Засгийн газар “Эзэн -100″ хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсангүй

uls_540d38222a11a_1Засгийн газраас хэрэгжүүлсэн “Эзэн-100″ хөтөлбөрийн талаар өнөөдөр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Их хурлаас 2014 оны тавдугаар сарын 8-ны өдөр “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дугаар тогтоолыг баталсан. “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэлийн Засгийн газар нийт 70 чиглэлийн ажил хийж гүйцэтгэхээр амлалт авчээ. Үүнээс 18 чиглэлийн ажлыг хагас дутуу хэрэгжүүлж,16 чиглэлийн ажлыг  дөнгөж эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээж, эрчимжүүлэхээр тавьсан зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлж чадаагүй байна. Энэ нь Засгийн газар “гэрийн даалгавар”-аа туйлын хангалтгүй биелүүлжээ гэсэн үг юм. Тоо худал хэлэхгүй. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг Үндэсний статистикийн хороо болон Монголбанк, Сангийн яамнаас 2014 оны наймдугаар сарын 1-ний байдлаар гаргасан албан ёсны мэдээлэл дээр тулгуурлан хэрхэн өөрчлөгдсөнийг цөөн хэдхэн баримтаас харцгаая.

Бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд 18 чиглэлийн ажил хийхээр төлөвлөсөн нь 41,6, уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр 13 ажил төлөвлөсөн нь 34.6, барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх зорилгоор 12  ажил хийхээр төлөвлөсөн нь 58.3, аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор найман ажил хийхээр төлөвлөсөн нь 37.5, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 11 ажил хийхээр төлөвлөсөн нь 27.3, төсөв, мөнгөний бодлогын хүрээнд найман ажил ажил хийхээр төлөвлөсөн нь 25 хувийн биелэлттэй байна. Өөрөөр хэлбэл, салбар тус бүрээр хийнэ гэж ард түмэнд амласан ажлын аль нь ч 50 хувийн биелэлттэй болж чадсангүй гэж МАН-ын бүлэг дүгнэв.

17.5 хувийн өсөлттэй байсан эдийн засаг “Эзэн-100″ хэрэгжүүлэх
хугацаанд  5.3 болж буурлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ажлаа авахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.5  хувьд хүрсэн байв. Харин энэ өсөлт  жил, улирал, сар дараалан буурсаар 2013 онд 11.7 хувь,  энэ оны эхний хагас жилийн байдлаар  5.3 хувь болж, шинэчлэлийн гэх Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлж байсан үеийнхээс  даруй 3.3  дахин буурчээ.

Инфляц улам бүр өндөр авч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.9 хувьд хүрч инфляцийн өсөлтийн дарамт эдийн засагт заналхийлж эхэлсэн байна. Монгол Улс  инфляцийн түвшингээр дэлхийд эхний арванхоёрдугаарт бичигдэж, сүүлийн 20 жилд байгаагүй муу түвшинд хүрсэн байна. Энэ нь сүүлийн хэдэн жил дайн байлдаантай байгаа Сири, Судан, Иран зэрэг улсуудын түвшинтэй ижил байгааг эдийн засагчид анхааруулжээ.

“Эзэн 100″ хөтөлбөр хэрэгжих хугацаанд иргэдийн худалдан
 авах чадвар эрс муудлаа

Иргэдийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ  өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10.6-177 хувь хүртэл нэмэгджээ.  Тухайлбал,

 

Өргөн хэрэглээний бараа “Эзэн-100” эхлэх үеийн үнэ “Эзэн-100” дуусах үеийн үнэ
Атар талх 850 төгрөг 1150 төгрөгт хүрч 35,3 хувь
Алтан тариа 1-р гурил 800 төгрөг 1180 төгрөгт хүрч 47,5 хувь,
Цагаан будаа 2200 төгрөг 2650 төгрөгт хүрч 20,5 хувь
Элсэн чихэр 1840 төгрөг 2950 төгрөгт хүрч 60,3 хувь
Төмс 950 төгрөг 1150 төгрөгт хүрч 21 хувь

Түүнчлэн орон сууцны үнэ хоёр жилийн хугацаанд 2.6 дахин, “Эзэн 100″ хөтөлбөрийн хугацаанд дунджаар 7.1 хувиар нэмэгдлээ. Оюутны сургалтын төлбөрөө МУИС 13.7, МУБИС 15, ШУТИС 13 хувиар нэмлээ. Мөн оюутны байрны төлбөр 10-40 хувиар өслөө.

