн. За тэгээд, Үндэсний их баяр наадам гээд 7 дугаар сард манай гэр бүлд баярууд үргэлжлэнэ дээ.

-Сургуулийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцвал…

-Хоёрдугаар ангид байсан санагдана. Манай ангийн С.Ганбат /Цүдээ/ нэг өдөр “тэвэг хийх юм олддоггүй ээ, ядаж соронз олох хэрэгтэй байна” гээд л чухал юм ярьлаа. “Соронз хаана байдаг юм” гэсэн чинь “радионы ард байдаг” гэлээ. “Тэгвэл манай радионд байгаа юу” гэтэл “байлгүй яахав” гээд /Эх орон-52 радионы дараах загвар/ радионыхоо арыг нээгээд “аль нь юм” гэтэл “хутга хүргээд үз, наалдаж байвал мөн” гэв.

Гадаа гаргаж байгаад сүхээр цохиод салгаад авчихлаа. Тэгээд цаасан дээр шороо асгаж соронзоо дороос нь барьж байлдаж тоглодог байв. Маргааш нь хөгшин ээж минь “Радио яагаад дуугарахаа больчихов оо, зай нь суучихсан юм байх даа” гээд л… Тэгж муу Цүдээгийн санаачлагаар хөгшин ээжийнхээ ганц сонсдог юмыг эвдэж билээ.

-Таны хүндэлдэг хүн.

-Жанжин Д. Сүхбаатар, Сансарын нисгэгч Ж.Гүррагчаа нарыг хүндэлж, биширч явдаг.

-Шүтлэг

-Нэг их шүтлэг гээд сүйд болохгүй ч гэсэн жилийнхээ засал номыг айлтгуулж, ойр зуурын сан тавиулаад Бурхан Буддагаа шүтдэг.

-Шүтдэг уул

-Дунд нь амьдарч байгаа дөрвөн сайхан хайрханаа, алдарт Бурхан халдун уул, төрсөн нутгийнхаа Цэцэн хайрхан уулаа шүтдэг дээ. Мөн монгол орныхоо хаана ч явсан тухайн нутгийн уул, усанд идээ ундааныхаа дээжийг байнга өргөж явдаг.

-Таныхаар хайр ямар өнгөтэй вэ?

-Ямар ч хир буртаггүй цав цагаан.

-Бурхан, чөтгөр хоёрт юу захих вэ?

-Бурханд эрүүл саруул энх тунх, элбэрэл хайраар дүүрэн байлгаач гэж, чөтгөрт хэрвээ чи байдаг бол бүү үзэгд гэж захина.

-Та сүнс бий гэдэгт итгэдэг үү?

-Итгэдэг. Зарим санаа муутай, муу үйлдэлтэй, онгироо зантай хүмүүсийн сүнс нь зайлчихсан байдаг байх.

-Дуртай хоол?

-Цуйван бас гурил бүтээж чанасан бүхэл маханд нугасгүй.

-Дуртай дуу?

-Эхийн тухай дуунуудаас уйдахгүй.

-Дуртай спорт?

-Амьдралын минь гол зам болсон шүхрийн спорт, үндэсний бөх.

-Үзэн яддаг зүйл?

-Худал хуурмаг, шудрага бус зүйлд үнэн голоосоо дургүй.

-Хэлэх дуртай үг?

-Мөн ч сайхан байна аа.

-Хобби?

-Ан ав бага зэрэг сонирхдог. 2005 онд улсын хэмжээнд зохион байгуулсан “Чоно авлах” тэмцээнд 3 нөхрийн хамт оролцон 48 цагийн дотор 7 чоно авлаж, тэргүүн байр эзлэж байлаа.

-Та хэр өр нэмгэн бэ?

-Ер нь нимгэн талдаа гэхдээ ажил албаны үед шаардлага өндөр байхыг хичээдэг. Харин сүүлийн үед манайхан намайг ямар зөөлөн болчихов оо гээд байгаа юм. Нас ахиж байгаа юм байлгүй.

-Таны ширээний ном?

-Нэг их ширээний ном гээд сүйд болоод байдаггүй ээ. Одоо миний ширээн дээр Сүх жанжины түүхэн замналын тухай ном, Цэргийн дүрмийн эмхтгэл, Сансар огторгуйн тухай ном байна.

-Баярлалаа гэдэг үгийг хамгийн сүүлд хэзээ хэлсэн бэ?

-Өнгөрсөн долоо хоногт. Энэ сарын 23, 24-нд болсон Шүхрийн спортын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд манайхаас 5 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцоод III байрт шалгарсан юм. Манай хэд ОБЕГ-аас шүхэр гуйж, хүний шүхрээр бор зүрхээрээ амжилттай оролцсон. Тэдэндээ баярлалаа гэж хэлсэн.

-Бухимдсан үедээ…

-Зайлаа… гэж чанга хашгираад ийм зүйл дахиж бүү тохиолдог гэж дотроо боддог.

-Амьдралд хар, цагаан өнгө хэрхэн хосолдог вэ?

-Яг тэнцүүхэн байдаг байх. Харин аль өнгөөр явах нь хувь хүнээс шалтгаална.

-Нээлттэй үлдээе…?

-Баярлалаа, 90 жилийн түүхэн хугацааг цэрэг дайчдынхаа ажил, амьдралтай хамт туулсан “Соёмбо” сониноо хүндэлж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

Түүнчлэн Зэвсэгт хүчний шүхэрчин дайчид, ахмад шүхэрчиддээ эрүүл энх сайн сайхныг хүсэж “Тэнгэр нь цэлмэг, газар нь зөөлөн байх болтугай” гэж ерөөе!

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

Ахлах дэслэгч Д.Мэндбаяр

Эх сурвалж: “Соёмбо” сонин


URL:

Сэтгэгдэл бичих