Монгол улсын Үндэсний аюулгүй байдал “шантаажинд” оров уу

45df3490a7cb6848big
2014 оны 4-р сарын 22-ны өдрийн “Үндэсний шуудан” сонины дугаарт манай улс болон АНУ-ын хооронд байгуулагдаж буй нэгэн хэлэлцээрийн талаар онцлон дурджээ. Хэрэв энэхүү хэлэлцээр батлагдвал манай улсын Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн зарим улс төрчид үзэж байгаа тухай уг сонинд мэдээлснээс улбаалан, энэ ер нь ямархуу учир жанцантай хэлэлцээр болох талаар сонирхон “ухаж үзэх” хүсэл төрснийг нуух юун. Ингээд нарийвчлан танилцаад үзэхэд, тэдгээр улс төрчдийн сэрэмжлүүлэг бас ч үгүй оргүй зүйл биш болохыг тодруулснаа толилуулья.

Улаанбаатар хотноо 2007 оны 3 дугаар сард болсон Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлийн III хуралдааны үеэр монголын тал анх чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг АНУ-ын талд тавьсан аж. Харин АНУ-ын тал Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээ эхлүүлэхийн өмнө чөлөөт худалдааны хэлэлцээрийн салшгүй хэсэг болох “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг эхлээд байгуулах саналыг ирүүлсний дагуу уг хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж,  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрчээ. Улмаар хоёр тал “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-т 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью Йорк хотноо гарын үсэг зурсан байна.

Энэхүү хэлэлцээрийн гол зорилго нь худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр мөрдөж байгаа болон батлан гаргах гэж буй хууль тогтоомжийн талаар хоёр тал урьдчилан мэдээлэл солилцож байх, бизнесийн орчны ил тод байдлыг хангахад чиглэж байгаа гэсэн хэдий ч Монгол улсын хууль, тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл, заалтууд нэлээн байгаа нь асуудал үүсгэж байна.

Юуны түрүүнд, Монгол улсын Үндсэн хуулийн 20.1-д “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, мөн 25.1.15-д “Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах” онцгой бүрэн эрхийг УИХ-д олгосон байдаг. Мөн Монгол улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 10-р зүйлд “Заавал соёрхон батлах гэрээнд дараахь олон улсын гэрээ багтана:

1/Монгол Улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэр, улсын хил болон хүний салшгүй эрхтэй холбогдсон олон улсын гэрээ;

2/Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа олон улсын гэрээ;  гэсэн байна.

Гэтэл энэхүү хэлэлцээрт 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрч, хоёр тал “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-т 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью Йорк хотноо гарын үсэг зурсан байна. Энд үүсч буй асуудал нь, УИХ-ыг ганц байнгын хороо төлөөлөх бүрэн эрхтэй юу?, мөн 2013 онд гарын үсэг зурагдчихсан төслийг 2014 онд УИХ-аар соёрхон батлуулахаар өргөн барьж байгаа нь хуулиар даган мөрдөх ёстой үйл ажиллагааны дэс дараалал алдагджээ гэж хэлж болохоор.

Үндсэн хуулийн 10.4-д заасан “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн зарчмыг энэхүү хэлэлцээрийн зарим заалтууд зөрчиж байна. Уг хэлэлцээрийн дараах заалтуудад хууль, тогтоомж гаргахдаа нөгөө талаасаа /АНУ-аас/ санал авна гэжээ.

 Хуульд өгөх санал гэдэг нь, Үндсэн хуулийн 26.2-т зааснаар “Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна” гэж байгаа. Үүнийг бид ойлгохдоо, иргэд гэдэг нь зөвхөн Монгол улсын иргэд, байгууллага гэхээрээ монгол улсын иргэдийн нэгдлийг хэлж байна гэж үзэж болохоор. Энэ нь аль нэг өөр улс /Жишээ нь, АНУ/ манай хууль тогтоох, шийдвэр гаргах эрх мэдэлд санал өгөх боломжгүй гэсэн үг! Харин хууль бүтээх үедээ гадаад орноос арга зүйн зөвлөмж авахыг хориглоогүй байдаг. Энэ үүднээс харахад, арга зүйн зөвлөмж авах, хуулийн төсөлд өгөх санал авах хоёр тусдаа ойлголт гэж болно. Өөрийн орны хуульд өөр улсаас санал авах нь улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд харшлах зүйл болох нь гарцаагүй.
Хэлэлцээрийн 7.3 заалтыг авч үзье:

Эдгээр заалтуудын дагуу Монгол улс хэлэлцээр хийгч АНУ-ын өмнө өөрийн хууль тогтоомжоос гадна нэмэлт журам дүрмийг баталж мөрдөх, эсвэл өөрчлөлт оруулах үүрэг хүлээж байна. Үүний дагуу бол, ямар хууль, журамд ямар өөрчлөлт, нэмэлт оруулах саналаа Засгийн Газрын зүгээс УИХ-д хамтад нь танилцуулах ёстой аж.
Мөн манай орны шүүх эрх мэдэлд халдаж болохуйц заалтуудыг харъя:

 Энд нөгөө талдаа үзүүлэх нөхцлүүдийг зааж өгчээ. Энэ нь Үндсэн хуулийн 4-р бүлгээр зохицуулагдаж байгаа харилцаанаас үүдэн, Монгол улс аль нэг гадаад оронд бусад улсаас илүүтэйгээр харилцах давуу эрхийг нээж өгөх боломжгүй гэсэн зарчмыг зөрчиж байна. 4.b-д зааснаар, АНУ-ын иргэн, ААН байгууллагад Монгол улсын иргэн, ААН-ээс илүү эрх эдлүүлэхээр оруулсан байна!

Дараах заалтуудад манай улсын төрийн албан ёсны хэл болох монгол хэлийг үгүйсгэсэн мэт харагдаж байна.

Ингэснээр, “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэсэн Үндсэн хуулийн 8-р заалтыг зөрчиж байна. Хэрэв энэ хэлэлцээр ийм байдлаар батлагдвал бусад улс орны зүгээс тухайн орны хэл дээр хуулиа гаргаж өгөх санал ч тавьж болзошгүй юм. Энэ мэтчилэн, маш олон зөрчилт заалтууд байсаар атал энэхүү хэлэлцээрийг манай орны хууль, дүрэм журмуудыг зөрчөөгүй байна хэмээн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин үзэн, батлуулах гэж хичээгээд байгааг юу гэж ойлгох вэ?

Дашрамд дурдахад, саяхан АНУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамны холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийхдээ, хоёр орны хооронд байгуулагдаж буй “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр” нь Монголын талд харьцангуй ашигтай, иймээс энэхүү хэлэлцээрийг батлах нь зүйтэй гэсэн агуулга бүхий зүйлс ярьсан нь бодит байдалд хэр нийцтэй эсэх, мөн уг хэлэлцээрийг хэлэлцэн батлахын өмнөхөн иймэрхүү лобби маягийн үйлдэл хийж байгааг бодолцох нь зүйтэй болов уу.

Дээр жишээ татсан заалтуудаас харахад л, энэхүү хэлэлцээрийг батлуулахгүй байх нь манай орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд сайнаар нөлөөлөх нь дамжиггүй гэж харагдахаар. Тэгээд ч Үндсэн хуулийн 11.1-д “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн” хэмээн заасан байдаг. Иймд төрийн зүгээс энэхүү хэлэлцээрийг нягтлан хянаж, зөв зүйтэйгээр шийдвэрлэх нь үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж буйг илтгэх юм!

 

2014 оны 05 сарын 01

 


URL:

Сэтгэгдэл бичих