Ам.долларын ханшийн өсөлт үргэлжилсээр ханшийн хямрал Монголын нийгэмд нүүрлэв.  Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлж байсан тэр үед ам.доллар 1349 төгрөгтэй тэнцэж байсан бол энэ оны долдугаар сарын байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1871 болж үндэсний мөнгөн тэмдэгт 40-өөд хувиар уналаа.  “Эзэн-100″ хөтөлбөрийг эхлэх үед буюу өнгөрсөн тавдугаар сард 1 ам.доллар 1806 төгрөг байсан нь 100 хоногт 100 төгрөгөөр өсч 1916 төгрөгт ч хүрч ноён доллар галзуурав.

МАН-ын бүлэг бүр жил гаруйн өмнөөс ам.долларын ханшийн өсөлт үргэлжилж валютын ханшийн хямралд хүрэх аюул байгааг анхааруулж сануулсаар байсан ч эрх баригчид олонхиороо түр барин тоогоогүй. Гэтэл  Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын “Ханшийг зохицуулж болно. Инфляцийг удирдаж чадна” гэдэг амлалт биелэх нь бүү хэл салхинд хийссэн нь тодорхой болов.

Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 1.31 тэрбум ам.доллар болж буурсныг Төвбанк мэдээллээ. Энэ нь өмнөх сарынхаас 17.9, өнгөрсөн оны мөн үеэс 57.6 хувиар валютын нөөц доошилсон гэсэн үг. Ийнхүү Н.Алтанхуягийн Засгийн газар 2.8 тэрбум ам.долларын нөөцтэй байсан Монгол Улсын мөнгөний авдрыг хоёр жилийн дотор хоёр дахин багасгаж хоосруулжээ.

“Эзэн-100″ хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаанд бүтээн байгуулалтын ажлууд зогслоо

Энэ онд төсвийн хөрөнгө оруулалтаар 1266.6 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэхээс дөнгөж 37 хувийг нь хийж 792.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй байна. Энэ нь бүтээн байгуулалтын ажил үндсэндээ зогссон болохыг харуулж байна.
Төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 49.5 тэрбум төгрөгийг төлж чадаагүй байгаа нь авсан зээлийнхээ хүүний үйлчилгээг цаг тухайд нь хийж чадахаа байсны нотолгоо юм.

Монгол Улсын гадаад өр 22.1 их наяд
төгрөгт хүрч, дээд амжилт тогтоолоо

Засгийн газрын гадаад өр шинэчлэлийн Засгийн газрыг ажлаа эхэлж байхад 2.5 тэрбум ам доллар байсан бол Монголбанкны гаргасан мэдээллээр энэ оны эхний улирлын байдлаар 4.5 тэрбум ам доллар болж 1.8 дахин өслөө. Монголбанкны гадаад өр энэ хугацаанд 3.9 дахин өсөж 1.04 тэрбум ам.доллар болов. Монгол Улсын дотоод, гадаад өр нийт 22.1 их наяд төгрөгт хүрээд хүрлээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээлийн өрийн хэмжээ энэ оны 7 дугаар сарын эцэст 599.7 тэрбум төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 550.1 тэрбум төгрөг болж өслөө. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд чанаргүй зээлийн хэмжээ 96,7 хувь буюу 294 тэрбум төгрөгөөр, хугацаа хэтэрсэн зээл 6.4 дахин буюу 465 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.  Чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 1.15 их наяд төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.4 хувийг давсан байгаа нь банкны систем дэх эрсдэл эрс нэмэгдэж, манай улсын нийгмийг бүхэлд нь хамарсан өрийн хямрал тулгараад байна.

“Эзэн -100” эхэлснээс хойш 2706 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоов

ҮСХ-ны тайлан мэдээгэр эхний хагас жилийн байдлаар 54,389 аж ахуйн нэгжүүд буюу бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 54,3 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон байна. “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи хугацаанд нийт 2706 аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьсан нь бизнесийн орчин маш их муудсаны илэрхийлэл боллоо. Харин ажилгүй иргэдийн тоо оны эхний 7 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар нэмэгдсэн талаар ҮСХ нийгэм эдийн засгийн тайландаа онцлон дурдлаа.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг хэлсэндээ хүрч Засгийн газартайгаа
хариуцлага тооцох ёстой гэж үзлээ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахалсан Эдийн засгийг эрчимжүүлэх үүрэг бүхий Эдийн засгийн зөвлөл 100 хоногийн ажлын үр дүнгийн талаар “Хариуцлагаас хуваалцахгүй” гэдгээ мэдэгдлээ. Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөл Д.Батмөнх “Дэлхийн бүх улсад эдийн засгийн хямрал тохиож байхад ганцхан бидэнд нүүрлэж байгаа мэтээр дэвэргэх хэрэггүй. Дэлхийн том улсуудын шийдэж чадаагүй байгаа асуудлыг Засгийн газар дангаараа шийдэж чадахгүй” гэж мэдэгдсэнд харамсаж байна.

Шинэчлэлийн Засгийн газраас 100 хоногийн хугацаанд эдийн засгаа сэргээж, ард түмнээ хямралаас гаргана гэж амлаж УИХ-аар батлуулсан “Эзэн-100″ хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсангүй гэж МАН-ын бүлэг болон “АРД-100″ аянг хэрэгжүүлэгчид дүгнэж байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 2014 оны тавдугаар сарын 13-нд “Эдийн засагт эерэг үр дүн гарахгүй бол олонхи өөрсдөө Засгийн газартаа хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн. Тиймээс Ардчилсан намын бүлгийн даргыг хэлсэн үгэндээ хүрч, өөрсдийн байгуулсан Засгийн газртаа хариуцлага тооцох ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Ардчилсан намын бүлэг энэхүү байр сууринаасаа ухарвал МАН хариуцлага тооцох болно.

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн үр дүн

 

 

Гол тоон үзүүлэлт

Эрчимжүүлэх 100 хоног  

Тайлбар

 

Өмнө

/2014-04/

Хойно

/2014-07/

1 Эдийн засгийн өсөлт 7.5% 5.3% Эдийн засгийн өсөлт 2.2 хувиар буурав.
2 Улсын инфляц 12.3% 14.9% Инфляци 2.6 хувиар өсөв.
3 Төгрөгийн хадгаламж /тэрбум төг/ 5740 5553.8 Төгрөгийн хадгаламж 186 тэрбум төгрөгөөр буурч, валютын хадгаламж 109 тэрбум төгрөгөөр нэмэгдэв.
4 Валютын хадгаламж /тэрбум төг/ 1452.8 1562.2
5 Улаанбаатарын ажилгүйдлийн түвшин 5.8% 6.1% Ажилгүйдлийн түвшин нэмэгдэв.
6 Банкны системын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 23.1% 20.7% Банкны системийн төлбөрийн чадварын эрсдэл нэмэгдэж эх үүсвэр хомсдох болсноор банкны хоорондын хүү өсөж байна.
7 Банк хоорондын захын жигнэсэн дундаж хүү 9.6% 10.8%
8 Гадаад валютын нийт албан нөөц /сая ам доллар/ 1821.7 1317.5 Нөөц 450 сая ам доллараар багаслаа.
9 Гадаад худалдааны алдагдал /сая ам доллар/ 93.7 207.6 Гадаад худалдааны алдагдал 114 сая ам долараар нэмэгдэв.
10 Төсвийн алдагдал / тэрбум төг/ 105,6 160,9 Урсгал зардал өссөнөөр төсвийн алдагдал 55,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэв.
11 Урсгал зардал нийт зардлын харьцаа 73.9% 76.6%
12 Төсвийн орлого тасалдал /тэрбум төг/ 347 450 Төсвийн орлого тасалдал 103 тэрбум төгрөгөөр өслөө. Үүнээс ААН-ийн орлогын албан татвар 27.4 тэрбум төгрөгөөр, дотоодын бараа үйлчилгээний татвар 107.2 тэрбум төгрөгөөр, гадаад худалдааны татвар 11 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
13 ААН-ын татварын орлого тасалдал /тэрбум төг/ 64.2 91.6
14 Дотоодын бараа үйлчилгээний татварын орлого тасалдал 94.1 201.3
15 Гадаад худалдааны татварын орлого 10.4 21.4

 Энэ бүхнээс дүгнэлт хийгээд үзэхэд өнгөрсөн хугацаанд эдийн засаг эрчимжиж, сэргэх нь битгий хэл улам бүр дордсон  болохыг мэргэжлийн байгууллагагуудын судалгаа харууллаа. Тэгэхээр эдийн засгийг гурван сарын дотор сэргээх “Эзэн-100″ хөтөлбөр нь  эрх баригчдын хувьд цаг хугацаа хожих, засаг бариад хоёр жил болсон ойндоо хүргэх гэсэн шоу байсан нь өнөөдөр батлагдаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих